Төсөв дагасан хариуцлага ба Хангалтгүй ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2023 оны 08 сарын 31

Монгол Улсын төсвийн зардлын багагүй хэсэг нь өнгөрсөн жилүүдэд улс орны хөгжлийг урагшлуулахад гэхээсээ эрх баригчдын дараа дараагийн сонгуулийн үйл ажиллагаанд зориулагдсан, тойрог услах маягийн зориулалтаар хуваарилагдаж ирсэн буруу жишиг тогтсон. Тиймээс төсөв боловсруулах бүхий л шат ил тод байх, иргэдийн эрүүл оролцоотой байх шаардлага хэдийнэ тулгамдсан асуудал болсныг хаа хаанаа харж буй. Энэ  жилийн тухайд төсвийн орлого өсөлттэй, эерэг үзүүлэлттэй байгаа ч орлогын эх үүсвэр нь мөнөөх л цөөн нэр төрлийн түүхий эд тэр дундаа нүүрсний экспортоос голлон хамаарч буй. Төсвийн орлогын эх үүсвэр доголон ийм нөхцөлд төсвийн зарлагын үр ашигтай байдлын талаар ярихаас гадна алхмууд хийх зайлшгүй шаардлагатай.

Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар  Сангийн яаманд очиж, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүлээлгэн өгч, төсөвтэй холбоотой хариуцлагын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Спикер хэлэхдээ, “Төсвийн төлөвлөлтөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад үндэслэл болгон ашигладаг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг зөвхөн Засгийн газар дангаар бус УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулдаг байхаар хуульд тусгасан. Төсвийн төлөвлөлтийг буруу тооцоолж, төсвийг баталж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн зарцуулсан бол уг албан тушаалтанд хариуцлага тооцох нөхцөлийг хуульд тусгаснаар сахилга хариуцлагыг чангатгаж өгсөн” гэлээ.

Сануулахад,  энэ оны төсвийг өнгөрсөн оны сүүлээр хэлэлцэх үед, Төсвийн байнгын хорооноос  төсөв дэх олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор анх удаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ  “Төсвийн хууль бол Монгол хүн бүрийн амьдралд нөлөөлдөг учраас олон нийтийн хяналт, оролцоо хамгийн чухал... Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Монгол Улсын төсвийг хэлэлцэх, батлах үйл явцыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод болгох үүднээс иргэдийн оролцоо, хяналтыг тавих боломжийг хангасан шинэ жишиг тогтоно. Жил бүрийн улсын төсөвт үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалт, халамж тусгасан байна гэх шүүмжлэл гардаг. Тиймээс төсөв батлагдахаас өмнө энэ бүгдийг олон нийтээрээ хянах, зөвшилцөх, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх боломжийг бүрдүүлнэ. Иймд иргэд, иргэний нийгмийн байгууллага, судлаач, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоодыг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэж байв.

Судалгаанаас үзэхэд, 2012-2022  он хүртэлх  10 жилийн найман жилд нь Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийг тодотгож өөрчилж байжээ. Зарим жилд хоёр удаа өөрчлөлт оруулж байв. Ихэвчлэн хэт өөдрөг төсвийн орлогын зорилттой төсвийн төсөл өргөн барьснаас төсвийг тодотгох шаардлага үүсдэг. Тодотголоор төсөвлөсөн зардлаа танах, эсвэл төлөвлөөгүй зардлуудыг нэмэлтээр тусгадаг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын төсөөлөл, төлөвлөлт хангалтгүйгээс Засгийн газар зорилгодоо хүрэх нөөц боломжоо бүрэн ашиглаж чадахгүйд хүрдэг. Улсын төсвийн орлогын төсөөллийг бодитой хийдэггүй,төсвийн зардлын дунд хугацааны уялдаа байхгүй байна гэж Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн судлаач, эдийн засагчид сануулдаг.

Түүнчлэн 2012-2022  он хүртэлх  10  жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн орлого, зарлагын хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ, хэзээ тодотголууд хийгдэж байсан бэ гэдгийг дараах хүснэгт мэдээллээс харна уу.

 

НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО, ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР

 

НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ЗАРЛАГА, ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР

Мөн, Олон улсын төсвийн нээлттэй байдлын судалгаагаар манай улсын төсвийн нөхцөл байдал  ямар түвшинд, хэрхэн эрэмбэлэгдэж буйг тодотгон хүргэе.

“International Budget Partnership" буюу “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2021 оны дүнгээр Монгол Улс 120 улсаас 38 дугаарт эрэмбэлэгдсэн

Сангийн яамны зүгээс уг судалгааны дүнг өмнөх судалгааны дүнгээс 3 байраар ахьсан амжилт гэж тодотгож байсан.  Мөн энэ нь Засгийн газрын зүгээс төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ажлын үр дүн гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагын түншээр ажиллаж Монгол Улсын судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулдаг Нээлттэй Нийгэм Форумын зүгээс мэдээлэхдээ “ 2021 оны олон улсын судалгааны дүнгээс харахад Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 60 авсан бол олон нийтийн оролцоогоор дөнгөж 13 оноо авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 76 оноогоор үнэлэгджээ гэсэн юм.

Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй бөгөөд төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэйг зөвлөж байгаа юм.

Түүнчлэн төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 13 оноо авсан нь Засгийн газар олон нийтэд төсвийн үйл явцад оролцох боломж олгохдоо маш хангалтгүй байгааг харуулж байна гэж шүүмжилсэн.

Судалгааны дүнгээс үзэхэд Төсвийн ил тод байдлын талаарх үзүүлэлт, оноог тухайлан авч үзэхэд, 2019 оныхоос  дээшилсэн ч анхаарах асуудлууд байгаа юм.

Төсвийн нээлттэй байдлын судалгааны хэсэгт төв засгийн газар орлогоо хэрхэн бүрдүүлж, нийтийн хөрөнгийг хэрхэн зарцуулдаг талаар олон нийт мэдээлэл авах боломжийг хэмждэг. Тодруулбал, энэ хэсэгт төсвийн 8 үндсэн баримт бичгийн цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг 109 ижил жин бүхий үзүүлэлтээр хэмжиж, улс бүрийг 0-ээс 100 хүртэлх оноогоор үнэлдэг.

Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээлэл нийтэлж буйг илтгэнэ гэж үздэг. Тэгвэл Монгол Улс төсвийн ил тод байдлын оноо авбал зохих 100 онооноос 60 оноо авсан байна.

Монгол Улсын төсвийн ил тод байдал 2010 оны судалгаагаар буюу 12 жилийн өмнө  60 оноотой үнэлэгдэж байсан бол 2017 оны судалгаагаар 46 оноо болж буурч байжээ. Харин 2019 онд 56 оноогоор үнэлэгдэж байсан бол 2021 оны буюу сүүлийн судалгааны дүнгээр 60 оноо авсан байгаа юм.

Төсвийн баримт бичгийн олон нийтэд нээлттэй байдлын судалгааг дараах графикаас харахад: Хагас жилийн тайланг боловсруулах, мэдээлэх үйл явц хангалтгүй дүгнэгджээ. Мөн Иргэдийн төсөв 2010, 2012, 2017, 2019 онуудын судалгаагаар хангалтгүй дүгнэлт авсан байгаа  юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(103.212.116.27) 2023 оны 09 сарын 13

SEKSDN AX NART80955877

0  |  0
Top