Хүний наймааны золиос болсон Монголчууд: Бээжинд 120, Хөх хотод 60-70 орчим байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Ашиг орлогоороо хар тамхи, зэвсгийн наймааны дараа орох болсон хүний наймааны гэмт хэрэг хил дамнан далд үйлдэгддэг бөгөөд хохирогчид нь охид, эмэгтэйчүүд байх нь элбэг. Гэмт этгээдүүд тэдний сул талыг ашиглан гадаадад өндөр цалинтай ажилд зуучлах, гадаадын иргэнтэй гэр бүл болгох нэрийн дор бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөр худалдаалж, ашиг олдог төдийгүй зарим тохиолдолд эд эрхтэний донор болгон “нийлүүлсэн” гэх сэрдхийм мэдээлэл байдаг ч манай улсын тухайд яг тэр хүнийг тэр хүнд төдөн төгрөгөөр тийм эрхтэнийг нь зарсан байна гэх баталгаатай мэдээлэл байдаггүй.

Харин амнаас ам дамжсан үлгэр домог мэт зүйлс яригддаг нь ихэнхидээ урд хөршийнхөнтэй холбоотой байдаг. Тухайлбал, эрээнд очсон залууд архи шахаж ухаан мэдрэлгүй болгоод өрөөсөн бөөрийг нь авчихсан байсан, оюутан охины хоёр бөөрийг дээрх аргаар “хулгайлсан” гэх барин тавин мэдээллээс цаашгүй.

Хүний наймааны тухайд золиос болсон хүмүүсийн нэрээ нууцалсан ярилцлага, мэдээллүүд ар араасаа хөвөрдөг ч өмнөх явдлаас сургамж авч өөрийгөө золиослохоос  сэрэмжлэх ухаан зарим охидод үгүй. Тиймдээ ч хүний наймааны золиос болох, бэлгийн мөлжлөгт орсон гэх мэдээлэл тасардаггүй. Өдгөө хохирогч болсон хүмүүсийн тоо ч нэмэгдэж.  

Хууль зүйн яамнаас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан аяны хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого” зөвлөлдөх уулзалтыг өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д зохион байгуулсан.

Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга Б.Дэлгэрсайханы тавьсан илтгэлд дурьдагдсанаар хүний наймааны хохирогч болсон эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь Хятадын муж хотуудад байдаг аж.

Тодруулбал, Бээжинд 120, Хөх хотод 60-70 орчим хүн бий гэсэн судалгаа байна. Мөн Эрээн хот хүн худалдаалах гэмт хэргийн гол бааз болсон гэх. Сүүлийн үед Хятадын зүүн, зүүн өмнөд хэсгийн бүс нутгууд, Турк, Казахстан, БНСУ, Япон зэрэг улсад хүний наймааны гэмт хэрэг ихээр гарах болсныг ч дурьдаж байв.

Зөвхөн албаны хүмүүсийн бүртгэж авсан мэдэгдэж байгаа нь 120, 60-0 гэх тоонууд. Энэ бол тоо шүү дээ. Харин нуугдмал байдал, эвсэл ор сураггүй болсон, ил гарахыг хүсдэггүй, өөрөө эл хэргийг үйлддэг гэх мэтчилэнгээр бүртгэгдээгүй хичнээн хүн байгааг таахын аргагүй.

Ийм байдлаас мултран гарч ирсэн охид хүний наймааны золиос болж бэлгийн мөлжлөгт өртөн амьдарч байгаа бусад охидынхоо тухай мэдээлэл өгч, сэрэмжлүүлэг болгодог хэдий ч манай улс золиос болсон хүмүүсээ суллан авахын тулд ямар арга хэмжээ авдаг нь тодорхой бус. Харийн хүний савраас оргон мултарч консулын газар өөрөө гүйж ирвэл нутаг буцааж тусладаг гэхээс өөр мэдээлэл алга.

Өдгөө хүний наймааны асуудал улам бүр нарийсч цахим ертөнцийг ашиглан биеэ үнэлэгчдийг царай зүс, бие хаа, утасны дугаар, насаар нь танилцуулах явдал ихссэн тул энэ асуудалтай тэмцэхэд бүтэц орон тоо, Элчин сайдын яам, консулын үйл ажиллагааг энэ асуудал руу хандуулах хэрэгтэй байгаа гэдгийг “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого” зөвлөлдөх уулзалтын үеэр албаныхан онцолсон юм.

Харин Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль 2012 оны нэгдүгээр сард батлагдсан. Хэдийгээр хууль хэрэгжээд нэг жил болж байгаа ч гэмт хэргийн шалтгаан нөхцөл буурахгүй байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход Гадаад харилцааны яам, дипломат косулын газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон төрийн бус байгууллагуудын оролцоо чухал хэмээсэн юм. Үүнээс гадна Хууль зүйн яам  эрүүгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд хүн худалдаалах, хар тамхи, мөнгө угаах  зэрэг гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Мөрдөх албыг байгуулах гэж байгаа аж. Ямартай ч дэлхийгээр нэг тарж бутран гэмт хэргийн золиос болж байгаа иргэддээ төр анхаарал хандуулж буй бололтой.

Н.Алтан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top