Гурван улсын үлгэр | 102 ДУГААР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  102 ДУГААР БҮЛЭГ

 

СЫМА И БЭЙ ЮАНЬ ВЭЙЦЯО ГАЗРЫГ ЭЗЭЛСЭН

ЖУГӨ ЛЯН МОДОН ҮХЭР ЦУВРАХ МОРЬ ҮЙЛДСЭН

 

Өгүүлэх нь: Цяожоу, Тайшигийн тушаалд аху бөгөөд тэнгэрийн утгыг асар мэдэх ажгуу. Кунмингийн цэрэг гармуй хэмээхийг сонсоод даруй Хоужуд айлтгаж өгүүлрүүн: “Сайд би тэнгэрийн байдлыг шинжих тушаалд байх тул буян зовлонгийн явдал байх аваас айлтгахгүй байж эс болмуй. Мөнөөхөн хэдэн түмэн хэрээ өмнөөс сүрэглэн нисэж ирээд цөм Ханьшүй голд орж үхэв. Энэ их муу ёр болой. Сайд би бас тэнгэрийн байдлыг үзвээс Күйсин од, Тайбай одны оронг халджээ. Мандах уур умардад буй тул Вэй улсыг дайлбаас болохгүй. Тэр ч байтугай Чөндү хотын хүн майлс мод шөнө уйлахыг сонсжээ. Ийм хэдэн зүйлийн өөр ёр байхын учир чансан гагц хичээн сахивал зохихоос дэмий хөдөлж болохгүй”. Кунмин өгүүлрүүн: “Би урьд хааны гэрээсэлж тушаасан хүнд үйлийг хүлээн аваад хүчийг дуусгаж хулгайг дайлбаас зохих атал хэрхэн хэмээн салхи үүл мэт худал ташаа ёрын учирт улс гэрийн их хэргийг саатуулж болмуй!” хэмээгээд тахилгын яаманд захиж тахих юм бэлтгэн Жаоле хааны сүмд одоод сөгдөн уйлж өгүүлрүүн: “Жугө Лян би таван удаа Ци Шань уулыг гараад нэгэн ямхын газрыг олсонгүй тул үүрсэн ял хөнгөн бус. Эдүгээ сайд би дахин их цэрэг авч Ци Шань уулыг гараад хүчний чинээгээр сөргүү хулгайг сөнөөн Жун Юаньгийн газрыг эгүүлж санааг гүйцэтгэн зүтгэж бие үхвээс сая зогсмуй” хэмээн ам алдан тахиж дуусаад Хоужугаас салж шөнө дөлөөр Ханьжунд хүрээд олон жанжин нарыг цуглуулж цэрэг гарах аргыг зөвлөхөд гэнэт “Гуаньсин өвдөж үгүй болов!” хэмээн хэлэхээр ирэв. Кунмин өндөр дуугаар уйлж харангадан газарт унав. Хэдий удсан хойно сая амьдрав. Олон жанжин дахин давтан хориглон хэлсэнд Кунмин шүүрс алдаж өгүүлрүүн: “Хөөрхий шударга сайдад тэнгэр их хутаг өгсөнгүй. Би энэ удаа цэрэглэх гэтэл бас нэгэн жанжин хорогдов” хэмээв.

Хожмын хүний гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:

“Үхэж төрөх хүмүүний үүрдийн ёс

Өчүүхэн шавьж лугаа нэгэн адил хоосон

Ер шударга элбэрлийг агуулбаас барав

Ертөнцөд урт наслахыг хүсэх нь юун?”

Түүнээс Кунмин гучин дөрвөн түмэн цэрэг авч таван замаар ороход “Вэй Янь, Зянвэйг гавшгай болгон цөм Ци Шань уулаар гарч хурагтун! Лихүй урьд Сегү завын аманд амуу өвс зөөж хүлээ!” хэмээн илгээв.

