Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг Европын гурвалтай хэлэлцэхгүй

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 18

Европын гурвал буюу Их Британи, Герман, Франц улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Ираны эсрэг хоригийг сэргээхийг оролдож байгаа тул Ираны эрх баригчид эдгээр улстай Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг цаашид хэлэлцэхгүй гэж тус улсын Гадаад харилцааны дэд сайд Саид Хатибзаде сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“АНУ-тай хийх яриа хэлэлцээ Европын гурвалтай хийж байсан яриа хэлэлцээнээс тусдаа юм. АНУ-ын засаг захиргаа байр сууриа өөрчилсөн тохиолдолд Иран яриа хэлэлцээ хийхэд бэлэн байх болно. Бүх тал хүлээн авах боломжтой тохиролцоонд хүрэхийг Иран улс хүсч байна. Хоригуудаа цуцалсны хариуд Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрөө дээд зэргийн ил тод болгоход бэлэн байгаа. Энэ нь бүгдэд ашигтай” гэж Ираны дэд сайд тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, Иран улс Европын орнуудтай харилцаагаа үргэлжлүүлэх боловч цөмийн хөтөлбөрийн сэдвийг тэдгээртэй хэлэлцэхгүй ажээ.

Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлцлийг дэмжин гаргасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2231 дүгээр тогтоолын үйлчлэх хугацааг зургаан сараар сунгах тухай Орос, Хятадын санал болгосон тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл есдүгээр сарын 26-нд батлахаас татгалзсан юм. Есдүгээр сарын 28-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Ираны эсрэг хориг хүчин төгөлдөр болсон байна.

Европын Холбоо есдүгээр сарын 29-нд Ираны эсрэг хоригиудаа хэсэгчлэн сэргээхээр шийдвэрлэсэн ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top