Налайх дүүрэгт гарсан боом өвчний эцсийн шинжилгээний хариу өчигдөр гарч, малын халдварт боом өвчин мөн болохыг батлагдлаа.
Тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Бүс нуурын хойд энгэр” гэдэг газар зусаж байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Д-гийн хөх зүсмийн 6 настай тугалтай үнээ энэ сарын 21-ний өглөөний 06:00 цагийн орчимд хорогдсоныг урьдчилсан байдлаар боом өвчнөөс шалтгаалсан гэж тогтоогоод байсан. Шинжилгээний эцсийн хариуг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос өчигдөр гаргаж малын халдварт боом өвчнөөр хорогдсон болохыг батлав.
Халдварын голомтын гурван хот айлын дөрвөн өрх 15 хүн /хүүхэд-4, том хүн-11/, 1009 толгой мал байгаа юм. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж, нийслэлийн Мал эмнэлгийн газраас голомтын бүсэд ажиллаж байгаа 30 албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж, гурван хот айлын 1198 тоо толгой малыг вакцинжуулж, 16800 м2 талбайд 80 кг хлорын шохойгоор халдваргүйжүүлэлт хийн, автомашинуудыг ариутган ажиллаж байна.
Түүнчлэн ариутгалын цэгийг Тэрэлж, зүүн аймгууд руу явах замд энэ сарын 23-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн.
Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгын зангилаа, тунгалгын судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Өвчилсөн малаас гаралтай мах махан бүтээгдэхүүн, боомын савханцраар бохирлогдсон хүнсийг дутуу болгож хэрэглэх үед гэдэсний хэлбэрээр өвчилнө.
Халдвар авсан үед халуурах, толгой өвдөх, бие сулрах, дотор эвгүйрэх, хоолонд дургүй болох шинж тэмдгээр илэрч уушиг, ходоод гэдэс, үжил, мэнэн болон арьсны зэрэг эмнэлзүйн таван хэлбэрээр өвчилдөг.
Судалгаанаас харвал нэг өвчилсөн хүн дахин өвчилдөггүй гэх боловч дархлаа үүссэн байдал тогтоогдоогүй байна.
Г.Билгүүн

Сэтгэгдэл ( 0 )