Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ардчиллын өглөө” арга хэмжээг Монгол Ардын намын дэргэдэх Социал демократ Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Жамбын Батмөнх агсны намтар, түүх, ажил, амьдралыг харуулсан 200 гаруй гэрэл зураг, хэлж байсан үгээс нь 20 орчим эшлэл зэргээс бүрдсэн дижитал үзэсгэлэнг Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт нээлээ. Үзэсгэлэнд ашигласан бүтээлүүдийг Монгол Ардын намын төв архив, Архивын ерөнхий газар, “Монцамэ” агентлаг, Ж.Батмөнх агсны намтар номуудад орсон зургууд, хувийн архиваас авсан байна.

 

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал оролцож үг хэлэхдээ “Эх орныхоо түүх, түүхэн хүмүүсийн талаар залуус, хойч үедээ үнэн зөвөөр ойлгуулах, өвлүүлэх санаачилга гаргасан залууст, мөн ардчиллыг өлгийдөн авсан удирдагчийн талаарх гэрэл зураг, түүхэн баримтыг олон нийтэд үзүүлэх боломж олгосон бүх хүн, байгууллагад талархал илэрхийлье” гэлээ.

Мөн гэр бүлийг нь төлөөлж Ж.Батмөнх агсны зээ дүү Т.Оюун үг хэлэхдээ ахынхаа улс орондоо тайван замаар ардчиллыг бэхжүүлсэн үйлсийг дурсан, төрийн албаны өндөр ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж байсан зарчимч зан чанарыг үр хойч нь ч үлгэрлэн явдаг гэдгээ хэлж байлаа. Мөн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргасан Засгийн газар, мөн Монгол Ардын намын удирдлагуудад талархал илэрхийллээ.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын баатар Э.Бат-Үүл оролцсон юм. Энэ сарын 20 хүртэл олон нийтэд нээлттэй үргэлжлэх энэхүү дижитал үзэсгэлэнг залуус, оюутнууд ч үзэж сонирхлоо

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top