Тэндээс Вэй улс урьд хөх луу, Мопо газрын худаг дотроос гарав хэмээн тийнхүү оны цолыг “Хөх луугийн тэргүүн он” хэмээжээ. Энэ үес хөх луугийн хоёрдугаар оны хоёр сар болой. Ойрхи түшмэд айлтгаж өгүүлрүүн: “Хязгаарын түшмэлийн айлтгасны дотор Шу улс гуч илүү түмэн цэрэг үүсгэж таван замаар хуваагдаж Ци Шань уулыг гарч ирэв хэмээмүй” хэмээсэнд Вэй улсын эзэн Цаорүй сонсоод ихэд цочиж даруй Сыма Иг дуудан авчирч өгүүлрүүн: “Шу улсын цэрэг гурван жил халдахаар ирсэнгүй бөлгөө. Жугө Лян бас л Ци Шань уулыг гарав хэмээмүй. Яаваас сайн бэ?”. Сыма И өгүүлрүүн: “Би шөнө тэнгэрийн байдлыг үзвээс Жун Юаньгийн газарт гэгээн уур манджээ. Күйсин од, Тайбай одны хувьд халдахаар орсонд Сычуаньгийн газарт ихэд ашиггүй. Өнөө Кунмин өөрийн эрдэмдээ эрэмшээд тэнгэрийн ёсыг сөрж бас халдахаар ирвээс үхлээ эрэхээр ирэх нь болой. Сайд би хааны их буянд шүтээд даруй одож эвдэлсүгэй! Сайд би дөрвөн хүнийг гаргаж хамт одъё!” хэмээхэд Цаорүй өгүүлрүүн: “Чи ямар хүнийг гаргамуй?”. Сыма И өгүүлрүүн: “Сяхоу Юаньд дөрвөн хөвгүүн буй. ахмад хөвгүүн Ся Хоуба. Өргөсөн нэр Жунцюань. Хоёрдугаар хөвгүүн Ся Хоувэй. Өргөсөн нэр Зицюань. Гуравдугаар хөвгүүн Ся Хоухуй. Өргөсөн нэр Жицюань. Дөрөвдүгээр хөвгүүн Ся Хоухө. Өргөсөн нэр Ицюань хэмээмүй. Ся Хоуба, Ся Хоувэй хоёул харвах намнахад сайн бөгөөд цэргийн эрдэмд боловсорчээ. Ся Хоухуй, Ся Хоухө хоёул арга бодлогод нэвтэрчээ. Энэ дөрвүүл үргэлж “Эцгийн өсийг авсугай!” хэмээнэм бөлгөө. Түүний санаанд хүрээгүй. Сайд би Ся Хоуба, Ся Хоувэйг баталж зүүн баруун этгээдийн гавшгай, Ся Хоухуй, Ся Хоухөг явган цэргийн Сыма түшмэл болгоод цэргийн аргыг зөвлөн хамт одож Шу улсын цэргийг эгүүлсүгэй!”. Цаорүй өгүүлрүүн: “Эрт Фума Ся Хоумао цэргийн цаазаас зөрчиж хэдий чинээ цэрэг морь автагдуулаад эдүгээ болтол ичингүйрэн эгж ирээгүй. Өнөө энэ дөрвүүл басхүү Ся Хоумаогийн адил болох болов уу?”. Сыма И хэлрүүн: “Энэ дөрвийг яахан түүн лүгээ адилтгаж болмуй” хэмээсэнд Цаорүй үгийг дагаж Сыма Иг их Дүдү болгоод аливаа жанжин цэргийн эрдмийг үзэж тушаал тавих бөгөөд олон газрын цэрэг морийг дураар улируулан хэрэглэгтүн!” хэмээв. Сыма И зарлигийг хүлээн аваад хотоос гарч мордоход Цаорүй гараар зарлиг бичиг өгч өгүүлрүүн: “Чи одож Вэйшүй голд хүрээ байгуулан бэхлэн сахиж битгий байлдагтун! Шу улсын цэрэг хэрвээ түүний санаанд хүрэхгүй болоход эрхгүй гэнэдүүлэн хуурч эгмүй. Чи болгоомжилж битгий нэхэгтүн! Түүний амуу дуусваас эрхгүй өөрөө буруулмуй. Үүний тухай байлдсанд дийлэх нь бэрхгүй болой. Цэрэг морь бас ч цөхөх зовлонгүй болмуй. Энэ аргаас сайн нь үгүй” хэмээсэнд Сыма И мөргөж бичгийг хүлээн аваад Чан Ань хотод хүрч олон газрын цэрэг морийг цуглуулан бүгд дөчин түмэн цэрэг Вэйшүй голын өмнө хөвөөнд хүрээ байгуулаад бас таван түмэн цэрэг гаргаж мод цавчин Вэйшүй голд есөн гүүр тавьж Ся Хоуба, Ся Хоувэйг гол гэтэлж хүрээ байгуулан бас их хүрээний хойд талын Дун Юаньгийн газарт нэгэн хот цогцлоож түргэн түүхийг сэргийлүүлэв. Сыма И хараахан олон жанжин нар лугаа хамт зөвлөн бүхийд гэнэт Гуохуай, Суньли хоёр золгохоор иржээ. Сыма И угтаж гараад золгож дууссан хойно Гуохуай өгүүлрүүн: “Эдүгээ Шу улсын цэрэг Ци Шань ууланд буй. Хэрвээ Вэйшүй голыг гэтлээд тал газарт гарч Бэй Шань ууланд залгалдан Лунсигийн замыг тасалбаас ихэд зовлон болмуй”. Сыма И хэлрүүн: “Чиний хэлсэн нь маш зүй. Чи Лунси газрын цэрэг морийг аваад Бэй Юанийг эзэлж хүрээ байгуулан өндөр хэрэм гүн гуу өрж сахь! Битгий хөдлөгтүн! Түүний амуу дууссаны хойно жич байлд!” хэмээсэнд Гуохуай, Сүньли хоёр захиаг хүлээн цэрэг авч хүрээ буухаар одов.

Тэндээс Кунмин дахин Ци Шань уулыг гараад таван их хүрээ байгуулав. Өмнө, хойно, зүүн, баруун дундаар хувааж Сегү завын амнаас Зяньгөд хүртэл зах нийлэн арван дөрвөн их хүрээ байгуулаад цэргийг тэжээн сууж удах арга бодов. Өдөр бүр хүн заран мэдээ авч бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Гуохуай, Сүньли хоёр Лунси газрын цэргийг авч Бэй Юаньд хүрээ байгуулжээ”. Кунмин даруй олон жанжин нарт өгүүлрүүн: “Вэй улсын цэрэг Бэй Юаньд хүрээ байгуулсан нь бидний энэ замыг аваад Лунсигийн замыг таслуузай хэмээн айсан нь болой. Би эдүгээ хууран Бэй Юанийг байлдмуй хэмээн сэмээр Вэйшүй голын хөвөөг авсугай!” хэмээгээд хүнээр зуу илүү сал хийлгээд дээр нь өвс тээж усанд сайн хүн таван мянгыг сонгон сэлбүүлж “Би шөнөөр Бэй Юанийг байлдваас Сыма И эрхгүй цэрэг авч туслахаар ирмүй. Тэр хэрвээ баахан алдваас бид хойд цэргийг урьд гол гэтлүүлсэн хойно өмнө цэргийг саланд суулгаж хөвөөнд гаргахгүй усны аяар доош илгээж гүүрийг гал тавин түүний хойдыг самууруулаад би нэгэн салааны цэргийг авч түүний өмнө хүрээг байлдсугай! Хэрвээ Вэйшүй голын өмнө талыг олбоос бидний цэрэг ороход бэрхгүй болмуй” хэмээсэнд олон жанжин нар цаазыг хүлээн авч одов.

Харуулын хүн тэр мэдээг Сыма Ид хэлэхээр ирсний хойно Сыма И олон жанжин нарыг цуглуулж өгүүлрүүн: “Кунмин энэ мэт зохиосон нь түүний дотор лав арга буй болой. Тэр Бэй Юанийг авахаар нэр болгоод усан замаар ирж гүүрэнд гал тавиад бидний хойд талыг самууруулан харин бидний өмнө талыг байлдсугай хэмээгч болой” хэмээгээд даруй Ся Хоуба, Ся Хоувэйд цааз зарлаж өгүүлрүүн: “Хэрвээ Бэй Юаньгийн хашхирах дууг сонссонд даруй цэрэг авч Вэйшүй голын өмнө хөвөөн дотор бүгэгтүн! Шу улсын цэрэг ирэхийг хүлээн гарч байлд!”. Бас Жанху, Юэчэнийг хоёр мянган холховч нум барьсан цэргийг авч Вэйшүй голын хөвөөнд бүгэгтүн! Шу улсын цэрэг саланд сууж ирвэл нэгэн зэрэг харваж гүүрний ойр битгий ирүүл хэмээгээд бас Гуохуай, Сүньлид өгүүлрүүн: “Кунмин Бэй Юаньд ирж Вэйшүй голыг хулгаж гэтлэх бөгөөс танай шинэ байгуулсан хүрээний цэрэг цөөн тул дуусган авч замын дунд бүгэгтүн! Хэрвээ Шу улсын цэрэг үдээс хойш гол гэтлэвээс гэгээ тасрах үест эрхгүй та нарыг байлдахаар ирмүй. Та хууран буруулагтун! Нэхэж ирвээс та нар цөм холховч нумаар харваж зогсоо! Би усан хуурайгаар цуг ормуй. Хэрвээ Шу улсын цэрэг ихэд ирвээс гагц миний заахыг үзэж байлд!” хэмээн газар газарт цааз тархаав. Бас өөрийн хөвгүүн Сыма Ши, Сыма Жаог цэрэг авч өмнөд хүрээнд тусал хэмээн илгээгээд өөрийн бие нэгэн салааны цэрэг аваад Бэй Юаньд туслахаар одов.

Тэндээс Кунмин Вэй Янь, Мадайг цэрэг авч “Вэйшүй голыг гэтлэн Бэй Юанийг байлд!” Ү Бань, Ү Иг салын цэргийг авч “Гүүрэнд гал тавь!” хэмээн илгээгээд жич Ванпин, Жан Иг өмнө, Зянвэй, Мажунг дунд, Ляохуа, Жан Иг хойно анги болгож гурван замаар хуваагаад Вэйшүй усны хуурай хүрээг байлдахаар илгээв.

Тэр өдөр морин цагт хүн морь их хүрээнээс гарч Вэйшүй голыг гэтлээд жагсаал жагсаахаар алгуур оров. Тэндээс Вэй Янь, Мадай Бэй Юаньгийн ойр хүрмэгц нар орой болжээ. Сүньли мэдээд хүрээг гээж явав. Вэй Янь бэлдсэнийг мэдээд яаран буцтал дөрвөн этгээдээс ихэд хашхиран зүүнээс Сыма И, баруунаас Гуохуай, хоёр замаар байлдахаар ирэхэд Вэй Янь, Мадай үхэн байлдаж гарав. Шу улсын цэргийн их хагас нь усанд унаж үхээд үлдсэн цэрэг буруулах замгүй атал завшаанаар Ү, И цэрэг авч байлдахаар ирээд дарагдсан цэргийг гаргаж гол гэтэлгэв.Ү Бань цэргийг хагас хуваагаад саланд сууж усны уруу гүүрийг галдахаар ирэхэд Жанху, Юэчэнь хөвөөнөөс дэмий л харвахад Ү Бань зэвэнд оногдон усанд унаж үхээд үлдсэн цэрэг цөм усыг харайж гэтлэн гарав. Салыг цөм Вэй улсын цэрэгт булаагджээ. Тэр цагт Ванпин, Жан И нар Бэй Юаньгийн цэрэг дарагдсаныг мэдэхгүй тул шууд Вэй улсын хүрээнд хүртэл нэгэнтээ дэд жингийн цаг болоод гагц дөрвөн этгээдээс хашхирах дуу сонсогдов. Ванпин, Жан Игийн зүг өгүүлрүүн: “Морьт цэрэг Бэй Юанийг байлдаад дийлсэн дийлэгдсэнийг мэдэхгүй. Вэйшүй голын өмнө хүрээ ойр буй бөгөөд яахан Вэй улсын цэрэг нэг ч үзэгдэхгүй буй? Эсвээс Сыма И мэдээд урьдаас бэлтгэсэн буюу. Бид түр гүүрэнд гал гарахыг үзэж орвоос зохимуй” хэмээгээд цэргийг зогсоож бүхийд гэнэт нэгэн морьт хүн довтолгон ирээд өгүүлрүүн: “Чансан цэргийг хурдан эгэгтүн. Бэй Юаньгийн цэрэг хийгээд, гүүрэнд гал тавих цэргийг цөмийг алдав” хэмээв. Ванпин, Жан И хоёр ихэд цочиж яаран цэрэг эгтэл хойноос буун дуу гарч Вэй улсын цэрэг хүрээлэн ирээд нэгэн зэрэг хутгалдан байлдав. Ванпин, Жан И хоёр шаламгайлан алж гартал Шу улсын цэргийн их хагас автжээ. Кунмин Ци Шань уулын их хүрээнд эгээд дарагдсан цэргийг хурааж байцааваас нэг түм илүү хохирсон тул дотроо ихэд уйдан авай. Гэнэт хүн ирж “Фэй И өөрийн биеэр Чөндүгээс чансантай золгохоор ирэв” хэмээмүй. Кунмин дуудан оруулж золгосон хойно өгүүлрүүн: “Надад нэгэн бичиг буй. Төвхийтэл чамаар Зүүн Ү улсад илгээсүгэй хэмээн санаж асан бөлгөө. Чи очмуй уу?”. Фэй И өгүүлрүүн:

“Чансангийн үгийг ямар аймшиггүй зөрчмүй?” хэмээсэнд Кунмин даруй бичиг үйлдэн Фэй Ид өгч илгээв. Фэй И бичгийг аваад шууд Зянь Ед одож Ү улсын эзэн Сүньцуаньд орж золгоод Кунмингийн бичгийг өргөсөн хойно Сүньцуань нээж үзвээс бичгийн үг нь:

“Хань улс хишиггүй, төрийн хэлхээ эвдрээд Цаоцао хулгай сөрж суурийг булаан суугаад эдүгээд хүртэл улирчээ. Жүгө Лян би Жаоле хааны гэрээслэн тушаасан хүнд үйлийг хүлээн аваад ямар аймшиггүй хүчийг дуусган шударгыг гүйцэтгэхгүй аж. Тийнхүү эдүгээ их цэрэг авч Ци Шань ууланд хуруулснаар сөргүү хулгай Вэйшүй голд мөхөх шахжээ. Олдохул хаан урьдын нийлсэн журмыг санаж жанжин томилон цэрэг шалган хойдыг дайлж хамт Жун Юаньгийн газрыг байлдан аваад дэлхий дахиныг адил хуваасугай! Бичигт үгийг дуусган хэлж чадахгүй, Богд гэгээндээ айлдаж, хянан тогтоох ажаамуу”

Сүньцюань үзээд ихэд баярлаж Фэй Игийн зүг өгүүлрүүн: “Би цэрэг байгуулсугай хэмээн санаж удав. Гагц Кунмингийн үгийг олсонгүй бөлгөө. Эдүгээ нэгэнтээ бичиг хүрч ирсэн тул даруй миний бие цэрэг авч Шу улсын Зюй Чаомэньгээр ороод, Вэй улсын синьчэн хотыг авмуй. Дахин Лүсюнь, Жугө Зинь нарыг Зянся, Мянькоу газарт буулгаж сян Ян хотыг авсугай! Сүньшао, Жанчэн нарын цэргийг Гуанлингаар гаргаж Хуай Янгийн зэрэг газрыг байлдуулсугай! Энэ гурван замын цэрэг нэгэн зэрэг орж бүгд гучин түмэн цэрэг даруйдаа гармуй” хэмээсний хойно Фэй И мөргөж өгүүлрүүн:

“Үнэхээр ийм болбоос Жун Юаньгийн газрыг өдөр зааж эвдлэвээс болох болой!”. Сүньцуань хурим бэлтгэж хуримлахдаа асууруун: “Чансан цэргийн өмнө хэн хүнийг хэрэглэж дайсныг эвдэлмүй?” Фэй И өчрүүн: “Гагц Вэй Янь тэргүүлжээ”. Сүньцуань инээж өгүүлрүүн: “Энэ хүнд баатар зориг үлэмж буй боловч сэтгэл төвгүй. Хэрвээ нэгэн цагт Кунмин үгүй болбоос тэр эрхгүй гамшиг болмуй. Кунмин хэрхэн мэдэхгүй аж?”. Фэй И өгүүлрүүн: “Хааны үг ихэд зохистой! Сайд би эгсэнд энэ үгийг Кунминд хэлсүгэй!” хэмээгээд Сүньцуанаас салж Ци Шань ууланд эгэн Кунминд золгосон хойно “Ү улсын эзэн биеэр гучин түмэн цэрэг авч гурван замаар ормуй хэмээв” хэмээсэнд Кунмин бас асууруун:

“Ү улсын эзнээс өөр үг буй уу?”. Фэй И нь Вэй Янийг шүүмжилсэн үгийг нэг нэгээр хэлсэнд Кунмин шүүрс алдаж өгүүлрүүн: “Үнэхээр цэцэн гэгээн эзэн болой! Би энэ хүнийг үл мэдэх нь бус гагц түүний баатрыг хайрлан хэрэглэх нь болой”. Фэй И бас өгүүлрүүн: “Урьдаас арилгавал зохимуй”. Кунмин өгүүлрүүн: “Надад арга буй” хэмээжээ. Фэй И, Кунмингаас салаад Чөндүд эгж одов.

Түүнээс Кунмин олон жанжин лугаа цэрэг орохыг зөвдөж байтал гэнэт хүн ирж хэлрүүн: "Вэй улсын жанжин дагахаар иржээ” хэмээсний хойно Кунмин оруулж асуухад өчрүүн: “Би Вэй улсын мөрний жанжин Жэнвэнь болой. Ойрд Циньлан лугаа хамт цэрэг авч Сыма Иг дагаж ирсэн бөлгөө. санамсаргүй Сыма И, Циньланыг нүүрчилж өмнө жанжин болгоод намайг хог шороо адил үзмүй. Тийнхүү би хорсож тусгайлан чансангийн тугийн доор дагахаар ирэв. Хураан авахыг хүсмүй” хэмээн үг дуусахын урьд бас хүн ирж хэлрүүн: Циньлан цэрэг авч ирээд гагц Жэнвэнийг байлдахаар ир хэмээн дуудмуй”. Кунмин өгүүлрүүн: “Энэ хүний цэргийн эрдэм чамаас ямар буй?”.

Жэнвэнь өгүүлрүүн: “Би түүнийг албаас болмуй”.

Кунмин өгүүлрүүн: “Чи хэрвээ Циньланыг албаас би сая сэжиглэхгүй болмуй” Жэнвэнь хуур шүүр морь унаад байлдахаар гарав. Кунмин биеэр гарч үзвээс Циньлан жад бариад хараан өгүүлрүүн: “Урвасан хулгай миний байлдах морийг хулган энд иржээ. Хурдан надад буцаан авчир!” хэмээгээд Жэнвэнийг цавчихаар ирсэнд Жэнвэнь илдээ эргүүлэн эсрэг угтан гарч байлдаад ганц нэг удаад Циньланыг цавчиж унагаав. Вэй улсын цэрэг тус тусдаа сарнижээ. Жэнвэнь, Циньлангийн тэргүүнийг авч хүрээнд авчирсан хойно Кунмин эгж цацарт суугаад Жэнвэнийг дуудан ирж ихэд хилэгнэн хоёр жигүүрийн ардыг зандран Жэнвэнийг үтэр гаргаж “Ал!” хэмээхэд Жэнвэнь өгүүлрүүн: “Бага жанжинд ялгүй!” хэмээхэд Кунмин өгүүлрүүн: “Би эртнээс Циньланыг таних бөлгөө. Эдүгээ чиний алсан нь Циньлан бус юун аймшиггүй намайг мэхлэмүй!”. Жэнвэнь сөгдөж өгүүлрүүн: “Энэ үнэхээр Циньлангийн дүү Циньмин болой”. Кунмин инээж өгүүлрүүн: “Сыма И чамайг “Хууран дагаад дотуураар үйл үүсгэгтүн!” хэмээн илгээсэн нь бус уу? Яахан намайг мэхэлж чадмуй! Хэрвээ үнэнийг эс хэлбээс алмуй!” хэмээхэд Жэнвэнь аргагүй хууран дагахаар ирсэн болохыг үнэнээр хэлээд “Үхэхийг хэлтрүүл!” хэмээн уйлж гуйх тул Кунмин өгүүлрүүн: “Чи амьдарсугай хэмээвээс нэгэн бичиг хийж Сыма Иг өөрийн биеэр хүрээг дарахаар ир хэмээгтүн! Тийн болбол би чиний амийг хэлтрүүлсүгэй. Хэрэв Сыма Иг барьж авсанд чиний гавьяа болгож хүндэд хэрэглэсүгэй!”. Жэнвэнь аргагүйдээ бичиг хийж Кунминд өргөсөнд Кунмин Жэнвэнийг гянданд хадгалуулав. Фаньзянь асууруун: “Чансан яахан энэ хүнийг хуурмаг дагасныг мэдсэн аж?” Кунмин өгүүлрүүн: “Сыма И хүнийг хөнгөнөөр хэрэглэхгүй. Хэрэв Циньланыг өмнө жанжин болговоос эрхгүй цэргийн эрдэм хүчирхэг бөлгөө. Эдүгээ Жэнвэнь лүгээ байлдаад ганц нэг удаад алагдваас эрхгүй Циньлан бус болой. Тийнхүү хуурсныг мэдсэн” хэмээсэнд олон цөм бишрэв.

