Хөрөг зураг, намтарчилсан эшлэл хосолсон "Тэнгэрийн заадас" номын нээлт боллоо

2023 оны 05 сарын 26

 

Номын зохиогч Жалдангийн Буд-Эрдэнийн "Тэнгэрийн заадас" хөрөг номын нээлт өнөөдөр (2023.5.26) Чингисийн музейд боллоо. "Тэнгэрийн заадас" хөрөг зургийн номд энэ цаг үеийн хамгийн алдартай нөлөө бүхий хүмүүс, бидний амьдралд урам зориг өгдөг Монголчуудын оюун санааны манлайлагч болсон эрхэм хүмүүсийг нэгтгэжээ. 

Гүн шөнийн тэнгэрт мянга мянган гэрлээр сацрах "Тэнгэрийн заадас"-ын одод адил эдгээр эгэл бус хүмүүс бидний амьдралыг гэрэлтүүлж хүмүүн бидний ертөнцөд өнгө хээ, гэрэл гэгээ нэмдэг билээ. Зохиолч, яруу найрагчдаас авахуулаад багш, орчуулагч, уран барималч, спортын алдартнууд гээд бидний амьдралд арилшгүй мөрөө үлдээсэн олон арван хувь хүмүүсийн түүх намтар энэхүү номд буй. Хүн бүр өөрийн гэсэн тэмцэл, ялалтын түүхтэй байдаг шиг хуудас бүр нь нэгэн түүх, нэгэн амьдралын замнал өгүүлэх аж. 

Уг ном нь гэрэл зургаар дагнаж, эшлэлээр намтарчилсан анхны бүтээл гэдгээрээ тун ч онцлог. 

 

 

Номын зохиолч Ж.Буд-Эрдэнэ: 

"Энэхүү хөрөг ном маань хөрөг гэдэг утгаараа, мөн намтарчилсан эшлэлүүдтэй гэдэг утгаараа Монголдоо анхдагч болж байна. Нийт 81 хүний хөргийн оруулсан номынхоо нээлтийг өнөөдөр хийж, гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. Энэ 81 эрхэм Монголын соёл урлаг, спорт, нийгмийн амьдралд энэ олон жилийн турш Тэнгэрийн заадас мэт гэрэлтэж, бүхий л амьдралынхаа турш амжилт бүтээлтэй явсан хэмээн билгэдэж "Тэнгэрийн заадас" хэмээн номоо нэрлэсэн. Ном маань цаашид ч мөн үргэлжлэн гарах байх. 

Бид олимпын төрөлд оролцдоггүй спортын тамирчдыг түлхүү онцолсон байгаа.Тухайлбал шатрын их аварга Б.Мөнгөнтуул, уулчин Б.Гангаамаа, сумогийн их аварга Хакухо, паралимпын Э.Содномпилжээ гээд л олон эрхмүүд бий. 

 

 

Энэ удаад зургаа авахуулж амжаагүй олон эрхмүүд байгаа. Тэд маань дараа дараагийн номд орох болов уу гэж бодож байна. Зарим зургууд нэлээн эрт авсан зургууд байгаа. Ерөнхийдөө яг энэ номд зориулж 60 гаруй зураг авсан" гэлээ. 

Тэрээр багадаа одон орон судлаач болохыг мөрөөддөг нэгэн байжээ. Хэдийгээр энэхүү мэргэжлээр мэргэшиж чадаагүй ч од болон гялалзсан эрхэм хүмүүсийг нэг цаг дор нэгтгэж "Тэнгэрийн заадас" номоо гаргасан нь мөрөөдөл нь биелж буй нэг хэлбэр байж мэднэ хэмээн тэрээр нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн нь тун ч учиртай үг аж. Учир нь энэхүү номд багтсан эрхэм хүмүүсийн дийлэнх нь бага насныхаа хүсэл мөрөөдөлд хөтлөгдсөөр ийнхүү алдарын оргилд хүрчээ. 

 

 

"ТЭНГЭРИЙН ЗААДАС" НОМД БАГТСАН ЭШЛЭЛҮҮДЭЭС 

"Би тайзан дээр үнэн амьдрах гэж сэтгэлээ зориулдаг. Гэтэл иргэд амьдралаа жүжиг болгох гэх юм. Ингээд бодохоор бидний амьдрал солигдчхоод байгаа юм биш үү. Би нэг харцтай, нэг нүүр царайтай, нэг өнгийн дуу хоолойтой. Гэвч тэр бүхнээ лав тавин жил янз бүрээр хувиргаж ирлээ" 

                                                                                                                                                                                                                                              Ардын жүжигчин, Төрийн шагналт жүжигчин Н.Сувд

 

 

"Би хойд насандаа аавтайгаа уулзна гэж бат итгэдэг. Яагаад гэвэл миний аав бүртийх төдий нүгэлгүй хүн явсан. Харин надад диваажингийн хаалга онгойх болов уу яах бол" 

Дорнын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн 

 

 

"Нэгэн урт цагаан сахалтай лам гартаа байсан хадгаа өргөж, "Хүүтэй болно. Урианхай гэж нэр хайрлаарай" гэж байна гэж ээж маань зүүдэлсэн гэдэг. Бага насаа эргэн дурсахад яагаад ч юм бүү мэд, жаахан гуниглуун явдаг хүүхэд байж дээ" 

Ардын уран зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай 

 

 

"Тэнгэрийн заадас" хөрөг номын гэрэл зурагчин СТА Ө.Баттайван "Энэ ном анх яаж эхэлсэн бэ гэвэл бид гэрэл зургийн бааз байх ёстой гэж бодсон юм л даа. Эдгээр зургууд 5 жилийн өмнөөс авагдсан зургууд. Сүүлд зохиолч Ж.Буд-Эрдэнэтэй санал нийлээд ном гаргая гэж шийдсэн. Зургуудийн 90-ээд хувь нь өмнө нь авагдсан зургууд. Биднийг манлайлж, цаг үеийг тэргүүлж байгаа хүмүүсийн зургийг бүтээлч аргаар авч үлдэх зррилгоор анх эхлүүлсэн. Сүүлд номондоо багтаасан. 

Монгол хүмүүс Монголоороо бахархах дуртай. Монгол улсад байгаа хамгийн том баялаг бол хүн шүү дээ. Тиймээс Монгол улсын бахархал болсон хүмүүсийнхээ хөрөг зургийг үлдээе гэдэг бодлоор зургуудаа авч эхэлсэн. Хүн гэдэг амьтан чинь мөнх бус шүү дээ. Юу тохиолдохыг хэн ч таашгүй. Архитекторч Д.Эрдэнэбилэг гэхэд зургаа авахуулснаас долоо хоногийн дараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тиймээс маш үнэ цэнтэй бүтээл болсон гэж бодож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

 

 

"ТЭНГЭРИЙН ЗААДАС" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНЭЭС 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top