Камертон хамтлаг: Урлаг бол караоке биш

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

 Хамгийн ирээдүйтэй, хамгийн урт удаан настай, хамгийн бодитой, хамгийн шилдэг хамтлаг гаргаж ирэх зорилготой “Камертон-2” шоу төслийн ерөнхий шүүгчдээр ажиллаж байгаа Камертон хамтлагийнхантай шоуны 3-р шат эхлэхийн өмнө цөөн хором хөөрөлдсөн юм. Ингээд энэхүү ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

- “Камертон2”-оос төрсөн хамтлаг та бүхнээс илүү амжилттай байж чадах болов уу?

- Болд: Бид сайн хамтлаг төрүүлэхийн төлөө хичээж байгаа. Гол нь уран бүтээлч сэтгэлгээ, урлагт хайртай шинж чанар, сэтгэл зүрхээ урлагт зориулж, бусдын дуулалтаас өөр, өөрийн гэсэн сэтгэлгээтэй, гоё хоолойтой, өвөрмөц, R&B поп чиглэлээр дуулах чадвартай залуусыг олох нь төслийн зорилго юм. Тиймээс биднээс өөр, бидний өрсөлдөгч байх хэмжээний залуусыг хайж байна даа.

- Оролцогчдыг харахад олон зүйл ажиглагдсан байх?

-Ганаа: Телевиз үзэж байгаа хүмүүс мэдэж байгаа байлгүй. Зарим нь биднээс илүү шүүж байгаа байх. Гоё дуулсан хүүхдийг яагаад тэнцүүлсэнгүй вэ гэж асуумаар санагдаж байгаа байх. Бидний тавьсан зорилго өөр, тодорхой хэмжээний шалгуураар шүүсэн болохоор үзэгчдээс уучлалт хүсье. Өөрөөр хэлбэл амьдралын босго буюу нэг ёсны урлагийн амьдралтай нь залгуулж байгаа гэдэг утгаараа шалгуур өндөртэй байгаа. Зүйрлүүлэх юм бол хүн анх хүүхэдтэй болох шиг тийм агуу, гайхамшигтай гоё алхам шүү дээ. Дэлхийд өөрийнхөө үр удмыг тамга дарсан мэт үлдээлээ гэдэг шиг оролцогч хүүхдүүдийн хувьд амьдралдаа асар том алхам хийж байна. Өөрөөр хэлбэл урлагийг эх хүн байлаа гэж үзвэл тэр эхээс төрж байгаа хүү гэдэг утгаараа босго өндөртэй байгаа. 

- III шатны оролцогчдоос хамгийн гол нь юу үзүүлээсэй гэж хүсэж байна вэ?

-Ганаа: Онцлог, хамгийн гол нь онцлог. Шүүлтэн дээр дуулалтаас гадна бидний анхаарч байгаа зүйл бол зан хүмүүжил, ёс суртахуун, тайзны соёл гээд бүх юмыг давхар харж байгаа.

- Болд: Энэ шатны гол онцлог бол багийн тоглолт. Энэ хүүхдүүд багаар ажиллах, бие биенийхээ дуулалтыг гаргах, найруулгаа хийх, бүжиглэх, өгөгдсөн дуун дээр ажиллах, сонирхолтой хэлбэрээр дуугаа хүргэх гэдэг нь гол шалгуур. 

- Хүн алхам тутамдаа суралцдаг шүү дээ.  Оролцогчдоосоо “сургамж” авсан байх?

- Ганаа, Мээдээ, Эба: Зөндөө.

- Мээдээ: Зөндөө шүү дээ. Бидний 1995 онд хамтлаг болж гарч ирээд өнөөдөр 17 жилийг үджээ. Манай хамтлагийг байгуулагдах үед төрсөн хүүхдүүд ч шоунд оролцож байгаа. Үнэхээр цаг үеэ дагаад ур чадвар, дуулалтаараа гайхашруулж байгаа оролцогч ч байна. Гуравдугаар шатанд үлдсэн хүн бүр өөрийн гэсэн онцлог, давуу талтай. Бид эргээд тэдэндээ шүүгч биш, хамтрагч зөвлөгч нь болох бодолтой байгаа. 

-Та бүхний хувьд уран бүтээлээр эргэн нэгдэж байна уу?

- Болд: Тэгэлгүй  яахав. Бид залуу үеэ дэмжихийн зэрэгцээ өрсөлдөгчөө төрүүлж байна.  Удахгүй Камертон хамтлаг шинэ цомог гаргана. Үүнтэй зэрэгцээд манай шоунаас төрөх шинэ Boy band-ийн цомог гарна. 

- Шинэ уран бүтээл, шинэ цомог гэдэг бол Камертон хамтлагийн шүтэн бишрэгчдийн хувьд сайхан мэдээ. Хэрвээ нууц биш бол цомгийн талаар дэлгэрүүлж болох уу?

- Болд: Камертон хамтлагийн 11 дэх бие даасан цомог мэндлэх гэж байна. Бид мэдээж 18 нас дуулахгүй. Өнөөдрийн Камертон сонирхолтой сэдэв илэрхийлэхээс гадна үеийнхээ залуусын хайр сэтгэл, хэв маяг, амьдрал гээд бүхий л зүйлийг дуулна.

- Цомгийн дараа тоглолтоо хийх үү?

-Ганаа: Үзэгч түмэн хүсч байвал бид тоглоно. Бид нараас шалтгаалахгүйгээр үзэгчдээс хүсэлт ирвэл тоглолтоо хийнэ.

- Та бүхний талаар олон мэдээлэл гардаг. Зарим сөрөг мэдээллийн талаар тодруулга хиймээр байна?

- Мээдээ: Бид нар чинь одоо 18,19-тэй хөвгүүд биш 30 гарсан аав нар. Мэдээж бүгд гэр бүлийн амьдралын сайн сайхныг амсаад л явж байгаа. Түүнээс биш хүнээс илүү онцгойроод байх зүйл байхгүй. 

- Ажил эрхлэлтээс эхлээд...?

- Мээдээ: Ажил эрхлэлтийн хувьд сонин сонин салбарт ажиллаж байгаа. Жишээ нь Эба газар тариалангийн салбарт ажиллаж байна. Саяхан тариалалтаа дуусгаад хэд хоногийн өмнө хотод ирсэн. Ганаа минь хөтлөгч болоод хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна. Өмнө нь өөрөө ярилцлага өгдөг байсан бол оролцогчдын дунд орж ярилцлага аваад бусдын санаа бодлыг дамжуулж чадаж байна. Яг үнэндээ багадаа бидэн дундаа хамгийн ярианы баялаг багатай нь байлаа. Гэтэл одоо хамгийн ярианы баялагтай, мэдээлэл ихтэй нь болжээ. Болдоо маань хөгжмийн чиглэлээрээ ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Харин миний хувьд барилгын салбарт орсон. Энэ нь бусдад сонирхолтой санагдсан байх л даа. 

- За одоо хов живийн талаар асууя?

- Мээдээ: Би нэг зүйл хэлчих үү?

-За?

- Мээдээ: Манай “Камертон2” төсөл маань маань зүгээр нэг шоу, телевизийн хөтөлбөр биш, зорилтот төсөл байгаа. Энэхүү төсөлд маань Zindaa.mn сайтын хамт олон нээлттэй ажиллаж, дэмжиж байгаад маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Үзэж амжаагүй “Камертон2”–ын дугаараа Zindaa.mn-ээс үздэг. Мөн танай сайтаар дамжуулан мэдээлэл авдаг, мэдээллүүд нь таалагддаг гэдгийг хэлмээр байна. 

-Ганаа: За бид дөрвийн ямар хов жив байна?

- Эхнэрээсээ салсан, зодоон хийсэн, их зантай гэх мэтээр олон зүйл яригддаг?  

-Эба: Урьд нь бид хамтлагийн уран бүтээлийн хувьд асар завгүй байсан болохоор ярих зүйл ихтэй байсан. Тийм болохоор хов жив биш уран бүтээл ярихыг хүсдэг. Сүүлийн хэдэн жил уран бүтээлээ завсарлачихсан болохоор ярих зүйлгүй сураг алдарсан гэх яриа гарсан байх. Би ямар газар тариалан гэж яриад байлтай нь биш.  Дэмий юм ярьж хүний дургүй хүргээд яахав. 

- Улс төрд орж байгаа гэж яриа гарсан?

- Эба: Би ер нь гарчих байх шүү /инээв/. Одоо ер нь их завгүй явж байна. Улс төрд орохгүй. 

- Ирээдүйд орох уу?

- Хүн ирээдүйг яаж харж мэдхэв дээ. Хэзээ юу болохыг хэн ч мэдэхгүй. Эхлээд хүн хийсэн бүтээсэн зүйлтэй байж бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь их том асуудал юм. Зарим улс хүлээн зөвшөөрөгдөөгүй байж гариг андуураад байх шиг. 

- Ганаагийн хувьд гэр бүлийн талаар яриа их гарч байгаа...

- Хүний амьдралд гэр бүлийн асуудал Чингис хааны үед хүртэл байсан. Мэргэдэд эхнэрээ булаалгаад явж л байсан. Хэрвээ би тухайн үед байсан бол бас л булаалгаад л явах байсан байх. Энэ бол угаасаа хэний ч амьдралд байгаа. Би буруу зүйл хийгээд байна гэж боддоггүй. Гэхдээ залуустаа хандаж хэлэхэд гэр бүл салах нь дэмий. Одоо бол аз жаргалтайгаа учирсан. Хайраар бялхаад л явж байна даа.

- Дуучин хүн хөтлөгч болоход ямар байна вэ?

- Телевизийн хөтлөгч болно гэдэг эхэндээ маш хэцүү байсан. Туршлагажаад ирэхээр сонирхолтой санагддаг болж, одоо миний хобби болсон. Жор мэддэггүй эмчээс зовлон үзсэн  чавганц дээр гэдэг шүү дээ. Муухан сэтгүүлчээс дээр сэтгүүлч болж гэж өөрийгөө тоох болсон. Заримдаа гурван жил ажиллачихаад  дөнгөж сургууль төгссөн хүүхдээс дор байна гэж өөрийгөө голох үе ч байдаг. 

- “Зодоонч” хүн...?

-Мээдээ: Би зодоонч хүн биш. Намайг хүн зодож нүдээд явж байна гэвэл миний дотны хүмүүс гайхна. Намайг хүн зодохоос илүү, зодуулчихаар хүн гэж манайхан хэлдэг. Яахав, нэг удаа дүүг маань хүн дээрэлхээд байхаар нь загнасан юм. Тэрнээс зодолдсон юм байхгүй. 

-Хүний толгой хагалсан гэсэн?

- Мээдээ: Тийм юм болоогүй ээ. 

-Эмэгтэйчүүдтэй ам мурийдаг гэсэн байсан?

- Мээдээ: Жижиг асуудлыг дэвэргэх нь аль ч нийгэмд байдаг үзэгдэл л дээ. Миний амьдралд тохиолдох зүйл л тохиолдсон. Залуу үедээ хандаж хэлэхэд биеэ барьж яваарай гэдгийг хамгийн түрүүнд захимаар байна. Хоёрт болгоомжтой явж байгаарай гэж хэлье. 

-Таныг нямбай гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ хэт өндөр шалгуур тавьдаг гэх яриа байна?

- Болд: Урлаг өөрөө шаардлага өндөртэй байх ёстой. Урлагийг хүн чөлөөт цагаа өнгөрөөж караокед зугаацаж байгаа мэтээр хандаж болохгүй. Тийм ч учраас би энэ төслийг санаачилсан. Миний анхны телевизийн реалити шоу. Дуулж чаддаг хүн болгон дуучин биш, урлаг гэдэг караоке биш гэдгийг энэ шоугаараа харуулахыг зорилоо. Дуучин хүн ямар байх ёстой, урлагийн алтан тайзан дээр яаж биеэ авч явах, хэрхэн өөрийгөө хөгжүүлэх зэргийг заахыг хичээж байна. “B” продакшны хувьд шинэ залуу дуучдыг амжилттай гаргаж ирсэн. Энэ бол бидний амжилт. Одоо тэд цаашид уран бүтээл хийх үү, үгүй юу гэдэг нь өөрсдийнх нь асуудал. Ер нь аливаа урлагийн шаардлага өндөр байх ёстой.

- Хамтлагийн уран бүтээлээс гадна өөрийн бие даасан уран бүтээлээ хийх үү?

- Болд: Хийлгүй яахав. Бүх л ажлаа амжуулна.

- Камертон хамтлагийн уран бүтээлд Монгол поп тодорхой хэмжээний байр суурь эзэлнэ гэж ойлгож болох уу?

- Болд: Камертон хамтлагийн уран бүтээлийн хувьд тогтсон жишгээр цомгоо хийнэ. Өөрсдөө дуунуудаа зохиож, Монгол поп стилиэр дуу гаргана. Гол нь Монгол поп стилийг сайн гаргахын төлөө ажиллаж байна. 

- “Камертон2”-ыг анхнаасаа хүнээ авсан гэх яриа байсан. Энэ талаар?

- Ганаа: Энэ хөтөлбөрөөс гарсан хамтлагийг бид дөрөв сонсох уу, ард түмэн сонсох уу? Бид дөрөв өөрсдөдөө таалагдсан хамтлагаа гаргаж ирээд ард түмнийг хүлээж аваарай гэвэл хэн ч хүлээж авахгүй, бид дөрөв л сонсоно. Энэ яриа бол ахархан бодолтой хүний гаргасан андуу яриа. Бид нар оролцогч нартаа зөв, шударга хандаж байгаа. Шүүгч нь ард түмэн, сонсогч нь ард түмэн, алга таших нь ард түмэн болохоор бид нар тэгж хүнээ сонгоогүй.

- III шатанд таны хүсэн хүлээж байгаа оролцогч?

- Ганаа: Манай дүү оролцож байгаа.

- Хамаатан уу? Хуурай дүү юу?

- Хамаатны дүү. Маргад гэж оролцогч байгаа. Өлгийтэй байхаас нь хүмүүжүүлж өсгөсөн дүү маань /ахын маань хүүхэд/ байгаа юм. Гайгүй оролцоосой л гэж бодож байна. Чухам яаж оролцохыг нь хэлж мэдэхгүй байна. Хоёрт Чингүүн, Замбалгарав, нэрийг нь мэдэхгүй байнаа. Өндөр , бүдүүн хоолойтой нэг залуу байсан. Ингээд нэрлээд байвал олон хүн байна. Тэд нар маань дэмжиж байгаа хүмүүсийнхээ итгэлийг битгий алдаасай гэж хүсч байна даа.

- Цаг гарган бидэнд ярилцлага өгсөн та бүхэнд баярлалаа.

- Баярлалаа.

Ярилцсан: А.Баярмаа

                Д.Төгс


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu