Спортын “Оскар” гэж нэрлэгддэг Laureus шагналын Оны шилдэг эрэгтэй тамирчнаар Шведийн 25 настай тулгууртай харайгч Арман Дюплантис тодроод удаагүй байна.
Орь залуугаараа олимпод хоёр түрүүлж, Дэлхийн дээд амжилтыг 11 удаа шинэчлээд буй түүнээс сэтгүүлч “Яагаад та дээд амжилтаа сантиметр сантиметрээр ахиулдаг юм бэ? Шууд чинээнд нь тултал харайчихаж болдоггүй юм уу?” хэмээн юу ч мэдээгүй ойлгоогүй мэт асуужээ.
Дюплантис хариуд нь мушилзан “Их ухаалаг асуулт байна шүү” гээд “Намайг хүмүүс бэлтгэл дээр нууцаар 6.30 юмуу 6.40 метр дээгүүр харайчихаад тэмцээнд болохоор 6.27 харайлаа гэж төөрөлддөг байж магадгүй. Үнэндээ би бэлтгэл дээр бол тэмцээн дээрхээсээ 15 сантиметрээр доогуур харайдаг. Яагаад гэвэл бэлтгэл дээр тэр их энерги, хурд, андреналин байдаггүй. Тиймээс тэмцээн бүр дээр шинэ өндөр дээгүүр харайдаг. Энэ үнэн шүү.
Гэхдээ сантиметр сантиметрээр ахиулах тухайд бол худлаа хэлээд яахав. Би санхүүгийн ашгийн төлөө тэгж нэг нэгээр нь ахиулдаг. Мөн намайг тэмцээнд оролцох тоолонд үзэгчид илүү өндөр дээгүүр харайгаасай, дээд амжилт тогтоогоосой гэж хүсдэг болохор хүслийг нь биелүүлэхийг зорьдог юм. Бага багаар ч гэсэн ахиулахад урьд нь хэний ч давж байгаагүй л өндөр байдаг шүү дээ. Үүгээрээ үзэгчдэд ч, надад ч сайхан байдаг юм.
Мөн замналаа би өөдлөн дээшилж байгаагаар мэдрэхийг хүсдэг. Тиймээс аажмаар ахиулдаг. Дахиад хэдэн дээд амжилт тогтооно доо гэж бодож явах нь чадах өндөр дээгүүрээ ганц харайхаас дээр шүү дээ. Тэгэхээр яг хүмүүсийн боддог шиг биш байгаа биз?” гэж Дюплантис өгүүлжээ. Дэлхийн дээд амжилтыг шинэчлэх тоолонд 100 мянган ам.доллар шагналд олгодог ёстой.
Арман Дюплантисийн Дэлхийн дээд амжилтууд
2020 – 6.17м (Торунь, Польш)
2020 – 6.18м (Глазго,Шотланд)
2022 – 6.19м (Белград, Серби)
2022 – 6.20м (Белград, Серби)
2022 – 6.21м (Южин, АНУ)
2023 – 6.22м (Клермон-Ферран, Франц)
2023 – 6.23м (Южин, АНУ)
2024 – 6.24м (Чиамэн, БНХАУ)
2024 – 6.25м (Парис, Франц)
2024 – 6.26м (Силези, Польш)
2025 – 6.27м (Клермон-Ферран, Франц)
Өнгөрсөн жил л гэхэд Дюплантис 15 тэмцээнд оролцож, 15 удаа түрүүлсэн. 2023 оны наймдугаар сараас хойш 27 тэмцээнд оролцож, дандаа түрүүлсээр өдийг хүрээд байгаа юм. Энэ жил л гэхэд 6.27 метр дээгүүр харайж, өөрийн тогтоосон Дээд амжилтаа эвдсэн. Ер нь 2020 оноос хойш 6.17 метрээс эхлээд 6.18, 6.19 гэх мэтчлэн нэг сантиметрээр ахиулсаар 6.27-д очоод байгаа нь энэ билээ. Одоо тэр Лос Анжелесийн олимпыг хүлээж байгаа. Тэнд очоод өөр тамирчинтай биш зөвхөн өөрийнхөө тогтоосон дээд амжилттай л өрсөлдөх магадлал өндөр юм.
Сэтгэгдэл ( 0 )