Борооны улмаас 2104 мал осгов

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 Өчигдөр уржигдраас орсон хүчтэй аадар борооны улмаас улсын хэмжээнд гурван аймгийн 2104 мал осгож хорогджээ. Тодруулбал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутгаар зургадугаар сарын 25-ны өдөр хүйтэн бороо үргэлжлэн орсны улмаас “Намнан уул”-ын ард зусаж байгаа малчин Д, Г, Э нарын 445 толгой бог мал осгож хорогдсон тухай сумын Засаг дарга н.Ганхуяг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Урт шувуут, Бумбат, Бургалдай, Жаргалант гэдэг газруудаар зургадугаар сарын 24-ний өдрөөс хойш хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж “Шувуутын ам” гэдэг газар зусаж байгаа 16 айл өрхийн 1209 толгой бог мал /хонь 976, ямаа 233/ осгож хорогдсон тухай аймгийн Онцгой байдлын газарт тус тус мэдээлжээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Малчин” багийн нутгаар 24-ний өдрөөс хойш хүйтэн бороо, уулаараа нойтон цас орсны улмаас “Хаяа худаг” гэдэг газар зусаж байгаа малчин 6 малчны 450 толгой бог мал осгож хорогдсон тул аймгийн Онцгой комисс 25-ны өдрийн 17:00 цагт хуралдаж, Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Даваагаар ахлуулсан ажлын хэсэг тус багт ажиллахаар явсан ажээ.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top