Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн сүүлчийн өдөр өнөөдөр. Өнөөдрийн барилдаанд ганцхан насны зөрүүтэй, үе тэнгийн Монгол, Япон хоёр ёкозүна хоорондоо тулах болно. 2020 онд Хакүхо, Какурюү нар түрүүлэхийн төлөө хүчээ үзсэнээс хойш таван жилийн хугацаанд хоёр ёкозүна ийнхүү эцсийн барилдаанд түрүү булаалдаагүй байлаа. Тэгэхэд Хакүхо давж түрүүлсэн бол, дараа нь Какурюү замналаа өндөрлүүлсэн түүхтэй. Ёкозүна Тэрүнофүжигийн хувьд ёкозүнагийн хувиар сүүлчийн өдөр өөр ёкозүнатай тулж барилдсан удаагүй юм.
Тэгэхээр өнөөдрийн Хоошёорюү, Ооносато хоёрын барилдаан сүмо сонирхогчдын хэдэн жилийн турш хүсэн хүлээсэн тулаан юм. Мөн Монгол, Япон хоёр ёкозүнагийн өрсөлдөөн гэдгээрээ ч улам амттай байх нь дамжиггүй.

Өчигдөр озэки Котозакүра гэмтэлтэй гэсэн шалтгаанаар дохёд гараагүй тул ёкозүна Ооносато барилдалгүйгээр давлаа. Хэрвээ түүний дараа Хоошёорюү озэки цолны төлөөх дайралтаа хийж буй Вакатакакагэд ялагдсан бол Ооносато шууд түрүүлж, сүүлчийн өдөр түрүү бөхийн өрсөлдөөний амт шимт үгүй болох байлаа. Тэгээд ч 11 дараалан давж тэргүүлж явснаа хоёр дараалан ялагдсан Хоошёорюүд ёкозүна цолтны хувьд гурав дараалан ялагдах эрх байхгүй байв.
Иймээс шууд тулж хүч үзэхээс зайлсхийн, Вакатакакагэг дайрахад нь татаад давлаа. Хоошёорюүг тулахаас зайлсхийнэ гэсэн бодол ордонд цугласан олонд байгаагүй учир дуу алдацгаав. Харин 8 дахиа ялагдсан Вакатакагакэ бага зэрэг инээмсэглэх аядан өндийлөө. Түүний хувьд озэки цолны төлөөх энэ удаагийн дайралт үгээр төгсөж, өнөөдөр өрсөлдөгчдөө ялагдахгүйн тулд барилдах ганц л зам үлдсэн. Хэрвээ өнөөдөр ялагдвал юун озэки бүр саньякүгээс бууж, жирийн маэгашира болно.
Хоошёорюүгийн гаргасан заль мэхийг мэргэжилтнүүд нэг талдаа заавал ялах ёстой байсантай холбон ойлгож буй ч, ёкозүна цолтон өөрөөсөө дор цолтой бөхтэй тулж барилдахаас зайлсхийсэн нь шүүмжлэл хүртэх нь ойлгомжтой. Сүмогийн Холбооны ерөнхийлөгч Хаккакү ояката сүүлчийн барилдаанд үзэгчдийн хүссэн тулаан болоогүйд уучлалт гуйсан сурагтай.

Ёкозүна Ваканохана ч юу гэхээ сайн мэдэхгүй байгаа бололтой. “Юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Ийм юм болно гэж бодсонгүй” гэсэн бол ёкозүна Тэрүнофүжи “Түрүүлэхийг маш их хүсэж буйг нь ойлгож байна. Хүн бүрийн бодол санаа өөр шүү дээ” гэжээ.
Озэки Гоэйдо “Энэ ч гэсэн ялалт. Шүүмжлэл гарах байх. Ёкозүна өөрийн үйлдлийнхээ хариуцлагыг үүрэх ч ёстой. Гэхдээ өнөөдөр Вакатакакагэгийн толгой дэндүү доогуур байлаа. Арай дээшээ боссон бол илүү дээр барилдаж болох байсан болов уу. Ооносатогийн хувьд барилдалгүй давсан нь сүүлчийн барилдаанд нөлөөлөх эсэх сонирхолтой байна. Нэг өдөр барилдахгүй байна гэдэг биед нь амралт ч болох талтай. Сүүлийн өдөр Ооносато сэтгэлзүйн хувьд давуу талтай байх болно. Яагаад гэвэл эхлээд ялагдсан ч дахиад барилдах боломжтой. Ямар ч байсан тун сонирхолтой өрсөлдөөн болох нь маргаангүй” гэсэн байна.

Харин ёкозүна Кисэносато буюу Ооносатогийн багш “Хоошёорюү хоёр дараалж ялагдаад, тэгснээ Ооносато барилдалгүй даваа аваад сүүлийн өдрүүд гэнэтийн санаанд оромгүй явдлаар дүүрэн байна. Хоошёорюү ёкозүнагийн хувьд үзэгдээд байдаггүй барилдаан гаргасан байж болох ч гэлээ дахиад ялагдсан бол түрүүлэх боломжоо алдах учраас ингэх шаардлага тулгарсныг ойлгож болно. Ооносато барилдалгүй давсан нь сүүлийн өдөр муугаар нөлөөлж магадгүй гэж зарим нь түгшиж байгаа байх. Би өөрөө яг ийм байдалд орж үзсэн. Тэгэхэд харин ч би сайн амраад, эрч хүчээр цэнэглээд авсан учраас ялж байлаа. Хоошёорюү хурдаар илүү учраас зүүн гараараа өрсөлдөгчийнхөө гарын гадуур маваши авах гэх байх. Ооносато тэр барьцанд орлоо гэхэд яаж барилдах нь сонин байна. Хоёр ёкозүна түрүүлэхийн төлөө ингэж барилдалгүй удсан болохоор сонирхолтой өрсөлдөөн гарна гэж тэсэн ядан хүлээе. Хоёр ёкозүна хүчтэй талаа бүрэн гаргаж барилдаасай” гэжээ.

Яруу найрагч Очирбатын Дашбалбар нэгэнтээ “Олон жижиг тулаанд ялагдах бүрт сүүлийн том тулаанд ялах хүчээ авч буйгаа мэдэрнэм” гэж хэлсэн байдаг. Түүн шиг Хоошёорюү өчигдөр хэдийгээр ялагдсан мэт ялалт авсан ч гэлээ өнөөдөр том тулаанд ялахын тулд тэгснийг нь бүгд ойлгож байна.
Хоошёорюү түрүү бөхийн өрсөлдөөнийг сүүлчийн өдрийн сүүлийн барилдаан хүртэл хойшлуулсныхаа дараа “Өнгөрсөн юм бол өнгөрсөн л юм. Би өмнөх барилдаандаа л бүх анхаарлаа хандуулах болно” гэжээ. Харин Ооносато нэг хоногийн өмнө түрүүлэх боломжгүй болсноо хармагцаа босоод шүршүүрт орчихоод гарч ирээд “Маргаашийн барилдаанд би бэлэн байна” хэмээн өгүүлжээ.
Сүүлийн барилдааны өмнө Ооносато 13 даваа, 1 унаатай, харин Хоошёорюү 12 даваа, 2 унаатай. Хоошёорюү давбал хоёр ёкозүнагийн даваа унаа тэнцэж, түрүү бөх тодруулах нэмэлт барилдаан хийх болно.

Тэд өмнө нь хоорондоо 8 удаа барилдсан. Хоошёорюү 6 давсан бол Ооносато 2 даваатай гэж тэмдэглүүлдэг. Гэхдээ Ооносатогийн нэг даваа нь барилдалгүй авсан даваа юм. Тэгэхээр Ооносато ердөө нэг л удаа давсан нь яг жилийн өмнө 2024 оны Аки башёд юм. Сүүлийн гурван барилдаанд гурвууланд нь Хоошёорюү давжээ.
Энэ башёгийн өмнө Хоошёорюүгийн багш дасгалжуулагч Тацүнами ояката “Муу барилдах эрх байхгүй. Одоо жинхэнэ юу чаддагаа үзүүлэх цаг. Энэ бол шийдвэрлэх башё” гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр тэрхүү шийдвэрлэх башёгийн түрүүг шийдэх барилдаанд Хоошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн шалгаран үлдэж, ур ухаан, хүч чадлаа сорихоор догдлон бас догдлуулан хүлээж байна.

Сэтгэгдэл ( 0 )