Шоронд явуулж, шонд өлгөөд, би, чи дээрээ тулж байсан улс төрийн зодоон өндөрлөснийг уншигч та харж л байгаа байлгүй. Төрийн ордны индэр дээрээс хүн амины хэрэг ярих дээрээ тулсан энэ талцал сэв зураасгүй, бүтэн бүлээн нийлчихсэн гэж үү. Үндсэн хууль зөрчин байж хурал хийгээд, хийсэн хуралдаанаараа Ерөнхий сайдаа “аваад хаячихсан” энэ жүжиг яв, явсаар Цэц дээр очиж дэглэгдээд, “Буянт Ухаа” спортын цогцолборт өндөрлөлөө. Нэг нь шоронд явалгүйгээр, нөгөө нь шонд өлгүүлэлгүйгээр засагтайгаа үлдэж, нөгөө нь намын ч, парламентын ч дарга болчихлоо. “Гол нь цүүндээ биш ээ” гэдгийг мэдээгүй баахан өвчигнөсөн жагсаалтын хэд л тооноор ороод ирчихсэн мэт болоод үлдэх шив.
Тайзан дээрх зодоон
Тайзан дээр бүх юм их гоё харагдсан байх. Нийтэд гоё харагдаагүй ч “ах” нар бол гоё л үзэлцэж байна гэж бодсон байх. Ямартаа ч зодоон ингэж эхэлсэн. Есдүгээр сарын сүүл. МАН-ын бага хурал цагаан байшиндаа есдүгээр сарын 27-28-ны өдөр болов. Уг хурлаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргаар сонгогдсон. Үндсэндээ хоёр шатны санал хураалт явагдахад эхний шатанд Д.Амарбаясгалан 58 хувь, Г.Занданшатар 42 хувийн санал авсан. Нэр дэвшигчдийн аль нь гуравны хоёрын босго даваагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулж хуралд оролцсон 321 гишүүний 275 хүний саналаар Д.Амарбаясгалан сонгогдсон билээ. Өөрийг нь дэмжигч гишүүдийг санал хураалтад оролцуулагүй гэх шалтгаанаар Г.Занданшатар хоёр дахь шатны санал хураалтыг бойкотлосон билээ.
За ингээд дарга болсон гэдэгтээ итгэсэн нэгний эсрэг дарга болохын хүслэнтэй нэгэн босоод ханцуйгаа шуугаад зодолдож эхэлсэн. Эхлэхдээ нэгнээ гөрдөж эхэлсэн. Гөрдөхдөө аль эрт мартагдсан нүүрсний сонсголыг сануулж, тэртээ тэргүй улс төрийн тэмцэлтэй байсан “Админерал”-ыг гэрэл цохиулах замаар нэгэнтэйгээ тэмцсэн. Парламентын дарга нь асуудалд орчихсон болохоор сөрөг хүчнийнхэн ч зүгээр байхгүй нь тодорхой. Ингээд Д.Амарбаясгалангийн болоод Г.Занданшатарын талынхан "Волдеморт, Харри Поттерийн" талынхан шиг “үзэж” эхэлсэн дээ. Баримт ярихгүй баахан мэдэгдлээс, мэдэгдлийн хооронд өнгөрсөн намрын улс төрийн өнгө будаг зурагдсан. Хэвлэлээр болон сошлоор нэгнээ л гөвөөд байв. Яваандаа Д.Амарбаясгалан даргын суудлаасаа бууж шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Г.Занданшатарын талаас өмнөх сайдын шударга ёсны сэлэмний ир болж явсан этгээд Хуулийн сайд болов. Сэлэмний ир гэдэг ганцхан үгээр хоёр ч удаа Хуулийн сайдад суусан хүн магад түүнээс өөр үгүй байх.
Хөшигний арын зодоон
Тайзан дээр зодоон ингэж өрнөсөн мэт боловч яг ард нь арай өөр эрх мэдлийн тэмцэл өрнөсөн юм. Гурван сонгуульд дараалан ялалт байгуулсан Ардын нам энэ их эрх мэдлээсээ салахыг хүсэхгүй. Хүсэл байхын хажуугаар саад болох нэг зүйл байгаа нь эрх мэдлийн цулбуураас атгах гэсэн субъектууд олон болсонд оршиж байлаа. Ингээд зодолдсон нь энэ. Гэхдээ сүрэг бүтэн гэдэс цатгалан үлдэх ёстой. Тийм ч учраас учир мэдэх ах нар улс төрийн гэрэл цохиж амжаагүй байгаа жагсаалтынхныг зодоондоо татан оролцуулсан. Жагсаалтынханы шүүмжлэл эрүүл мэт харагдах учраас тэр л дээ. Ингээд Цэц рүү очих үндэс үүссэн. Жагсаалтынхан хошуугаа цорвойлгож байгаад Цэц дээр очихдоо ах нарын дэглэсэн жүжиг яг өрнөлөөрөө өрнөж буйг хэн ч таасангүй. Г.Занданшатар хуулийн хувьд Ерөнхий сайд хэвээр үлдлээ. Одоо дараагийн асуудал гарч ирнэ. Жинхэнэ дарга нь хэн юм бэ гэдэг асуудал. Бүлгийн дарга нь “коммент” уншаад, тэр нь хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц тогтоочихсон байдаг. Ингээд бүлгийн дарга руу ах нар зүтгэхэд “сахал” Ж.Бат-Эрдэнэ тодроод ирсэн. Хуулийн сайдаар ч Б.Энхбаяр жинхэлчихлээ. Одоо ингээд МАН-ын дарга дээр чухам хэн очих нь бараг тодорхой болчихсондоо. Г.Занданшатар ч, Д.Амарбаясгалан ч нэрээ татсан.
Байр нь солигдсон нэмэгдхүүн
Нэмэгдхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Угтаа ийм л юм болсон. Намын 31-р их хурлаар Н.Учрал 94.95 хувийн саналаар намын дарга болчихсон. Их хурал хийсэн л болохоос түүнээс өмнө тодорчихсон байсан “эд” л дээ. Ингээд намрын сард үргэлжилсэн “зодоон” үндсэндээ тарсан. Өмнө нь бие биенээ шүүмжилж, сөргөлдөж байсан төлөөлөгчид нэгэн дуугаар “эв нэгдэл”-ийг онцолж, шинэ даргад амжилт хүсч, “намын шинэчлэл”-ийн төлөө хамтдаа зүтгэнэ хэмээн ам өчиг өгч байв. Хурлын хоёр дахь өдөр намын дүрэмд 44 шинэ заалт нэмэх, 57 заалтыг өөрчлөн найруулах, 9 заалтыг хасах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг баталсан нь шинэ удирдлагын эрх мэдлийг баталгаажуулсан алхам байлаа. Баталгаажуулсан дүрмийн шинэчлэл мэт харагдаж байв ч дараагийн зодооны сэдэв нь ч энэ байж мэдэх юм. Намын шинэчлэл, тооноор орогсдыг буцаана, жинхэн эрх мэдлийг намын дэмжигчдэдээ өгнө, онооны системээр үнэлж, сонгуульд нэр дэвшүүлнэ зэрэг үгс нь л шинэ байсан болохоос өөр шинэ юм үндсэндээ байгаагүй гэдгийг намын гишүүд ч, нийгмийн олонх нь ч харсан.
Уншигч та нэг л зүйл анзаараарай. Нийгэмд Ардын намын нэр хүнд унасан. Одоо 2027 онд Ерөнхийлөгчийн, дараа нь УИХ-ын сонгууль болно. Ийм нэр хүндтэй намын рейтингийг бурхан байлаа ч суга татах нь юу л бол. Дээрээс нь гурван сонгуулийн үр дүнгээр улс төрийн гортиг татсан Ардын намд одоо олонхийн дэмжлэг ирэхгүй нь тодорхой. Социологийн болон улс төрийн ухаанаар харсан ч энэ боломжгүй зүйл. Сонгуулийн үр дүнгийн дараа намын ах нар Н.Учрал тэргүүтэй залуустаа хариуцлага тооцож, МАН дахиад л бахь байдагтаа ирнэ. Өдгөө шонд дүүжлүүлээд байгаа ах нарынхаа араас Н.Учрал орно. Тооноор орж ирсэн гэж зэмлүүлээд байгаа жагсаалтын залуу улстөрчдийн заримд нь улс төрийн дэмжлэг үзүүлэхээ болино. Зарим нь намаа солино. Ийм л юм болно.
Зодоон болж л байсан юм
МАН-ынхан ер нь зодолдож байгаад зоогийн ширээнд суух их дуртай улс. Яг ийм зодоон 2012 онд, дараа нь 2017 онд, 2021 онд ч болж л байлаа. Тухайн үед намын даргын төлөө чи, би дээрээ тулж хэзээ ч эвлэрэхгүйгээр зодолдож байсан субъектууд эцэст нь “эв нэгдэл” нэрийн дор нэг хүнийг сонгон, бусад нь хүлээн зөвшөөрч, дараа нь нам гүм болсон. Энэ удаад ч ялгаагүй. Ялгаа нь залуу үеэ гаргаж ирсэнд л байлаа. Хүссэн ч эс хүссэн ч тэр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл дарга хэвээрээ байна. Сонгуулийн үр дүнгийн дараа түүнийг хонгилоор чирэх үү, хоногшуулаад үлдээх үү гэдгээ шийднэ.
Сэтгэгдэл ( 1 )
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus