Дэлхийн зоо тэнийлгэсэн монгол наадмын өнгө

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 07 сарын 12

Дэлхийн зоо тэнийлгэсэн монгол наадмаараа айл өрх бүр хуушуураа хайрч, хайлмаг хайлах нь хайлж, тос холих нь хольж, өрмөө загсааж, таргаа бүрээд, айргаа уугаад идээ ундааны өнгө дэлгэр сайхан, мал сүрэг тавтай сайхан наадацгааж байна. Наадмын нээлтийг эс тооцвол бүх зүйл бэлэгдэл ёс, утга агуулгаараа тэгш дүүрэн, төгөлдөр сайха(а)н. Наадам адууны хөлсний үнэртэй, айраг шуугин исэх хөг аялгуутай, өнгө өнгийн цэцэг дэлгэрэх шиг яруу тансаг, гоо үзэмжтэй, нэг тийм гэж хэлэхийн аргагүй сэтгэл догдлуулж, хүлээлт үүсгэсэн баяр.

Улс, аймаг, сумын алдарт уяачид өглөө эртээ гэгч нь босоод зандан модны хүжээр уяа, морьд, гэр хотоо ариулахад хүн зоных нь хийморь хамтдаа сэргэж босдог юм. Хэдхэн цагийн дараа үзүүр, түрүүний бөх тодорно. Наадамчид одоо нутаг нутгийн уулс хайрхад хүүгээ дэмнэж байгаа гэдэгт бат итгэн, суудал дээрээ өндөлзөнхөн, дэмждэг бөхийнхөө дээлийн захыг мушгин суугаа, завсараар нь самбайчлаад Төв цэнгэлдэхээ тойрон гороолж, хуушуурын амт “шалгасан” шигээ, Хүй долоон худаг руу ч явж, соёолонгийн тоосонд орж амжсан.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Улаанбаатар хот орчмоор үүлшиж байгаа ч бороо орохгүй нь бололтой. Салхи баруун урдаас секундэд 5-10 метр. Цельсийн +30…+32 градус байна. Товчхондоо, халуун, бага зэргийн салхитай, бороо хургүй байх нь. Байгаль, цаг уурын энэ өнгө хүүхэд нялхасаа наршихаас хамгаалсан наадамчдад төдийгүй нумаа эвшээлгэж, сумаа тавьж байгаа харваачдад маш чухал байгаа. Тэдний хувьд алдаж болохгүй үнэ цэнтэй мөч хормууд үндэсний сурын алтан шар зурхай дээр урсаж байна. Чухам хэн нь дархан мэргэн болохыг бүтэн жилийн хүч хөдөлмөрөөс гадна тэр өдрийн тэнгэр л мэднэ шүү дээ. Юм гэдэг учиртай.     

Харин үндэсний их баяр наадмын үеэр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр Төв цэнгэлдэх орчимд 800 гаруй, Хүй долоо худаг орчимд 900 гаруй, замын хөдөлгөөнийг зохицуулахаар 2000 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж буй юм байна.

Замын хөдөлгөөн зохицуулах, хэв журам сахиулахаас гадна бага насны хүүхэд төөрөх асуудал баяр наадмын өдрүүдэд гардаг нь тэдний ажлыг нэмж өгдөг. Төөрсөн хүүхдийг Хүүхэд хамгаалах түр байранд байршуулан эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч байгаа гэнэ. Эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 70 гаруй хүүхдийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөхдөө 30 байршилд байрлуулсан 70 гаруй хяналтын камерыг тасралтгүй хянаж, бяцхан иргэдээ хамгаалах ажиллагааг явуулжээ.

Мөн түүнчлэн төөрсөн хойно нь биш хүүхэд төөрөхөөс сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчийнх нь холбогдох мэдээллийг бичсэн хэвлэмэл бугуйвчийг 3300 гаруй хүүхдэд тараасан байна. Наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 1700 орчим дуудлага мэдээлэл ирдэг, тэр бүгдийг шийдэхийн төлөө ажилладаг юм байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт БНСУ-ын иргэн хэтэвчээ алджээ. Тухайн этгээдийн картыг ашиглан гурван удаагийн гүйлгээ хийж, 4.5 сая төгрөгийг хууль бусаар авсан тохиолдлыг одоо мөрдөн шалгаж байна.  Цагдаагийн байгууллагаас олон нийтийг халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжтэй байхыг анхааруулсаар л. Баяр наадмын өдрүүдэд хамгийн олон жуулчин ирэх нь ойлгомжтой. Эрхэм зочдоо энэ мэтээр угтаж, үдсээр байвал Монгол хэмээх зургаан үсэгтэй бурхан нэр чинь дэлхийн дэвжээнд ямар дүр төрхийг бүтээх вэ гэдгийг бодмоор...  Өөр нэг анхаарууштай зүйл нь орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд хурдаа тохируулан, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биедээ хүлээцтэй хандах хэрэгтэй. Энэ нь хэн нэгний төлөө биш өөрийнхөө амь нас, эрүүл мэнд, эдийн засгийн аюулгүй байдлын төлөө юм шүү дээ. Тэгээд дээрээс нь гал, усны аюул ослоос сэрэмжлэн сэргийлж явах нь чухал гэдгийг хэн нэгнээр заавал хэлүүлэн юун, тийм ээ.  

Их зохиолч Д.Нацагдоржийн хэлснээр “Эрүүл явбал улсын наадам үздэг” ч энэ жилийн тухайд улаанбурхан өвчний халдвар их байгаа. Сэрэмж илүүдэхгүй гэдгийг эцэг эх, асран хамгаалагчид мартаж болохгүй. Долоодугаар сарын 12-ны байдлаар нийт батлагдсан тохиолдол 12162-т хүрээд байгаа аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, нийт 11432 хүн эдгэрч, 341 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 382 хүн гэрийн ажиглалтад буй юм байна. Энэ өвчний улмаас долоон хүн нас баржээ. Харин халдвар авсан хүний тоог 90824 гэж үзэж байгаа юм.

Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт бөгөөд иргэдийг хоёр тун вакцинд хамрагдаж, халдвар хамгааллын дэглэм сахихыг эмч нар сануулж байна. Энэ мэтийн зүйлийг санаж сэрэн, сэрэмжилсэн шигээ наадаж байхад үзүүр түрүүний бөх тодорч, түрүү магнайнууд айрагдаж, эрхий мэргэн харваачид нь цэцээ гайхууланхан наадмын хоймор эзлэн ханхайж, Монгол Улсын Ерөнхийлөгч бай шагналаа гардуулах цаг тун удахгүй. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
polk(197.211.63.180) 2025 оны 10 сарын 17

Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Michael Gard(37.120.142.89) 2025 оны 07 сарын 27

ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA...\nTOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. ”” OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza.\nKONTAKT PODACI:\nWhatsApp: 385-9156-08706\nE-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

0  |  0
Close menu