КОВИД-19 цар тахал эхэлснээс хойших 5 жил: Сэтгэл зүйн туршилт, ЭЕРЭГ ТАЛУУД

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 13

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны гуравдугаар сарын 11-нд коронавирусийн цар тахал дэгдсэн тухай анх зарласнаас хойш таван жил өнгөрчээ.

ДЭМБ-ын мэдээллээр, өнгөрсөн хугацаанд дэлхий дахинд нийт 777 сая хүн коронавирусээр халдварлаж, долоон сая хүн эндэж, ковидтой ямар нэгэн байдлаар холбоотой шалтгаанаар 15 сая хүн амиа алдсан байна.

Цар тахлын оргил үед дэлхийн улс орнууд хөл хорио тогтоон, ард иргэдээ хэдэн сараар үргэлжилсэн карантинд оруулах зэрэг урьд хожид байгаагүй арга хэмжээнүүдийг авч байсан билээ. Давхардсан тоогоор 1.6 тэрбум хүн хөл хорионд орж байв.

Цар тахлын сөрөг үр дагаврууд өнөө хэр дэлхий даяар мэдрэгдсээр байгаа. Гэсэн ч бүх зүйл хоёр талтайн нэгэн адил цар тахлын хар өдрүүд бидэнд эерэг сургамж өгснийг зарим шинжээчид онцолж байна.

Стресс, сэтгэл зүйн гэмтлийн мэргэжилтэн Элке ван Хооф хөл хориог “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том сэтгэл зүйн туршилт” байсан хэмээн тодорхойлжээ.

Тэрхүү хүнд цаг үеийн “өв” гэж хэлж болох дөрвөн эерэг талыг мэргэжилтнүүд тодорхойлсон байна.

Вакцин үйлдвэрлэлийн технологийн үсрэлт

Эрдэмтэд ковидын эсрэг үр дүнтэй вакциныг есхөн сарын дотор бүтээсэн. Энэ нь дэлхий дахины вакцин үйлдвэрлэлийн салбарт хувьсгал хийсэн технологийн ач гавьяа.

Хиймэл мРНХ олон жилийн турш вакцин боловсруулах үр дүнтэй механизмын хувьд судлагдаж байсан ч энэхүү технологийн боловсруулалт нь ковидын цар тахалтай зэрэгцэн огцом эрчимжсэн байна.

АНУ-ын “Pfizer” компани Германы “BioNtech” хамтран, АНУ-ын “Moderna” компани бие даан мРНХ-ийн механизмыг ашиглан туйлын бага хугацаанд вакцин бүтээснээр олон сая хүнийг вирусийн халдварын хор уршигтай үр дагавраас хамгаалж чадсан юм.

2020 оны арванхоёрдугаар сарын 8-нд Британийн иргэн 90 настай Маргарет Кинан гэх өндөр настан өрнөдөд ковидын эсрэг вакцин хийлгэсэн анхны хүн болж, түүхэнд оров. Эл вакциныг бүтээсэн Унгарын биохимич Каталин Карико, АНУ-ын дархвар судлаач Дрю Вайсман нар 2023 онд анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртсэн билээ.

ДЭМБ-ын нийгмийн эрүүл мэндийн шинжээч Маргарет Харрис вакцины төлөөх өрсөлдөөнийг цар тахлын хамгийн агуу эерэг талын нэг хэмээн тодорхойлсон байдаг. “Бид технологийн гайхалтай хурдацтай хөгжлийн гэрчүүд болсон” хэмээн Харрис ярьсан байдаг. мРНХ тухайн үед хэдийн танигдсан байсан ч өдгөө түүнийг хорт хавдрын эсрэг вакцин бүтээхэд ашиглаж эхэлжээ.

Эдинбургийн их сургуулийн профессор, “Цар тахал хэрхэн дэлхийг өөрчилсөн бэ: Дараагийн цар тахлаас сэргийлэх боломжтой юу” номын зохиолч Дэви Сридхар цар тахлаас авсан сургамж вирусийн шинэ дэгдэлтийг үр дүнтэй илрүүлэн, таних боломжийг нээсэн гэж үзэж байна.

Цар тахлаас өмнө вакциныг гаргаж авч чадах уу гэсэн асуулт тавигддаг байсан бол өдгөө хэр хурдан гаргах вэ гэсэн асуулт л тавигдах болсон гэж Сридхар онцолж байна.

Түүнчлэн, дараагийн цар тахалд хэрхэн сайтар бэлдэх тал дээр сургамж авсан. Жишээ нь цар тахалд бага өртсөн орнуудын хүн ам цар тахлаас өмнө илүү эрүүл, чийрэг байжээ.

Боловсролын салбарын шинэ эрин үе

Сургуулиуд хаалгаа барьсан нь дэлхийн бүх хүүхдийн хувьд гамшгийн хэмжээний үр дагавартай байлаа. Америк дундын хөгжийн банкны боловсролын хэлтсийн дарга Мерседес Матеогийн ярьснаар, сургуулиа хаясан хүүхдийн тоо болон бага болон дунд боловсролын түвшин дэх хоцрогдол цар тахлын хамгийн хүнд үр дагавруудын нэг хэвээр байна.

