Эхнэр хүүхдээ хармаар байна: Усик Дюбуаг ДАХИН НОКАУТААР яллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 20

 

Мэргэжлийн боксын хүнд жингийн үнэмлэхүй аваргын төлөөх тулаан өчигдөр Лондон хотын алдарт “Уэмбли” стадионд цугласан 90 мянган үзэгчийн нүдний өмнө боллоо.

Украины 38 настай Александр Усик үе мултрах шахсан, булчин шөрмөс нь овойж зангирсан Английн 27 настай Даниэль Дюбуаг тавдугаар раундад нокдаунд оруулаад дараа нь сэргэх зөв өгөлгүй нокаутаар яллаа.

Усик хоёр жилийн өмнө Дюбуаг есдүгээр раундад ялж байсан. Гэхдээ тэр тулааны явцад Дюбуа өрсөлдөгчөө бэлхүүснээс доош цохиж, улмаар тулааныг таван минут завсарлуулж, Усикт биеэ бэлдэх боломж өгсөн түүхтэй. Ялагдсаныхаа дараа Дюбуа давж заалдсан ч хэрэгсээгүй юм.

Энэ тулаанаас хойш Усик Английн Тайсон Фьюритай хоёр тулаан дараалж хийсэн. 2024 онд Фьюритай хоёр удаа тулахдаа эхлээд шүүгчдийн саналаар ялсан бол харин даага нэхэх тулаанд нь дахин ялж, улмаар англи эрийг тэтгэвэрт нь гаргасан билээ.

Дюбуагийн хувьд сүүлийн хоёр жилд гурван том тулаан хийсэн. Эхлээд тун эвгүй Жаррелл Миллерийг 10 дугаар раундад нокаутаар ялаад, дараа нь түрэмгий Филип Хрговичийг дутуу гаргасан. Энэ хоёр тулааны дараагаар Дюбуаг хэрсүү, ухаалаг болсныг мэргэжилтнүүд цохон тэмдэглэж байлаа. Дараа нь “Уэмбли-д Энтони Жошуаг нокаутаар ялж, сенсаци тарьсан. Усикаас өмнө Жозеф Паркертай хоёрдугаар сард тулаан хийхээр товлосон ч хоёр хоногийн өмнө бие нь өвдсөнөөр тулааныг цуцалсан.

Ингээд Усиктай дахин туллаа. Усикийн хувьд сүүлийн 7 тулаандаа дандаа англичуудыг яллаа. Тамирчны хувьд нас ч нэлээн явсан тул одоо хоёр тулаан л хийхийг хүсч байгаа гэж өмнө нь хэлж байсан. Фьюритай гурав дахиа рингэнд үзэлцэх, тэгээд дараа нь UFC-гийн аварга асан Алекс Перейра юмуу Жэйк Полтой холимог тулааны дүрмээр тулалдах хүсэлтэй гэж байсан.

Харин Дюбуаг ялсныхаа дараа Усик “Одоо би амармаар байна. 38 гэдэг залуухан шүү. 38 бол дөнгөж эхлэл. “Уэмбли”-д ирсэн та бүхэнд маш их баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Миний дараагийн өрсөлдөгч Тайсон Фьюри юмуу эсвэл Дерик Чисора, магадгүй Энтони Жошуа ч байж болно. Эсвэл Жозеф Паркер байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ яг одоо би хэнтэй тулахаа хэлж мэдэхгүй байна. Гэртээ л харимаар байна. Эхнэр хүүхдээ хармаар байна. Амармаар байна” гэж хэлсэн юм.

Харин Дюбуа “Бүх хүчээ шавхлаа. Магадгүй илүү дээр байж болох хэд хэдэн агшин гарсан байх. Гэхдээ энэ бол гарцаагүй түүний ялалт. Би эргэж ирнэ” гэжээ.

Сонирхогчдын боксоор 2012 оны Лондоны олимпын наадамд түрүүлж, алтан медаль хүртсэн, 2011 оны Дэлхийн аварга Александр Усик 2013 оноос мэргэжлийн бокс руу шилжиж, өдий хүртэл 24 тулаан хийхдээ бүгдэд нь ялсан бөгөөд 15-ийг нь нокаутаар дуусгасан юм. Түүнийг орчин цагийн боксын аугаа тамирчин гэж хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх болжээ. Дюбуаг ялснаар гурав дахь удаагаа Дэлхийн үнэмлэхүй аварга болж, бүх Холбоодын аваргын бүсийг хамсан тамирчныг хүлээн зөвшөөрөхгүй гээд яах билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu