Монголчууд ЗХУ-д тэмээн жингээр тусламж хүргэж байжээ

2025 оны 05 сарын 09

"Ховд" их сургуулийн багш доктор М.Ганболдын тэмдэглэл, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн  Б.Лувсан гуайн дурсамж дээр үндэслэн бичив.

1941 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн үүрээр Германы тал нэгэн зэрэг гурван өргөн фронтоор 180 орчим дивиз, 5.5 сая орчим цэргийн хүчээр ЗХУ-ын эсрэг цэрэг дайны ажиллагааг эхлүүлж, таван жил үргэлжилсэн урт хугацааны дайн эхэлсэн билээ.

БНМАУ-ын Засгийн газар, ард түмэн 1936 онд байгуулсан “Харилцан туслалцах гэрээ”-ний үүргээ биелүүлэн дайны эхний өдрөөс дуусах өдөр  хүртэл  ЗХУ-ын үнэнч холбоотон улс нь байж “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлж, 740 гаруй вагоноос бүрдсэн галт тэрэгний зургаан удаагийн бэлгийн цуваагаар тусламж хүргүүлсэн юм.


Монголын Засгийн газар, ард иргэдээс үзүүлсэн тусламж нь:
 

1. Эд хөрөнгийн тусламж,

2. Сэтгэл санааны тусламж байсан юм.

Энэхүү  тусламжийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, үзэл суртлын хүрээгээр тодорхойлж болох бөгөөд хэлбэрийн хувьд хүнс, хувцас, агт морь, мал, мөнгө төгрөг, алт үнэт эдлэл, зэвсэг техникээр туслах зэрэг биет тусламж, захидал бичих, Зөвлөлтөд сурч байсан оюутан, цэргийн сонсогч, офицерууд хамгаалалт, инженерийн хориглолт, танкийн саад, галын цэгүүд байгуулах,командын байр барих, бөмбөгдөлтийн хохирол арилгах, тагнуул туршуул, хорлон сүйтгэгчдийг илрүүлэх, баривчлах зэрэг амь дүйсэн үүрэг даалгавар гүйцэтгэж байв.  Түүнчлэн тухайн үед БНМАУ-д амьдарч буй Зөвлөлтийн иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгох зэрэг өргөн хүрээг хамруулан үзүүлж байсан юм.

 

НЭГ ТЭМЭЭНД 200 КГ АЧАА АЧИЖ БАЙВ

 

1942 оны зун Ховд аймагт фашизмын эсрэг эх орноо хамгаалан тэмцэж байгаа Зөвлөлийн Улаан армид илгээх бэлэглэлийн хөдөлгөөн ихээхэн өргөн далайцтайгаар өрнөжээ. Ховд аймгийн Манхан сумын ардууд 2700 шахам агт морь, 500 мянга орчим төгрөгийн эд материалийн тусламж үзүүлсэн байна. Энэ тусламжийн барааг хүргэхийн тулд  1200  орчим тэмээ цуглуулж, 20-30 хоногт бөхийг нь хөдлөхгүй болтол нь сойн уяад хом шат, бурантаг, буйл зэргийг бэлтгүүлж, нэг тэмээнд 200 орчим кг ачаа ачиж  байв.

Бэлэг хүргэх жингийн цувааг  сумын эвлэлийн үүрийн дарга 18 настай Б.Лувсан гуай ахалж, 110-аад  жинчин  зургаан сар хэрэглэх мах, борц, гурил, цай давс, тос, гутал хувцасаа бэлтгэж, 1942 оны есдүгээр сарын 17-ны өдөр алсын замд гарсан байна. Жин тээх хүмүүс нь ахмад настан, алдартай сайн малчин, туршлагатай жинчин, анчин зэрэг ажил амьдралын хатуу бэрхийг туулсан эрчүүд байв. 16-18 настай  дөрвөн залуу тэдэнтэй хамт явсан байдаг.

Намар нь тарга, хүч сайн авсан тэмээнүүдийг шилэн авч жингийн цувааг нарийн дэг журамтай зохион байгуулж,  өдөрт 20-30 км замыг туулж өвс, устай газрыг сонгон хоноглох бөгөөд тэмээнүүдэд шөнө хивлэг авахуулж хүч тамирыг нэмэгдүүлдэг байжээ.

Жингийн цуваа өглөө үүрийн  жингийн цагаан од гармагц хөдөлж,  орой харуй бүрий болтол явж замаа туулж байв. 1942 онд  эрт цас орсоноос үүдэн Цагаан нуураас эхлэн бараг өдөр бүр цасан шамрага тавьж хүн, малын толгой цасанд дарагдан цагаарч, хүмүүс нь даарч хөрөх, өлсөж цангах, ядарч сульдах, тэмээнүүд зам дээр хальтирч бэртэх, хальтирч унасан тэмээний ачааг хэд дахин ачих зэргээр саад бэрхшээл ихээхэн тохиолдож байсан хэдий ч тусламжаа улаан армид заавал хүргэх чин сэтгэлээр зорилгоо биелүүлсэн юм.

 

ЖИНЧИД “ГИТЛЕР СӨНӨТҮГЭЙ” ХЭМЭЭН ХАШГИРЧ, “ИДЭР ЖИНЧИН”-Г ДУУЛЖ ЯВЖЭЭ

 

Жинчид бие биеэ зоригжуулж “Гитлерийн фашизм сөнөтүгэй” гэж хашхиралдан , “Идэр жанжин”, “Сийлэн бөөр”, “Баян монгол” зэрэг дууг аялан  сэтгэл, санаагаа зоригжуулан  тэнхээ авдаг байжээ. Жинчдийн туулсан замын хамгийн хүнд, хэцүү хэсэг нь ЗХУ-ын Алтай уулсын нутаг Чуйн хөндийг туулж, Катун голыг гаталж, Чекет амны давааг давах байв. Эдгээр газар нутгийг туулах үед  цас ихээр орж, цаг агаар хүйтэрсэн  учраас ачаа тээсэн тэмээд  цас, мөсөн дээр хальтирч гулсах болон  унаж бэртэж байв. Тиймээс жинчид тэмээндээ “гутал” оёж, тавхайг нь хонины нэхий, эсгий, даавуугаар боож, брезент, арьсаар углааш хийж өмсгөж явдаг байжээ. Мөн цувааг цааш явуулахын тулд тэмээний тавхай дор дах, хүрмээс өгсүүлээд модны мөчир, банз тавьж хөдөлгөнө. Ялангуяа, Катун голын Усть-Селийн дүүжин гүүрийг гатлахад маш хэцүү байв. Тухайлбал, 12 дугаар сард Чекетийн  давааг давахад хоёр  метр орчим зузаан цастай 400-аад метр газрыг хоёр хоног малтан  зүтгэсэн байна. Тэр үед  10 метр өндөртэй цасан хашлага босгож байж тэмээдээ давуулж, шуудай шуудайгаар хусны мөчир бэлтгэн орой бүр тэмээддээ нэг нэгийг нэмэгдэл тэжээл болгон өгч байв. Энэ үед ойролцоох тосгоны 40-өөд хүүхэд, 20-оод эмэгтэйчүүд хамтран цас малтаж, тусалж байхад ахмад настан Тэгшжаргал гэдэг хүн ядарч, ухаан алдан унахад Тамара гэдэг бүсгүй хөхнийхөө сүүг сааж, аяга дүүргээд өгсөн тухай  Б.Лувсан гуай дурсамжиндаа ярьсан байна.

Тэмээ маш их тэсвэр тэвчээртэйг малчин монголчууд сайн мэддэг билээ. Монгол орны говийн халуун нөхцөлд  нэг сар орчим хугацаанд ус уухгүй байж чаддаг юм. Тэгвэл өвлийн тэсгим хүйтэн үед маш өндөр Чехет амны давааг  давахад зарим тэмээнд 2-5 тэмээний ачаа ачин зүтгүүлж байжээ. Тэмээнээсээ хэд дахин том ачаа ачихад дайвалзан ихээхэн сүртэй харагдаж, тэсвэр чадлыг нь магтахгүй байхын аргагүй байв. Өвлийн хүйтэн шөнө тэмээд 20 см урттай 4-10 ширхэг бургасны мөчир хивж хоноод хүч чадал нь сэлбэгдэн  босно. Хивлэг алдсан тэмээнд 8-10 ширхэг, өлдөөгүй тэмээнд 3-4 ширхэг бэлтгэсэн бургас өгч байжээ.

