Хотын захын хорооллын цэцэрлэгийн хүрэлцээ муу байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь цоожилж үлдээх эсвэл аль нэг нь гэртээ суух хэрэг болдог. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Хужирбулан буюу 23-р хороонд өнөөдөр шинэ гэр цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. Цэцэрлэгийн үүдээр ороход үеийнхээ хүүхдүүдтэй тоглож инээд хөөр цалгисан бяцхан хүүхдүүдийн дуу угтан авлаа. Ашиглалтаас гарсан байсан хуучин цэцэрлэгийн 3 өрөө байрыг засч тохижуулан гэр цэцэрлэгийг байгуулсан байна. Уг анги 30 хүүхэдтэй нэг багш, нэг асрагч багштай аж. Мөн хүүхдээ цэцэрлэгт өгсөн гурван ээж цэцэрлэгийн туслах ажилчнаар орсон баяртай мэдээг цэцэрлэгийн эрхлэгч С. Бямбаахүү дуулгалаа. Заавал олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт харж цэцэрлэг сургуульгүй гэж төсвийн гар харж суухаар өөрсдийн нөөц бололцоон дээрээ тулгуурлан дүүргээс энэ бүлгийг байгуулж өгчээ. Улиастайн 6-р цэцэрлэгийн харъяанд байх уг гэр цэцэрлэгт 3-5 настай хүүхдүүд хамрагдаж байгаа юм. Цэцэрлэгийн асуудлыг улс төржүүлж том болгож суухаар энэ мэт ангийг байгуулсан нь эцэг эхчүүд дүүргийн удирдлагуудад талархаж байлаа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )