Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр /2026.03.10/ тохиож байна.
Энэхүү түүхэн өдөр Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал МУИС-ийн Бизнесийн сургуулийн өмнө байрлах Ж.Батмөнхийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.
Хүндэтгэл илэрхийлэх ёслолд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, М.Цэлмүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Д.Рэгдэл болон намын газар, хэлтсийн дарга нар, ажилтнууд, ахмадууд, залуучууд, иргэдийн төлөөлөл, намын дэргэдэх байгууллагын удирдлагууд оролцлоо.
Мөн энэхүү арга хэмжээний хүндтэй зочид нь Жамбын Батмөнх агсны зээ дүү Д.Энхбаатар, Т.Оюун нарын гэр бүлийнхний төлөөлсөн 10 гаруй хүн оролцлоо.
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнх нь Увс аймгийн Хяргас суманд энэ өдөр төрсөн бөгөөд тус сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн цэцэг өргөх ёслолд хүрэлцэн ирж хүндэтгэл илэрхийлсэн юм.
Монгол Ардын намын удирдлагууд улс орны тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндтэй хүмүүсийн түүхэн гавьяаг дурсаж, мэндэлсэн ойг нь тэмдэглэн, хүндэтгэн дурсдаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )