Нагаржунайн онолоос Н.Учралын тэргүүлсэн МАН хүртэл

2025 оны 11 сарын 20

Шинэ нийгэмд барих онол мухардсан нь

МАХН буюу өнөөгийн МАН-ын 1921-1990 оны хооронд туулсан замнал хэн бүхэнд ойлгомжтой. Хүрээний хувьсгалт бүлгэмүүдийн нэгдлээс улбаалж, Ардын хувьсгалыг ялуулж, ардын засгийг бэхжүүлэх, социализмыг бүрэн ялалтад хүргэн коммунизмыг зорих гэгээн мөрөөдөл дүүрэн явсаар 1990 онтой золгож, ардчилсан шинэ нийгэмтэй золгомогц цааш барьж мөрдөх онолын мухардалд хүрсэн. Ёстой л манан дунд төөрөх гэгч болсон гэхэд хилсдэхгүй. Ж.Батмөнх даргатай Улс төрийн товчоо ардчиллын залуусын зарласан өлсгөлөнгийн үеэр сайн дураараа огцорч, хуучин хашир кадр Г.Очирбат эхний нэг жилийг бодлого балархай нөхцөлд удирдаад, философич, улстөрч Б.Даш-Ёндонд халаагаа өгсөн. Философич хүн учраас тэрбээр МАХН-ыг цаашид залах онол бодож олох учиртай болов. Тэгээд “Нагаржунайн” гэх шашинлаг маягийн, нөгөө талаас “Төв ёсны” гэх тодотголтой бодлогыг хэрэгжүүлэх гэж үзсэн.

Төрийг ганц нам удирдаж байсан үе халагдаж, олон намын тогтолцоотой болж, нам гэдэг нь төрийг жолоодогч бус зүгээр л олон нийтийн байгууллага хэмээгдэж, нийгэм бужигнаад эхлэхээр төв ёсыг сахиж аясыг харъя гэсэн санаа байсан байж болно. Энэ талаар уг онолыг дэвшүүлсэн философич  Б.Даш-Ёндон өөрөө “Олон нам үүссэн байна. Ядуурал, улс төрийн маргаан мэтгэлцээн ихэссэн энэ үед төв байдлаар байя. Туйлшраад яах вэ. Асуудлын голд ороход зөөлрүүлэх цэг гэж нэг байдаг. Орчлон ертөнц, од гараг хэдэн мянга байгаа боловч бие биедээ харшлахгүй тогтоод л байна. Ийм байхад бид энд хэрэлдэж маргалдаад байх хэрэггүй гэж л үзэж байсан” хэмээсэн байдаг. Ингэж явсаар 1996 онтой золгов.

Н.Энхбаяр МАХН-д шинэ үеийг эхлүүллээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 1996 оны намар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу өнөөгийнхөөр тус намын дарга болоод онол, бодлого нь мухардсан, залуус нь намаасаа олноор гарч, үндсэндээ ахмадууд голтой болчихоод байсан мухар үеэс нь гаргасан гэж хэлж болно. Тэр үеэс МАХН зүүн төвийн үзэл баритмлалтай болж, залуусаар эгнээгээ тэлж, залгамж халаа улстөрчдөө үе үеэр бэлтгэж ирсэн билээ. Тухайлбал, С.Баяр, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин тэргүүтэй 1950-иад оны дунд, сүүл үед төрсөн улстөрчдийг М.Энхболд, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, У.Хүрэлсүх нарын зэрэг 1960-аад оны дунд хавьцаа үеийнхэн залгасан. Тэднийг Г.Занданшатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын 1970-аад оныхон, араас нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын зэрэг 1980-аад оныхон залгасан байх жишээтэй. Энэ бүхний үндсийг тавьж, онолын мухардалд орсон МАХН-ыг өнөөгийн төрхөд нь оруулснаар нь Н.Энхбаярын зүтгэлийг үнэлж болно.

МАХН МАН болж гишүүдийн зам салав

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар У.Хүрэлсүх ажиллаж байх үе буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 5-нд МАХН хэмээх нэрийг МАН болгож уугуул нэрээ сэргээв. МАХН-ын нэрийг МАН болгох тухай тогтоолын төслийг 800 гишүүний зургаагаас бусад нь мандатаа өргөн баталж хүчин төгөлдөр болгосон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн агсан Ц.Шинэбаяр нарын зургаан хүн л тийнхүү татгалзсан санал өгсөн хэрэг. Ингэж МАХН гэдэг нэрээ “архивлаж” МАН болсон ч Н.Энхбаяр нарын хэсэг гишүүн МАХН гэдэг нэрийн дор “тусдаа гарч” хэсэг зуур зам салсан билээ. УИХ-ын 2016 оны сонгуулиар салж сарнисныхаа горыг ч бага сага үзсэн. Яваандаа үзэл баримтлал нь ардчилсан социализмаас социал демократ үзэл болон “хувьссан” үе.

МАН, МАХН нэгдэв

“Төөрсөөр төрөлдөө” гэгчээр 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд зам салаад байсан МАХН уугуул “гэр” болох МАН-тай буцаж нэгдэв. Тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Д.Амарбаясгалан энэ талаар “Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд улс төрийн саналын зөрүү нь арилж хамтдаа зүтгэх боломж гарлаа. Энэ цаг үед нийлж нэгдэх нь зүйн хэрэг юм. Өнөөдөр бид бусад намуудтайгаа нэгдэж нийлж улс орныхоо төлөө ажиллах шаардлага тулгараад байна” гэсэн байдаг. Тухайн жилд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийлж нэгдсэн намууд У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэн ялалт байгуулсан билээ. Хэрэв тус тусдаа орсон бол ялагдал хүлээх магадлал байсан хэрэг. Ковидын халдвар улс орны хэмжээнд тархаад байсан учир нийлж нэгдэх гэрээндээ цахимаар гарын үсэг зуржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг төрийн гурван өндөрлөгийн албыг ээлж дараалан хашиж үзсэн Н.Энхбаярын эрх ашгийн үүднээс хоёр намыг эргэж нэгтгэсэн гэдэг бөгөөд өнөөдөр хүү Э.Батшугар нь УИХ-ын гишүүн, өөрөө ч алба тушаал тасрахгүй яваа нь үүнийг гэрчилдэг хэмээн улс төрийн хүрээнийхэн хэлдэг.

Н.Учрал ба цахим эринийхэн

Хэдхэн хоногийн өмнө болсон МАН-ын 31 дүгээр Их хурлаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын Тэргүүн шадар сайд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргаар сонгосон билээ. Л.Оюун-Эрдэнийн дараа намын Бага хурлаар Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болгосон ч тэрбээр тодорхой нөхцөл байдлын улмаас УИХ-ын даргын албаа өөрийн хүсэлтээр өгч, ийнхүү шинэ даргыг сонгох нөхцөл үүссэн хэрэг. Тэд бол 1980-аад оныхон. Эхний хоёр нь 1980-аад оны эхэн үеийнх бол Н.Учрал 1987 оных.

МАН-ын 31 дүгээр Их хурлын өмнө ялангуяа намын толгой хэсэг хоёр хуваагдчихаад байсан ч УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатараар ахлуулсан эвлэрлийн ажлын хэсэг гарч, эв зүйд нь оруулж чадсан нь их хурлаар харагдав.

Н.Учрал гишүүн намын дарга болсноор цахим эрин, хиймэл оюун ухааны цоо шинэ ертөнцөд шинэ үе МАН-ын жолоог авлаа гэсэн үг. Тэрбээр “МАН-ын гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал оноог нь хасдаг, цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй, авлига, албан тушаалын хэрэгт  орооцолдвол дахин улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх тал дээр хатуу зарчим барина. Хаа, хаанаа зарчимтай ажиллая, хариуцлагаа ухамсарлая. Эрх үүргийн нэгдэл бол өөрөө хариуцлага. Эрхээ эдлэхээ ярьдаг хэрнээ үүргээ хүлээхээ ярьдаггүй болчихоод байна” гэснээс гадна УИХ-д жагсаалтаар орж ирсэн гишүүдээс ч хариуцлага шаардахаа мэдэгдсэн.

МАН-ын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 18-ны орой болж МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг хуралдаанд оролцсон нийт гишүүний 99.6 хувийн саналаар улираан сонгож батлав. Мөн намын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг сонгож баталсан юм.

Намын орон тооны нарийн бичгийн даргаар мөн л 1980-аад оны залуус сонгогдсон бол Удирдах зөвлөлд 1960-аад онд төрсөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, гишүүн асан Ч.Хүрэлбаатар нар хамгийн ахмад нь бол 31 настай Б.Жавзандорж, Б.Ану-Үжин нар хамгийн залуу нь байна. Өөрөөр хэлбэл, 1964-1994 оны хооронд төрсөн хүмүүсээс МАН-ын Удирдах зөвлөл бүрджээ. Өө хэлбэл, намын удирдах бүрэлдэхүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн талынхнаас бүрдсэн хэмээн хэлэх тал гишүүд дунд нь буй. Хэрхэхийг цаг хугацаа харуулна. 

Ямар боловч Нагаржунайн төв ёсны онолын мухардалд живж явсан МАН-ын удирдлага өнөөдөр ийнхүү цахим эрин үеийнхний гарт шилжиж, шинэ цагийн тоолол эхлэв.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.189.197) 2025 оны 11 сарын 28

Ёстой сайн тоймлосон нийтлэл байна. Амжилт хүсье.

0  |  0
Top