“Гал үндэстэн”-үүд анхны томоохон ялагчаар тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

          “Урт” нэртэй хуулийг тойрсон хэрүүл, маргаан олон сарын турш үргэлжиллээ. Сүүлийн өдрүүдэд харин энэ тухай яриа нэлээд сонирхолтой байдлаар өрнөж буй ажээ. Гол мөрний урсац, эх булаг, ойн нөөцийг алт болон бусад ашигт малтмал олборлогчдын гараар сүйтгүүлэхээс хамгаалж чадсанаараа энэ хууль онцгой ач холбогдолтой л доо. Үүнийг байгалиа гэх сэтгэлтэй хүн бүр ам булаалдан ярьж байгаа. “Гал үндэстэн” холбооныхон болон байгаль экологийн чиглэлээр ажилладаг бусад иргэний байгууллагууд уг хуулийн үндсэн санааг УИХ-ын гишүүдэд хүргүүлж байсан нь саяхан. Улс төрчид тэднийг 100 хувь дэмжээгүй ч Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд тууштай зүтгэсээр “Урт” нэртэй хуулийг нь батлуулж чадсан юм. Энэ хуулийн дагуу гол мөрний эх, ай сав, ойн нөөц бүхий газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт хийж буй компаниудын үйл ажиллагааг зогсоох үүрэг Засгийн газарт оногдсон юм. Гэвч Засгийн газар уул уурхайн компаниудад найр тавин тэдний ажлыг бүтэн жил гаруй хугацаанд зогсоож чадаагүй байлаа. Өөрөөр хэлбэл хуулийг үл тоосон, хуулиа хэрэгжүүлэх санаачлага гаргаагүй нь Засгийн газартай сүүлдээ иргэний байгууллагууд сөргөлдөхөд хүргэж байв. “Гал үндэстэн” холбооныхон өнгөрөгч хавраас тэмцлийн хэд хэдэн хэлбэр сонгосны нэг нь Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн суулт, жагсаал цуглаан зохион байгуулахаас гадна Түнхэл зэрэг газарт хууль бусаар алт олборлож байсан гадаад, дотоодын компанийн техник хэрэгсэл рүү буудаж сануулга өгөхөөс аргагүй болсон юм. Мөн төрийн ордны цонх руу таван удаа нум сумаар харваж байлаа. Засгийн газар бас л хуулиа хэрэгжүүлэх алхам хийсэнгүй. Иймд тэд алтны уурхайнууд  руу морьтон залуусаа илгээж, шаардлагуудаа тавин үйл ажиллагааг нь хүчээр зогсоох хүртэл арга хэмжээ авав. Эдгээр нь зарим дарга нарын дургүйг хүргэж байсан ч гэсэн эх орныхоо онгон байгалийг хэвээр авч үлдэх хүсэл тэмүүллийг хязгаарлах хүч эцсийн дүнд Засгийн газарт олдсонгүй.  Засгийн газрыг шүүхэд өгч, гурван шатны шүүхээр дамжин хэлэлцэгдсээр саяхан Дээд шүүх шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэр нь тэмцэгчдийн талд буюу “Гал үндэстэн” холбооны тавьсан хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлтэй байв. Өөрөөр хэлбэл Засгийн газрыг “Урт” нэртэй хуулиа хэрэгжүүлж ажиллаач гэжээ. Ийнхүү иргэний байгууллагууд бараг анх удаа Засгийн газартайгаа хуулийг хэрэгжүүлэх томоохон маргаан үүсгэж, үүндээ ялалт байгууллаа. Энэ бол иргэний ардчиллын нэгэн содон бөгөөд сургамжтай, амьд үйл ажиллагаа мөнөөс мөн хэмээн ажиглагчид үзэж байна. “Гал үндэстэн” холбооныхонд баяр хүргэхээс аргагүй. Тэдний тэмцэл хэн нэгэн улс төрчийг буруутгах, нэр хүндийг нь зориудаар унахыг оролдсон хэрэг биш, эрх зүйт  нийгмийн бүх орчинд хуулиа мөрдөхийг анхааруулсан том санамж болж байна. Тус холбооны өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл  энэ талаар хэлэхдээ “Байгаль орчныг хамгаалах тухай хуульд иргэн, төрийн бус байгууллага нь байгаль орчныг хамгаалах явцад учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Дээд шүүх хууль хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгалаа. Ц.Мөнхбаяр нарын хүмүүс “Урт” нэртэй хуулийг Засгийн газрын өмнөөс өөрсдөө хэрэгжүүлэхийн тулд тэмцээд, эцсийн шатанд буудсан. Дээд шүүх өнөөдөр тэр хүмүүсийг зөв зүйл хийсэн байна гэдэг дүгнэлт гаргалаа. Тиймээс тэдэнд холбогдуулан үүсгээд байгаа эрүүгийн гэх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм” гэлээ.

Б.Отгонбаяр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top