Манай улс 2015 он гэхэд сая жуулчин хүлээн авдаг болно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Манай улс 2011 онд 457 мянга гаруй жуулчин хүлээн авч, салбарын орлого 282 сая ам.долларт хүрсэн нь ДНБ-ий дөрөв орчим хувийг эзэлж байна. Аялал жуулчлалын салбарт улирлын болоод байнгын 25 мянган ажлын байр бий болжээ. Тэгвэл энэ жил жуулчдын тоо буурна гэсэн яриа байна. Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбооны менежер В.Наранбаяраас тодрууллаа.

 

-Энэ онд жуулчдын тоо буурна гэж ярих юм. Та бүхэн жуулчдыг татах ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

 

 -Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, аялал жуулчлалын салбарын тэргүүлэх салбарын нэг болгохын тулд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн компанийнхан ч идэвхтэй ажиллаж байна. Монголд Аялал жуулчлалын үндэсний чуулган зохион байгууллаа. БОАЖЯ энэ талаар ихээхэн анхаарч олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд жил бүр оролцож байгаа. Энэ жил бид Монголоо гадаадад сурталчлахад нэлээд анхаарсан. Өнгөрсөн гуравдугаар сард Берлин хотод болсон үзэсгэлэнд тэндхийн аялал жуулчлалын компанийнхан манай улсыг ихээхэн сонирхож, хамтарч ажиллахаар боллоо. Тэгэхээр энэ жил жуулчдын тоо буурахгүй байх.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд манай улс юуг анхаарах хэрэгтэй вэ?

 

 -Жуулчдыг татахад агаарын тээврийн үйлчилгээ бэрхшээлтэй асуудлын нэг байсан. Цөөхөн онгоцтой, дээр нь манай агаарын тээврийн үйлчилгээний тариф өндөр гэж үздэг. Харин энэ жилийн тухайд МИАТ компани олон улсын нислэг хийх хоёр “БОИНГ”, “Изинис эйрвэйз”, “Монголиан эйрлайнз групп”, “Аэро Монголиа” компани нийт есөн онгоц авчирсан. “Монголиан эйрлайнез групп” гадаад руу нислэг хийж эхэллээ. Ийн нислэгийн үйлчилгээ сайжрахын зэрэгцээ үнийн уян хатан бодлого барих болсон нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд үр дүнтэй.

-Манай улс энэ жил хэчнээн жуулчин хүлээж авахаар төлөвлөсөн бэ?


-Жуулчдын тоог жил ирэх тусам нэмэгдүүлэх замаар 2015 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй гэв.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top