ТОЙМ | Монголын эдийн засгийн хөгжилд ШХАБ алга ташиж, Киргиз улс олон салбарт хамтрахаа илэрхийллээ

2023 оны 10 сарын 30

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын гадаад харилцаанд болон, дотоод үйл амьдралд болсон үйл явдал  олон байв. Эдгээрээс онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Улаанбаатар хотын 384 жилийн ой тохиолоо

Нийслэл хот байгуулагдсаны 384 жилийн ойг тохиолдуулан хотын анхны шавыг тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлж, сүлдэт хуурыг цэнгүүлэв. Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Түүхт үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ сурталчлан таниулахаар хотын  шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл илэрхийлдэг уламжлалыг тогтоожээ. Ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо.

 

ШХАБ: Энэтхэг, Монгол хоёр эдийн засгийн үсрэнгүй хөгжил рүү орлоо

ШХАБ-ын уулзалтад “Энэтхэг, Монгол хоёр улсыг эдийн засгийн үсрэнгүй хөгжил рүү орж буй улс орнууд” хэмээн бусад улс дурдсан нь өнгөрч буй долоо хоногийн сонирхолтой мэдээллийн нэг байв.

ЗХУ задран унаснаас хойш бүс нутагтаа эдгээр орнуудтай нэг гараанаас эхэлсэн Монгол Улс бараг ганцаараа ардчилсан парламентын засаглалыг сонгон 30 гаруй жилийг туулж явна. Өнөөдөр Монгол Улс өнгөрсөн 30 жилээ дүгнэн дараагийн үе рүү шилжиж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын уулзалтад хэлсэн үгэндээ далайд гарцгүй орнууд нэгдэж эдийн засгаа тэлэх нэгдэл байгуулахыг уриалсан. Мөн энэ чиглэлд Киргизстантай хамтын ажиллагаа эхлүүлэхээр ярьж тохирлоо. Түүнчлэн хойд, урд хөршийн Ерөнхий сайдтай нэг өдөр зэрэг уулзсан. Хойд хөршийн зүгээс Эгийн голын УЦС-ын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх, худалдааны эргэлт саарсан асуудлыг эргэн харах, ХАА-н бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй үнээр авах, шатахууныг тасралтгүй нийлүүлэх тал дээр анхаарахаар болсон. Тэгвэл  БНХАУ-ын зүгээс ногоон хөгжил экологийн тэнцвэрт байдлыг хангах, энэ хүрээнд шар шорооны шуурга, тэрбум мод, говийг усжуулах, Хятадын инновацийг Монголд нэвтрүүлэхэд хамтрах, Улаанбаатар хотын асуудал-хэт төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах метро, шинэ гүүр барих зэрэг ажлуудыг эхлүүлэхэд хамтрах зэрэг олон асуудлыг ярилцаж тохиржээ.

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз улстай хамтарна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын энэ оны долоодугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлоод айлчлалын үеэр ярьж тохиролцсон ажлуудаа хэрэгжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллахаа нотлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирчээ.

 

“D-Өргөдөл”-д залуус идэвхтэй оролцов

УИХ-ын дарга Г.Занданшатар “НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу” гэх бүх нийтийн санал асуулгаар “D-Өргөдөл” цахим системийг нээснээс хойш 5-6 хоногийн дотор 104.791 иргэн цахим гарын үсэг, ДАН системээр дамжуулан дэмжихээ илэрхийлэв. Энэхүү санал асуулгад залуус идэвхтэй оролцсон нь анхаарал татаж байна. Шинэ үеийнхнийг идэвхгүй, сонгуульд оролцдоггүй гэхчлэн шүүмжилдэг ч өөрсдийнх нь сонирхолд таарсан технологийг ашиглан шинэчлэл хийж болохыг үүнээс харж болох юм.

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар, саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ-ын дарга уг асуудлын талаар нэгдсэн хуралдаанд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ гэж заасан. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар нийтийн өргөдлийн дүнг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Нийтийн өргөдлийн саналын дүн холбогдох журамд заасан шаардлагыг ээлжит чуулганы үеэр хангасан бол Байнгын хороо 14 хоногийн дотор уг асуудлыг авч хэлэлцэх ёстой юм.

