Хоошёорюүгийн тэргүүлэл, Аонишикигийн 100 ялалт, Энхогийн дайчин чанар

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

30 настай Энхо эргээд сэкитори болохоор боломжоо шавхан, өөрийгөө дайчлан барилдсаар байна. Сүмочид дотроо намхан, жин багатай тэрбээр Макүшитагийн 31 дээр эрэмбэлэгдсэн ч эргээд Жюүрёод дэвшинэ, үргэлжлүүлээд Макүүчид гарна гэсэн зорилготойгоор сүүлийн хэдэн сарын турш хөдөлмөрлөсөөр байгаа юм.

Нагоя башёд дөрөв дараалж ялагдаад, гэмтлийн улмаас өрсөлдөөнөөс гарсан ч гэлээ эргээд Аки башёд дайралтаа эхлүүлсэн Энхо өчигдөр ялсанаар 3 ялалт, 2 ялагдалтай боллоо.

“Би их сандраад байдаг болж. Дэвжээнд гарахдаа сандраад, яаж барилдсанаа ч бараг санахгүй шахам. Гэхдээ заавал сэкитори болно. Ямар хугацаа шаардагдах нь хамаагүй. Одоохондоо формдоо бүрэн ороогүй байна. Сайн барилдахын тулд улам их хичээх ёстой. Гэхдээ өнөөдөр ялсандаа баяртай байна. Дараагийн барилдааныг тэсэн ядан хүлээх болно” гэж Энхо өгүүлжээ.

21 настай украин залуу Данило Явгусишин буюу комүсүби Аонишики башёгийн 9 дэх өдөр Абиг давснаар мэргэжлийн сүмогийн дохё дахь ялалтын тоо нь 100-д хүрлээ. Тэрбээр 100 ялж, 26 ялагдсан байна.

“100 дахь ялалт гэж мэдсэнгүй. Их л олон жил барилдаж байгаа юм шиг санагдаад байх болжээ. Хамгийн гол нь зөв барилдая л гэж төвлөрлөө” хэмээн Аонишики ярьжээ.

Ёкозүна Ооносато 100 дахь ялалтаа авахдаа 36 ялагдсан байсан юм байна. Энэ амжилтыг Аонишики мөн ахиулжээ.

Тэмцээнийг ёкозүна Хоошёорюү ганцаараа уналгүйгээр тэргүүлж байна. 9 даваатай Хоошёорюү С.Бямбасүрэнгийн хувьд шийдвэрлэх тэмцээн байх болно гэж багш дасгалжуулагч Тацүнами анхааруулан хэлсэн. Ёкозүна цол хүртсэнээсээ хойш нэг л башёд бүтэн барилдаж, 12 даваатай дуусгасан. Харин бусад хоёр барилдааныг гэмтлийн улмаас дундаас нь орхисон. Тэгвэл энэ башёд хурдтай, хурдаа дагаад иртэй хүчтэй байна.

Хоошёорюүгийн араас 8 даваа, 1 унаатай хоёр бөх нэхэж яваа нь ёкозүна Ооносато, маэгаширагийн 11 дээрээс босож буй Шодай нар юм. Магадгүй энэ башёгийн сүүлчийн өдөр хоёр ёкозүна түрүү булаалдаж, сүмо сонирхогчдын харахыг хүсэж буй өрсөлдөөнийг харуулж мэдэхээр байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top