Эдгээр сөрөг талтай зэрэгцэн боловсролыг өнөөдөр хэрхэн хүлээн авч байгаа тал дээр эерэг өөрчлөлт гарсан гэж Матео онцолжээ. Боловсролын тухай хэлэлцүүлгийг XXI зуунд авчирснаар боловсролын тогтолцоог бүхэлд нь эргэн харахад маш эерэг нөлөө үзүүлсэн гэж Матео ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хэлснээр, цар тахлын үед боловсролын салбар хамгийн цахимжаагүй салбарын нэг болох нь тодорхой болж, энэ чиглэлд хийж буй аливаа өөрчлөлтүүд мэдэгдэхүйц эсэргүүцэлтэй тулдаг болохыг бид харсан. Харин ковид-19-ийн ачаар илүү уян хатан, хосолмол хэлбэрийн боловсролд шилжихээс өөр аргагүйд хүрсэн. Үүний дүнд анги, танхим нь сургалтын цорын ганц орчин гэсэн ойлголт өнгөрсөнд үлдэж байна.

Цар тахлын асуудлууд боловсролын салбарыг улс төрийн түвшинд хэлэлцэх асуудлуудын жагсаалтын дээгүүрт оруулснаараа эерэг талтай. Мөн цар тахал орчин цагийн нийгэмд сургуулиудын гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг нэмэгдүүлснийг Матео онцолсон байна.

Хөдөлмөрийн салбар дахь өөрчлөлтүүд

Цахилгаан мэт хурдтай давлагаалсан ажлын байрны цомхотгол үүнийг дагасан ядуурал ковид-19 цар тахлын хамгийн ноцтой үр дагавруудын нэг яах аргагүй мөн. Хөдөлмөрийн зах зээл дээр залуус, эмэгтэй ажиллах хүчний хомстол үүссэн нь дэлхийн эдийн засгийн хамгийн ноцтой асуудлуудын нэг хэвээр байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтэн Херсон Мартинесийн ярьснаар, цар тахлаас авсан сургамжийн нэг бол хөдөлмөр эрхлэлт, урт хугацаанд ажлын байрыг хадгалах замаар орлогыг хамгаалах бодлого нь эдийн засгийн удаашралтын цохилтыг зөөллөх боломж олгосон явдал байв. Ийм стратеги эдийн засгийн сэргэлтийн явцыг түргэтгэсэн гэдэгт Мартинес эргэлзэхгүй байна.  

Хөдөлмөрийн зах зээл харьцангуй хурдан сэргэсэн ч ОУХБ сүүлд гаргасан тайландаа геополитикийн хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлт, улсын өрийн өсөлт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан энэхүү үйл явц удааширч байгааг анхааруулжээ. Харин ажлын үйл явцад гарсан томоохон өөрчлөлт бол алсаас ажиллах хосолмол хэлбэр бий болсон явдал байлаа. Дэлхий дахинд олон компани ажлын байрандаа эргэн ирэхийг шаардаж байгаа ч ажлын хосолсон хэлбэр нь давуу талтай болохыг мөн харуулсан юм.

Дэлхийн олон улс алсаас ажиллах тухай дэвшилттэй хууль баталсан. Тухайлбал, Ирланд, Франц зэрэг улс ийм хууль баталсан.

Түүнчлэн, цар тахалтай зэрэгцэн эхэлсэн технологийн хувьсгал бүтээмжийг хурдацтай дээшлүүлэх алтан боломжийг олгосон. Тухайлбал, янз бүрийн салбарт бүтээмжээ өсгөхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглах болов.

Сэтгэл санааны эрүүл мэнд

Дэлхий даяар дэлгэрсэн цоожтой хаалганы цаадах амьдрал, тодорхойгүй байдал, ганцаардал, айдас, гутрал сэтгэцийн гэмтэл авах шалтгаан болсон.

ДЭМБ, Пан Америкийн Эрүүл мэндийн байгууллага зэрэг байгууллагууд цар тахлын дараах сэтгэл гутрал, айдас түгшүүр, амиа хорлолт, амиа хорлох бодол төрөх зэрэг үзэгдлүүдийн талаар гүнзгийрүүлсэн судалгаа хийжээ. Сэтгэл судлаач Лаура Рохас-Маркосын үзэж буйгаар, цар тахал бидний сэтгэл хөдлөлийн ой санамж, болж буй зүйлд хандах хандлагад нөлөөлсөн байна. Энэ бол зөвхөн шаналал дагуулсан бус шинэ мэдлэг өгсөн эргэлтийн мөч байлаа.

Бид өдгөө сэтгэцийн эрүүл мэнддээ санаа тавих нь хэр чухал болохыг ойлгож авсан гэж Рохас-Маркос ярьжээ.

Хүмүүс амьдралаа эргэн харах боломжийг ашиглаж, бусдыг, хүрээлж буй хүмүүс, тэр бүү хэл өөрийгөө, байх ёстой мэт хүлээн авахаа больж сурсан.

ВВС агентлагийн захиалгаар 2022 онд явуулсан судалгаанаас үзвэл, дэлхийн 30 орны оролцогчдын гуравны нэг нь цар тахлын дараах сэтгэл санааны байдал сайжирсан гэжээ. Тэдний ихэнх нь гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрүүлдэг болж, амьдарч буй нийгэм, байгаль орчинтойгоо холбогдох холбоогоо илүү мэдэрч, юу илүү чухал болохоо ухамсарлажээ. Энэ бүх өөрчлөлтүүд нь бүхэлдээ эерэг нөлөө үзүүлсэн байна.

Цар тахал бидэнд завсарлага авч, хүний тэсвэр, тэвчээр, бусдыг энэрэх зэрэг хүний мөн чанарыг илтгэдэг гол хоёр итгэлцүүрийн талаар нухацтай тунгаан бодох боломж олгосон. Хүмүүсийн эв санааны нэгдэл л хар өдрүүдийг солонгоруулсан хамгийн гэрэлт мөчүүд байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top