Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг явагдах гэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 07 сарын 12

Яг одоо Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг явагдах гэж байна.

Сурын түрүү тодруулах 16 харваачдын шигшээ багууд цэц мэргэнээ сорьсоны дараа 16.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түрүүлсэн харваачдад шагнал гардуулж, Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх гардуулах юм байна.

Сурын харваа бол үндэсний спортын ууган төрлүүдийн нэг, үүсэл хөгжлийн арвин түүхтэй соёлын өв билээ. Чулуун зэвсгийн үед ан ав хийх гол хэрэгслүүдийн нэг байсан хавчаахай нум нь он цагийн эрхэнд хэлбэрээ өөрчилж, Монголын анхны төрт улс буюу Хүннү гүрний үеийн гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болж хөгжсөөр өнөө цагийн үндсэн төрхөө олсон гэдэг. Ан ав, цэрэг дайны зориулалтаар ашиглагддаг байсан нум сум нь Үндэсний их баяр наадмын нэг төрөл болтлоо ард түмний дунд алдаршсан.

Үндэсний сурын харваа нь ойролцоогоор 2000 жилийн түүхтэй бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай. Тухайлбал “Харвааны үе” хэмээх наадамд мэргэ, шил, ноён, баатар, далд, шувтарга гэсэн үеүд байх агаад үе тус бүрд дөрвөн харваач зэрэг дэв, цолын эрэмбээрээ оролцоно. Жишээ нь, мэргэ үед зөвхөн алдар цуутай мэргэн харваачид өрсөлддөг бол далд үед харьж яваа, шувтарга үед удахгүй цахиур хагалах ирээдүйн аваргуудыг өрсөлдүүлдэг журамтай. Он цагийн уртад өргөжин тэлж, улам боловсронгуй болсон сур харваа нь цуваа, багийн, холч зэрэг төрөлтэй байсан бөгөөд өдгөө халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдах болжээ. Урианхай, буриад харваанд зөвхөн эрчүүд оролцдог бол халх сурын харваанд хүйс үл хамааран харвадаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top