“БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах тухай АНУ-ын номлолыг дэмжигч хүчин их байна. Цөмийн зэвсэгтэй байх бүрэн эрхээ БНАСАУ Үндсэндээ хуулиараа баталгаажуулсан учраас цөмийн зэвсгээс татгалзах тухай тэдний уриалга нь манай улсын бүрэн эрх, тусгаар тогтнолд бүдүүлгээр халдаж байгаа хэрэг юм” гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын Ардын Дээд хурлын ээлжит чуулган дээр мэдэгджээ.
“Хэрэв АНУ цөмийн зэвсгээс ангижруулах тухай утгагүй үзэл баримтлалаасаа татгалзаж, бодит байдлыг хүлээн зөвшөөрч, бидэнтэй энх тайвнаар зэрэгцэн оршихыг чин сэтгэлээсээ хүсвэл яриа хэлэлцээ хийхээс татгалзах шалтгаан бидэнд үгүй билээ. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч надад сайхан дурсамж үлдээсэн” гэж тэр хэлсэн байна.
“Манай улс батлан хамгаалах хүчин чадлаа үсрэнгүй хөгжүүлж ирсний үр дүнд бид шинэ нууц зэвсэг бүтээгээд байна. Өөрийн цөмийн зэвсэгтэй байгаагийн ачаар манай улс аюулгүй байдалдаа ихээхэн итгэлтэй болсон юм” гэж Умард Солонгосын удирдагч онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )