Өчигдөр Сүхбаатарын талбай дээр “Цэцгийн баяр-цэцгийн мандал 2012” бүх нийтийн өдөрлөг нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Гадаа хэдий бороотой байсан ч нийслэл хотын ард иргэд үзэсгэлэнд идэвхтэй оролцож, энэ арга хэмжээг сонирхож байсан юм. Энэхүү өдөрлөгийн арга хэмжээг нээж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат үг хэллээ.
“Хүрэлцэн ирсэн цэцэгчид, нийслэлчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод өрнөж байгаа их бүтээн байгуулалт, хот тохижилтын ажлын нэг хэсэг нь хотын цэцэрлэгжилтийн ажил юм. Ногоон хот аяныг тавдугаар сараас хойш 30 гаруй мянган мод, 80 гаруй мянган бут сөөг тарьж нийтдээ 60-аад мянган метр кв талбай зүлэг ногоон байгууламж, 20 гаруй бичил цэцэрлэг байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Одоогийн байдлаар 24 газарт 8000 метр кв талбайд цэцгийн мандлуудыг байгуулсан байгаа. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа нь энэ цэцгийн баярын гол онцлог юм. Манай нийслэлчүүд иргэн албан байгууллагууд орчноо тохижуулах, ногоон байгууламж, цэцэг мод тарих хүсэл эрмэлзэл сонирхолтой болжээ. Энэ сонирхлыг дэмжих зорилгоор цэцгийн баярыг гурван хоног үргэлжлүүлэх юм. Цэцэг усанд дуртай байдаг, тиймээс ч өнөөдөр байгаль дэлхий хур хишгээ хайрлаж цэцгүүдийг маань усалж байна. Гурван хоног үргэлжлэх энэ үйл ажиллагаанд нийслэлчүүд өргөнөөр оролцох боломжтой. Цэцгийн нэгдсэн баярыг манай нийслэлийн зургаан дүүрэг зохион байгуулж нийтдээ цэцэрлэгжилт ногоон байгууллагын чиглэлээр ажилладаг 80 гаруй байгууллага оролцож байна.
Энэ арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Цэцгийн баярын ажлыг анх эхлэж байсантай харьцуулахад энэ жилийн худалдаа борлуулалт эрс нэмэгдсэн. Нийслэлчүүд маань энэ үзэсгэлэн худалдаанаас цэцэг суулгац, үрсэлгээ худалдаж авахаас гадна бордоо болон багаж хэрэгсэл, гарын авлага, зөвлөгөөгөөр хангагдах боломжтой юм. Нийслэлчүүддээ өөрсдийнхөө ажиллаж амьдарч байгаа орчноо цэцэрлэгжүүлэх ажилд гар бие оролцож, хотоо тохижуулахад бодитой хувь нэмэр оруулахыг уриалж байна. Та бүхэндээ баярлалаа” хэмээн нээлтийг эхлүүлсэн юм.
Ийнхүү “Цэцгийн баяр-цэцгийн мандал 2012” өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг даргын захирамжаар Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн төлөө үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа албан байгууллагуудыг шагнасан юм. Мөн UBS телевизийн ногоон ирээдүй төслийн эко элч “Universe best songs” наадмын оролцогчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.
Энэ өдөрлөгийн үеэр “Хайтан” цэцэг клубын тэргүүн Г.Батсүхтэй цөөн хором ярилцлаа.
-Энэ жилийн цэцгийн баярыг хэрхэн бэлтгэсэн бэ? Энэхүү баяр өмнөх жилүүдийнхээс юугаараа ялгаатай байна вэ?
-"Цэцгийн баяр-цэцгийн мандал 2012" өдөрлөгт бид хоёр сарын өмнөөс бэлдсэн. Энэхүү баяр маань олон нийтийг хамарч чадаж байгаагаараа, Сүхбаатарын талбайд анх удаагаа болж байгаагаараа онцлог. Цэцгийн баяр гэдэг нь урьдаас бэлтгэж, сэтгэл гаргаж, энерги шингээж хийж байж сая жинхэнэ баяр болно. Түүнээс зөвхөн худалдаа төдий байвал үзэсгэлэн худалдаа гэдгийн үзэсгэлэнтэй нь байхгүй болно. Саяхан Монголын хамгийн анхны цэцгийн фестиваль зургадугаар сарын 12-нд болсон. Энэ цэцгийн фестиваль нь цэцэг гэдэг ийм сайхан зүйл байдаг гэдгийг мөн цэцгийн баяр, инээмсэглэлийг үнэхээр үзүүлж харуулж чадлаа. Цэцгийг Монголд хөгжүүлэх цаг нь болсон.
-Цэцэг гэж бодоход л хэн бүхний нүдэнд өнгө алагласан сайхан зүйл төсөөлөгддөг. Тэгвэл цэцэг хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-15 жил цэцэг тарьсан хүний хувьд хэлэхэд цэцэг нь хүний сэтгэл санаанд дээд зэргийн эерэг нөлөөтэй бөгөөд хүний эрч хүчийг нэмэгдүүлж, хүнийг хариуцлагатай болгодог. Хүн цэцэг ургамалтай харьцсанаараа хүн хүнээ хайрлах сэтгэлийг авч, ажлын бүтээмж, амьдрах орчин зэрэг бүхий л зүйл нь таатай болдог. Ургамал тарьж ургуулахад заавал мэргэжлийн хүн байх хэрэггүй, тухайн хүний чин сэтгэл байхад л ургамал ургана.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )