Монгол Улсад шатахууны хомстол, дараалал нүүрлэх нь тийм ч сонин үзэгдэл биш. Энэ жилийн сонин нь улсын дугаарын тэгш сондгойгоор, календарийн тэгш сондгой өдөр хуваарилсан нь л байлаа. ОХУ-аас бадар барьж гуйдаг байсан бол Хятад, Өмнөд Солонгосоос гуйдаг болов. Манай хомстол жуулчдын ид идэвхтэй үед таарсан нь дипломат харилцаатай улс орнууд анхааруулга гаргахад хүргэсэн. Чухам шатахууны хомстол яаж нүүрлээд, тэр нь бидэнд асуудал болсныг цаг хугацааны дарааллаар уншигч танд хүргэе.
7-р сарын 27
Өмнөх долоо хоногт нь шатахуун олголт зарим газар тасалдсан нь нөлөөлж, Улаанбаатар хотын томоохон шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэх болов.
7-р сарын 29
Улаанбаатар хотын томоохон шатахуун түгээс станцуудад шатахуун авах гэсэн иргэдийн дараалал өмнөх өдрүүдээс ч урт болов.
7-р сарын 31
Монгол Улс Өмнөд Солонгос улстай сар бүр 20 мянган тонн АИ-92 бензин, дизелийн түлш, 10 мянган онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцлоо. Мөн тусдаа хэлэлцээрээр Хятадаас 6000 тонн автобензин нийлүүлэхээр болов.
8-р сарын 1
Украины “Ukranian News” цахим хуудас Монгол Улсад нүүрлэсэн шатахууны хомстлыг мэдээлэв.

8-р сарын 3
- Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын шийдвэрээр Улаанбаатар хотод шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор календарийн тэгш, сондгой өдөр олгох түр зохицуулалт хийж буйг зарлав. Энэхүү түр зохицуулалтаар нэг удаад 50 мянган төгрөгийн худалдан авалтаар хязгаарлажээ.
Мөн Хятадаас ирсэн 1000 тонн онгоцны түлш Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтод иржээ.
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуунд дугаарлуулж, бухимдал төрүүлж байгаадаа иргэдээс уучлал гуйв.
8-р сарын 4
- Улаанбаатар хотод шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор календарийн тэгш, сондгой өдөр хуваарилах түр зохицуулалт үйлчилж эхлэв.
- Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж шатахууны хомстол нь салбарын хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж, 0 зогсоход хүргэж байгаа тул яаралтай шийдвэрлэх, үнэн бодит мэдээллээр хангахыг Засгийн газраас хүслээ.
- АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас түлш шатахууны хомстол нь орон нутгаар зорчиход бэрхшээл үүсгэж байгааг сануулж, шатахууны нөөцөө сайтар тооцоолох, төв, суурин газраас гарахаас өмнө шатахуун түгээх станцуудын талаар мэдээлэлтэй байх зөвлөмж гаргав.

8-р сарын 5
- Засгийн газрын хуралдаар 2027 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бензин, дизелийн түлшний онцгой албан татвар, гаалийн албан татварыг цуцалж, импортын зөвшөөрлийг хөнгөвчлөн, хувийн хэвшилд зөвшөөрөл олгохоо шийдвэрлэсэн. Мөн тэвчиж болох бүх зардлаа танаж, зайлшгүй шаардлагатай бус арга хэмжээ, хурал цуглаан, баяр наадмыг цуцлахаар болжээ.
- Монгол Улсын Засгийн газар наймдугаар сард ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгосоос 84,460 тонн АИ-92 бензин, 1,280 тонн АИ-95, 178,650 тонн дизелийн түлш, 7,000 тонн онгоцны түлш импортлох гэрээ байгуулснаа зарлав.
- Монгол даяарх шатахуун түгээх станцуудын шатахууны бэлэн байдлыг бодит цагийн горимоор хянах benzin,mn платформ нээж байгааг хувийн хөгжүүлэгч зарлав. Удалгүй АҮЭБ-ийн сайд нь энэ платформыг дэмжинэ гэдгээ зарлав.
- Австрали, Чехийн Элчин сайдын яам, Канадын Засгийн газрын Аялал жуулчлалын агентлаг Монгол Улсад нүүрлэсэн шатахууны хомстол эрсдэл дагуулж буйг зарлан төв, суурин газраас хөдлөхөөс өмнө шатахуун түгээх станцуудын мэдээлэлтэй танилцаж, хувийн бэлтгэлээ базаахыг зөвлөсөн зөвлөмж гаргав.

8-р сарын 6
Японы Элчин сайдын яам Япон улсын Элчин сайдын яамнаас Монголд байгаа болон зорчих гэж буй иргэддээ шатахуун олголтын хязгаарлалт, олон цагаар дугаарлаж буй талаар мэдээлэл өгч, бэлтгэлтэй байхыг сануулсан зөвлөмж гаргав.
8-р сарын 7
- Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нэг удаагийн олголтыг 50,000 төгрөгөөс 100,000 төгрөг болгож нэмэгдүүлэх төлөвлөгөөг хойшлууллаа.
- Аялал жуулчлалын компаниудад түлшийг ямар нэгэн хязгааргүйгээр худалдан авахыг Шуурхай штабаас зөвшөөрөв.
- АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууныг олон хошуугаар олгохыг үүрэгдэв.
- Москва Таймс цахим хуудас Украины дронын халдлагаас үүдэн тасалдал үүсгээд байгаа ОХУ дотоодын зах зээлээ хамгаалах үүднээс Монгол Улсад экспортлох шатахууны хэмжээг 6-7 сард 10 орчим хувиар бууруулсан тухай мэдээлэв. Тус цахим хуудаст мэдээлснээр долоодугаар сард 173,000 тонн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Энэ нь хэвийн үеийнхээс 13,400 тонноор бага гэсэн үг юм.
8-р сарын 8
- Ерөнхий сайд Н.Учрал “ПетроЧайна Дачин Тамсаг” компанийн удирдлагатай уулзаж, Хятадаас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхийг хүслээ.
- Шатахууныг дамлаж зарахтай холбоотой шалгалтыг эрчимжүүлж, 7 газарт торгууль оноох, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах боломжтойг анхааруулсан.
- Ерөнхий сайд болон албаны хүмүүс шинээр баригдаж буй түлшний агуулахын барилгын талбайг шалгажээ.
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Монгол банк болон арилжааны бусад банкнуудтай хамтран газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих, өргөтгөх, шинчлэх төсөлд хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. Одоогоор хөнгөлөлттэй зээлд 21 ААН-д газрын тосны бүтээгдэхүүн шинээр барих, өргөтгөх 26 төслийг дэмжихээр шийдвэрлэжээ.

8-р сарын 9
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням жилий өмнө албан тушаалаа авснаас хойш ОХУ-д ес дэх удаагаа айлчлав. Энэхүү айлчлалаар наймдугаар сард багтаан ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5,000 тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )