Теренс Кроуфорд: Канело үгүй болсон, одоо би боксын нүүр царай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 14

Лас-Вегаст Дэлхийн үнэмлэхүй аваргын төлөө Мексикийн Сауль “Канело” Альварес, АНУ-ын Теренс Кроуфорд нарын тулаан 12 раунд бүтэн үргэлжилж, гурван шүүгч санал нэгтэйгээр /116:112, 115:113, 115:113/ 37 настай Кроуфордод ялалт өглөө.

Тулааны дараагаар Теренс “Канело үгүй болсон. Одоо би боксын нүүр царай. Би Дэлхийн шилдэг нь” хэмээн мэдэгдсэн байна.
 


10 кг жин нэмж, рингнээ гарсан Кроуфордыг хөдөлгөөн удаантай, цуцалттай байх болов уу гэж таамаглаж байсан ч харин ч эсрэгээрээ хөл дээрээ хөнгөн ажиллаж, Сауль Альваресийн шахалт, хүчтэй цохилтоос амжилттай бултаж, булангаас хялбархан сугарч гарсаар тавдугаар раундаас хойш бүр илүүрхэж эхэлсэн.

Мэргэжлийн бокст аваргын дөрвөн бүс бий болсноос хойш ийнхүү Теренс Кроуфорд гурван жинд түрүүлсэн анхны тамирчин болж байна. Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 42 тулаан хийхдээ бүгдэд нь ялж, ялахдаа 31 удаад нь нокаутаар дуусгасан юм.
 

Харин 35 настай Сауль Альваресийн хувьд 68 дахь тулаан нь боллоо. Тэрээр гурав дахиа ялагдсан нь энэ. “Би ялагч болохоороо л энд зогсож байгаа юм шүү дээ. Ялагдсан ч гэлээ миний бие зүгээр байна. Тэгэхээр би ялагдаагүй гэсэн үг. Замналдаа би чадах бүхэндээ хүрсэн хүн. Одоо эрсдэлтэй алхам хийхээс айна гэж байхгүй. Теренстэй хийх тулааныг ч би дуртайяа хүлээн авсан. Дахиад бид хоёр рингэнд гарвал сайхан л байна. Кроуфорд бол сайн тулаанч. Түүнийг зохих ёсоор хүндлэх ёстой” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top