 

ТОСГОНЫ ИРГЭД МОНГОЛЧУУДЫГ “БААВГАЙ ИРЛЭЭ” ГЭЛЦЭН ГЭРТЭЭ УРЬЖ ДАЙЛЖ БАЙВ

 

Эцэж ядарч туйлдсан эсвэл бэртэж гэмтсэн тэмээг замд нь орхих явдал гарч байсан.  Орхисон тэмээний ачааг хамгийн хүч чадал сайтай тэмээнд нэмж ачна.  Зарим атнуудад 300-500 кг ачаа тээж байв. Тэмээг орхиод хөдлөхөд тэр нулимс асгаруулан буйлна. Жинчид уйлалдан эргэж харна. Энэ бол монгол хүн, мал хоёр хүйн холбоотой гэдгийг харуулж байгааг нотлох нэгэн жишээ.  Нэгэн шар атны тавхай нь салбараад явж чадахгүй болсон тул  жинчид Найна гэдэг тосгоны ойролцоо нэгэн айлд  захиж орхиод явсан байна. Жинчдийг бараг хоёр  сарын дараа буцаж ирэхд жингийн анир аван таван  км газраас  тосон догонцон ирж бүх тэмээ, жинчдийг үнэрлэн нулимс бөмбөрүүлэхэд  хүмүүс түүнийг өрөвдөн амраг хань, ахан дүүстэйгээ уулзсан мэт болж байсан гэдэг. Монгол хүн, мал хоёр хаа ч явсан элэг нэгтэй байдаг л энэ байх. Тэрхүү тэмээг харж тэжээж байсан орос хүнд бэлэг өгсөн хэмээн жинчид дурсан ярьсан байна. Алс холын хүнд бэрх замыг туулах үед замд таарсан суурин газар, тосгонд амьдардаг иргэд ихэд туслан тэмээний ачааг нь буулгах, ачих, халтирч унахад  дэмжиж босгох, тэмээг нэг нэгээр нь гол усыг гаталхад хөтөлж гаргахад туслах, тэмээнд модны нарийн мөчир тайрч тэжээл болгож өгөх зэргээр дэмжлэг үзүүлээд зогсохгүй өөрсдийн өмсөж байсан гадуур хувцасаа тайлан (өвлийн маш хүтэн цаг шүү дээ) мөсөн дээр дэвсэж тэмээг гишгүүлэн хөтлөн гаргаж байжээ.  Жинчдийг гэртээ урин төмс, байцаа, вандуй зэрэг байгаа бүхнээрээ дайлахаас гадна, хоол хүнс бэлтгэж өгөх, цасанд норсон хувцас, дах дэгтийг хатааж өгөх,  хэл яриагаа ойлголцохгүй хэдий ч нүдний харц, үйл хөдлөл, сэтгэл санаагаараа ихээхэн дэмжлэг үзүүлж байжээ. Тосгодын хүмүүс жинчидийг 5-10 км газар дагаж үдэж өгнө. Цуваа явахгүй саатсан үед болон хоног таарсан тосгодод, тухайлбал Хөшөө мод, Алуушаа, Онгуудаа, Шавилан, Маймаа, Найна, Бийск зэрэг тосгон, хотуудад амрах тусгай байр бэлтгэн бүжиг, танец, дуу, хуур зохион байгуулж сэтгэл санааг нь өргөн хөгжилдөг байжээ. Монголчууд урихад нь нэхий дээлээ эргүүлж нөмөрсөн дахтайгаа ороход “Баавгай” ирлээ хэмээн алга нижигнүүлэн угтаж байсан тухай Б.Лувсан гуай дурсан ярьсан байдаг.

Лха.Баяр

/Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Цэ ргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор (Ph.D), дэд профессор/

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эбээ(66.181.177.185) 2025 оны 05 сарын 09

Сайхаан, сайхан.

1  |  0
Close menu