ТОО | Хятадад нийлүүлсэн нүүрсний хэмжээ 61% ӨСЛӨӨ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дөрөвдүгээр сард Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн нүүрний бие хэмжээ өмнөх оны мөн үеэс даруй 61% өссөн байна. Ингэснээр БНХАУ-ын нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улсыг сарын дүнгээр гүйцэж түрүүллээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улс Хятадад 11.33 сая тонн нүүрс нийлүүлсэн бол Индонез улс 11.12 сая тонн нүүрс нийлүүлсэн байна.

Он гарснаас хойш эхний дөрвөн сарын хугацаанд Монголын экспортолсон нүүрсний хэмжээ 39.4 сая тонн бол өмнөх оныхоос 61 хувиар өссөн юм. Анзаарч харах ёстой нэг статистик байгаа нь БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээгээр тэргүүлдэг бусад улсуудын экспорт бүгд буурсан үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал, ОХУ-ын экспорт 17%, Австралийнх 10%, Индонезийнх найман хувиар тус, тус унажээ.

Зөвхөн дөрөвдүгээр сард л гэхэд 1.03 их наяд төгрөгийн нүүрс биржээр арилжаалагдсан...

Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний биет хэмжээ нэмэгдсэн нь хэд, хэдэн шалтгаантай. Хамгийн том шалтгаан нь Ойрх Дорнодын дайн юм. Ялангуяа энэ дайны улмаас БНХАУ-д эрчим хүчний нийлүүлэлтийн тасалдал үүсэж, улмаар БНХАУ-ын нүүрсний импорт нэмэгджээ. Үүнээс улбаалан Монголын Хөрөнгийн биржээр дотоодын олборлогчдын арилжаалах нүүрсний дуудах үнэ тогтмол өсөлттэй байсан юм. Тухайлбал эрчим хүчний нүүрсний үнийниндекс гуравдугаар сард 5.53%, дөрөвдүгээр сард 4.47% өссөн байна. Зөвхөн дөрөвдүгээр сард л гэхэд 1.03 их наяд төгрөгийн нүүрс биржээр арилжаалагдсан нь энэ оны хамгийн идэвхтэй сар болсон ажээ.

Ташрамд дурдахад Монгол Улсын Засгийн газар 2026 онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028-2029 онд 105-110 сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top