Нэмэлт хориг тогтоохоор төлөвлөж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

 

АНУ-ын Засаг захиргаа Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд нэмэлт хориг тогтоохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ удаад зөвхөн зарим албан тушаалтнуудын хувьд төдийгүй мөн тус байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт нэвтрүүлэх юм байна гэж Ройтерс агентлаг эх сурвалжуудаа иш татан мэдээлэв.

Ийм хориг нэвтрүүлэх асуудлыг АНУ-ын Засгийн газар хэлэлцэж байгаа боловч хориг зарлах огноо одоогоор тодорхойгүй байгаа аж. Тус агентлагийн мэдээлснээр, Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн удирдлага яаралтай хуралдаж, гишүүн орнуудын төлөөлөгчдийн хамт ийм өргөн хоригийн учруулж болзошгүй үр дагаврыг хэлэлцсэн байна. АНУ-ын нэвтрүүлэх хориг нь ажилтнуудынхаа цалинг олгох, банкны данснууд руугаа нэвтрэх, оффисын компьютерүүдийн программ хангамжийг ашиглах шүүхийн боломжийг хязгаарлаж болзошгүй ажээ. Иймд шүүх ажилтнуудынхаа 2025 оны цалинг бүрэн олгож, төлбөр тооцооны үйлчилгээ, цахим технологи нийлүүлэх өөр эх сурвалжууд хайж эхэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн эсрэг хэд хэдэн удаа хориг нэвтрүүлж байсан юм. Америкийн засгийн газар тус шүүхийг АНУ болон түүний холбоотнуудын эсрэг хууль бус ажиллагаа явуулдаг хэмээн буруутгаж байв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top