Харьцангуйн онолыг нээсэн агуу эрдэмтэн Альберт Эйнштейнд Израилийн Ерөнхийлөгч болох санал тавьсан тухай үнэн худал нь үл мэдэгдэх яриа байдаг.
Тэгвэл “Эйнштейний өв” хэмээх номыг бичсэн Галина Вайнштейний өгүүлж буйгаар бол үнэхээр тийм явдал болжээ. 1952 оны намар дөнгөж байгуулагдсан Израиль Улсын Ерөнхийлөгч Хаим Вайцман таалал төгсчжээ. Тиймээс хоёр дахь Ерөнхийлөгчөөр хэнийг сонгох тухай яриа гарч эхэлсэн байна. Тухайн үед Эйнштейн 73 настай, АНУ-д амьдарч байлаа. Ер нь Эйнштен еврей хүн гэлээ Израильд амьдарч байгаагүй, тэр тусмаа улс төрөөр огт “оролддоггүй” байж.

Тэр үеийн Израилийн хамгийн олон уншигчтай Maariv сонин сэтгүүлчийн сэтгэмж болон үндэсний үзэл дээр тулгуурлан хамгийн алдартай хүнээ Ерөнхийлөгчөөр сонгох нь зөв гэсэн материал нийтэлжээ. Энэ нийтлэлээс бүх зүйл эхэлсэн байна.
Олон түмэн сонин тус нийтлэлийг сайшаан хүлээн авч, бэлэг тэмдгийн үүрэгтэй Ерөнхийлөгчийн сэнтийд Эйнштейнийг залчихвал улс орны нэр хүнд, үзэл санааны үнэ цэнэт зүйлст тохирно гэж боджээ. Тиймээс ч Ерөнхий сайд Давид Бен-Гурион олны хүслийг уламжлахаас өөр аргагүй байдалд орсон гэнэ.
Улс төрийн хүрээнийхэн бол Эйнштейнийг Ерөнхийлөгч болоход тохирох хүн биш гэж үзэж байв. Бен-Гурионы нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ицхак Навон “Хэрвээ тэр зөвшөөрчихвөл яах болж байна аа? Ийм санал тавь гээд байхад саналыг тавихгүй бол болохгүй. Гэтэл зөвшөөрчихвөл яах вэ?” хэмээн ярьж байсныг нь дурссан байна.

Тухайн үед Эйнштейн АНУ-ын Нью-Жерси мужийн Принстоны Их сургуулийн судалгаа шинжилгээний хүрээлэнд ажиллаж байв. Израилийг чин сэтгэлээсээ дэмждэг ч арабуудтай шөргөөцөлдөх биш харин эв найртай амьдрах ёстой гэсэн үзэлтэй.
Удалгүй Эйнштейнд Ерөнхийлөгчийн сэнтийг санал болгох гэж буй тухай мэдээ хүрчээ. Бен-Гурион АНУ дахь Элчин сайд Эбба Эбанаар дамжуулан алдартай эрдэмтэнтэй уулзалт товлохыг тушаасан байна. Гэвч эхний уулзалтаас эрдэмтэн татгалзав. Эйнштейн хэрхэвч улстөрч биш. Хувцаслалт, чөлөөтэй байдал нь үүнийг нь шууд илтгэн харуулна. Гэхдээ дахин уулзах санал тавихад хүлээн авсан гэнэ.
Израильчуудын олонхи нь Ерөнхийлөгчөөр сонгохыг хүсэж дэмжиж байхад уулзах ч үгүй байна гэдэг боловсон ёсонд нийцэхгүй гэж бодсон хэрэг биз. Ингээд 11 дүгээр сарын 18-нд Нью-Йоркт Навонтой уулзжээ. “Израиль улсын энэ саналд сэтгэл их хөдөллөө. Гэхдээ саналыг хүлээн авч чадахгүй учир гунигтай бас ичгэвтэр байна. Би энэ амьдралынхаа турш бодит эд зүйлстэй л харилцсанаас биш тусгай үүрэг даалгавар биелүүлэн ажилладаг олон хүнтэй хамтран ажиллаж үзээгүй” гэж татгалзсан учраа тайлбарлажээ.

Эйнштейн аливаа асуудалд дунджийг барихдаа маруухан, үзэл бодлоо чөлөөтэй, хурц тодоор илэрхийлээд сурчихсан учир байсхийгээд л шуугианы эзэн болж, таагүй байдалд ордог гэнэ. Үүнийг нь ч Бен-Гурион мэдэх учир зөвшөөрчихвөл яана гэх айдастай байсан бололтой. Ингээд ашгүй Эйнштейн ч татгалзжээ.
Эйнштейн Ерөнхийлөгч болох саналаас татгалзсанаасаа хойш хоёр хоногийн дараа нэгэн албан ёсны уулзалт дээр Эбантай тааралдахдаа хар зангиа зүүчихсэн дэгжин явсан ч гэлээ оймс өмсөөгүй нь анзаарагдаад байж. “Тэр бол цэвэр Эйнштейний дүр төрх. Тэр ёсорхуу хувцаслаж чадна. Гэхдээ хэзээ ч хувцаслалтын дэгийг барихгүй, өөрийнхөөрөө л байх болно. Тиймээс ч Ерөнхийлөгч болох боломжгүй гэж тооцсон байх” хэмээн Галина Вайштейн тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )
Сонирхолтой мэдээ бна
Сонирхолтой мэдээ бна