Зургаан жилийн турш дотоодын тэмцээндээ дандаа ялсан Юи Сусаки ялагдаад уйлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

Японы Үндэсний спортын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Токиогийн олимпын аварга, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Юи Сусаки шөвгийн наймд Моэ Киокэд 1:2-оор ялагджээ.

2019 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөө плей-оффт Юки Ириэд ялагдсанаас хойш Юи Сусакэ зургаан жил хоёр сарын хугацаанд дотоодын тэмцээнд япон бөхдөө ялагдаагүй, дан ялаад байсан юм байна.

Моэ Киокэд ялагдсанаас хойш цагийн дараа сэтгүүлч ярилцлага авахад “Сэтгэл санаа үнэхээр хэцүү байна. Эхнээсээ л тамираа шавхаж барилдая гэж бодсон ч төлөвлөснөөр болсонгүй. Дээд жинд орлоо гээд өөрчлөлт мэдрээгүй” гээд уйлжээ.

Одоо Юи Сусаки 2026 онд болох Азийн наадам болон ДАШТ-д оролцох шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах сорилгод 12 дугаар сард оролцох юм. 50 кг-ын жингээс өгсөж, энэ удаагийн тэмцээнд 53 кг-д барилджээ. Гэхдээ түүнийг ялсан Моэ Киокэ ч бас жин өгсөж барилдсан юм.

“Би 50, 53 кг-ын алинд ч барилдаж чадна. Амжилтаа харж дүгнэж байгаад шийднэ. Илүү амжилтад хүрэх жингээ сонгох болно. Ямар ч сорилт бэрхшээл тулгарсан өөрөө л давж гарах ёстой. Ялагдсаны дараа хэцүү байгаа ч миний гол зорилго бол Лос-Анжелесийн олимпын наадмын аварга болох” хэмээн Сусаки мэдэгдсэн байна.

Моэ Киокэ ч гэсэн 50 болон 53 кг-ын жинд барилдах боломжтой. Мөн мөрөөдөл, зорилго нь Лос-Анжелесийн олимпын наадамд амжилт гаргах. “Сусакиг ялж чадах эсэхээс бүх зүйл шалтгаална гэдгийг мэдэж байсан. Ширүүн өрсөлдөөн өрнөсөн ч ялж чадсандаа баяртай байна. Сусаки бол миний биширдэг тамирчин. Гэхдээ энэ удаад хүндлэл, бишрэлээ цааш тавиад, өрсөлдөгч гэж бодож гарлаа. Бид хоёр хэзээ нэгэн цагт дэвжээн дээр таарах л байсан. Хэрвээ эхний барилдаандаа ялчихвал цаашид илүү амар байна гэж бодож байлаа. Энэ барилдаанд ялах зорилготой бэлтгэлээ сайн хийсэн.

Өнөөдөр би зарим нэг талаараа илүү байсан болохоор сүүлчийн дайралтуудыг нь сайн хамгаалж чадсан гэж бодож байна” хэмээн өгүүлжээ.

Юи Сусаки, Моэ Киокэ хоёр 53 кг-ын жинд цаашид өрсөлдөхөөр болвол өөр хүчтэй бөхчүүдтэй ч тулах ёстой болно. Тухайлбал, саяхан Загребт түрүүлж, Дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон Харуна Мураяма байна. Мөн хүүхэд төрүүлчихээд эргээд дэвжээндээ ирж буй Токиогийн олимпын аварга Мүкайда Маюү бий.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккк(66.181.176.28) 2025 оны 10 сарын 02

Юу хуцаад байнаа чөлөөт бөхийн төрөл олимпд ордог яахаараа дэлхийн спорт биш болдог билээ мэдэхгүй юмаа мэддэг юм шиг битгий ярь

2  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 10 сарын 02

Японы дотоодын тэмцээнд нэг япон нөгөөдөө ялагдах маньд юуны хамаа, чөлөөт ч ямар дэлхийн спорт биш

0  |  3
Top