АНУ Аляска, Хойд мөсөн далайд цооног өрөмдөхийг хязгаарлана

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хойд мөсөн далай болон Аляскад газрын тос, байгалийн хийн цооног өрөмдөхийг хязгаарлахаар төлөвлөж байна гэж Associated Press агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Энэхүү хязгаарлалт Хойд мөсөн далайн 1.2 сая га газарт үйлчлэх аж. Үүнээс гадна АНУ-ын усан хийлийн бүсэд хамаарах Хойд мөсөн далайн бусад хэсэгт байгалийн баялгийн хайгуул явуулахыг хориглохоор төлөвлөж байна. Мөн Аляска мужийн 5.3 сая га газарт байгалийн баялаг олборлохыг хориглохоор зэхэж байна.

Блүмберг агентлагийн мэдээллээр, Байдены ахлах зөвлөхүүд АНУ-ын эрчим хүчний “ConocoPhillips” компанид Аляскийн баруун хойд хэсэгт газрын тосны цооног өрөмдөх зөвшөөрөл олгожээ. Үүний дагуу тус корпорац Уиллоу ордын гурван талбайд өрөмдлөг хийх зөвшөөрөл аваад байна.

Эл шийдвэр нь ирэх 30 жилд 600 сая баррель газрын тос олборлох боломжийг нээж байгаа ч үүний дүнд 280 сая тонн нүүрсхүчлийн хий ялгарах тул АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн хөтөлбөрийн гол зорилгуудын нэг болох цэвэр эрчим хүчид шилжих бодлоготой зөрчилдөж байна. Шийдвэрийг энэ долоо хоногт АНУ-ын дотоод хэргийн яам зарлана гэсэн хүлээлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top