 

АТГ-ын мэдээлэл ба Д.Амарбаясгалангийн мэдэгдэл

АТГ-аас ээлжит мэдээллээ хийхдээ “Нүүрсний хэрэг”-ийг шалгаж, эхнээс нь шүүхэд шилжүүлснээ зарласан. “Нийт 30 хэрэг АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд байснаас нэмээд 42 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, нийт 72 хэргийг шалгасан. Одоогоор 43 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна. Найман хэргийг нэгтгэн шалгаж байгаа. 11 хэргийг шүүхэд шилжүүлсэн. 10 хэргийг гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн” гэсэн бол нүүрстэй холбоотой хэрэг олон жилийн хугацаанд явагдсан, өргөн цар хүрээтэй тул мөрдөн шалгах ажиллагаанд цаг хугацаа шаардагдаж байгаа гэдгийг хэлсэн.

Дээрх мэдээллээс үүдэн “Нүүрсний сонсгол”-ыг энэ намрын чуулганд багтааж хийж чадах уу гэдэг асуулт тавигдаж буй. Энэ асуултыг сэтгүүлчид  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд тавихад “Засгийн газраас энэ онд багтаж, нүүрсний сонсголыг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж өнгөрсөн жил нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотойгоор Монголд орж ирэхгүй байгаа орлогыг оруулдаг болохын тулд Засгийн газраас 362 дугаар тогтоолыг гаргасан. Тухайн тогтоол гарч байхад улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. Улам багасч, дефолт болох эрсдэл нүүрлэх гэж байсан учраас ярилцаж байгаад тогтоол гаргаж, уул уурхайн бүтээгдэхүүний орлого 100 хувь улсад орж ирдэг байх шаардлагыг тавьсан. Мөн нүүрс тээвэрлэлт хийсэн компани татвар, хураамжаа улсад бүрэн төлдөг байх ёстой. Нүүрсний сонсгол хийх ажлын хэсэг УИХ дээр байгуулагдсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж байгаа” гэсэн юм.

 

АН-ын генсек хэн болох вэ

Албан тушаалын хэнээрхэл, тамга атгахын төлөөх дотоод дажиндаа чөдөрлүүлсэн Ардчилсан нам сонгуулийн өмнө сайн менежертэй болохыг мөрөөдөж байна. Тэр нь өөрсдийнх нь хүсэж буйгаар тус намын шинэ генсек байна гэж тооцоолжээ. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын удирдлагууд 2-3 өдөр зөвлөлдсөн. Намын бодлого төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэл, цаашид хэрхэн ажиллах стратегийг хэлэлцэж байгаа гэх ч ерөнхийдөө дотоод бүтцийн асуудалд илүүтэй анхаарал хандуулжээ. Энэ нь намын дарга Л.Гантөмөрийн зүгээс Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох хүн ямар  шалгуур хангасан байхыг зарласан явдал. Тэрбээр “Генсекээрээ бусдыг сонсож чаддаг, ажилдаа дарлуулдаггүй, өндөр боловсролтой, чигч шударга залуу хүн сонгоно. Бас нэг асуулт олон ч хүнийг нойргүй хонуулж, мөн л эвдрэлцэлд хүргэчих гээд байна.

Сонгуулийн жагсаалтад хэний нэр бичигдэх вэ гэдэг асуулт. Үүнийг би ганцаараа шийдэхгүй. Хувийн хэргийг хойшоо тавьж улс олон нийтийн эрх ашгийн төлөө өөрийгөө зольж чадах мэдлэг боловсрол, ёс суртахуун нь тэгширсэн зөв хүмүүсээ жагсаалтанд оруулна. Дарга болох хүсэлтэй хүн мэдлэг боловсрол нь тэгширсэн, элдэв бусармаг зүйлд холбогдоогүй, нөхөддөө төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх босгыг тавина” гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kk(97.120.7.100) 2023 оны 10 сарын 31

ацны чинь үсрэнгүй хөгжил. хошгируулж өгөхийм

0  |  0
Top