Түүнээс Кунмин нэгэн үгэнд сайн хүнийг сонгож чихэнд шивнэж “Ийм! Тийм!” хэмээн сургасанд тэр хүн захиаг хүлээн Вэй улсын цэргийн хүрээнд ирж Сыма Ид уулзахыг хэлсэнд Сыма И хүлээн авч түүний өргөсөн бичгийг авч үзээд асууруун: “Чи яасан хүн буй?” Тэр хүн өчрүүн:“Би угтаа Жун Юаньгийн хүн бөлгөө. Самуурсан тухайд Шу улсад нутагшжээ. Жэнвэнь над лугаа нэгэн гацааны нөхөр болмуй. Эдүгээ Кунмин, Жэнвэнийг гавьяа буй хэмээн гавшгай болгосон тул Жэнвэнь тусгайлан надаар бичиг ирүүлэв. Маргааш шөнө нэгэн жингийн цагт тэмдэг гал өргөвөөс Дүдүг цэрэг авч хүрээг дарахаар ир! Жэнвэнь дотуураар тусалмуй” хэмээжээ. Сыма И дахин давтан хянан асууж бас бичгийг нарийвчлан байцаан үзвээс үнэн тул архи, мах өгч өгүүлрүүн:

“Мөн шөнийн хоёрдугаар жинд би биеэр хүрээг дарахаар одсугай! Их үйл хэрвээ бүтвээс чамайг хүндээр хэрэглэсүгэй!” хэмээсэн хойно тэр хүн мөргөж салан хойш хүрээндээ ирээд Кунминд хэлсэнд Кунмин даруй илд бариад тарни уншиж тэнгэрт залбирч дуусаад Ванпин, Жан Иг дуудаж “Ийм! Тийм!” хэмээгээд бас Мажун, Мадайг дуудаж “Ийм! Тийм!” хэмээж бас Вэй Янийг дуудаж “Ийм! Тийм!” хэмээн сургаж илгээв. Кунмин өөрийн бие хэдэн арван хүнийг авч өндөр уулан дээр гарч олон цэргийг удирдаж суув.

Тэндээс Сыма И, Жэнвэньгийн бичгийг үзээд даруй хоёр хөвгүүн лүгээ хамт их цэрэг дагуулан Шу улсын хүрээг дарахаар ирэхэд ахмад хөвгүүн Сыма Ши ятгаж өгүүлрүүн: “Эцэг яахан нэгэн хуудас цаасанд итгэж биеэр бэрх газарт ормуй? Хэрвээ алдагдал гарваас хэрхмүй? Өөр жанжинг өмнө илгээн эцэг хожим туслахаар очиход хүрэхгүй” гэхэд Сыма И үг дагаж Циньланд нэг түмэн цэрэг өгч Шу улсын хүрээг дарахаар илгээгээд өөрийн бие цэрэг аваад хойноос туслахаар ирэв. Тэр шөнийн анх жинд салхигүй сар гэгээн бөлгөө. Хоёрдугаар жингийн үед гэнэт дөрвөн зүгээс үүл үүсэж харанхуй уур тэнгэрийг бүрхээд эсрэг хүн үзэгдэхгүй болсонд Сыма И ихэд баярлан: Хүний аманд мод үмхүүлэн морины хазаарыг татаж дайран оров. Циньлан урагш нэг түмэн цэргийг авч Шу улсын хүрээний дотор орвоос нэг хүн ч үзэгдэхгүй. Циньлан арганд орсныг мэдээд яаран “Цэрэг эгэгтүн!” хэмээтэл дөрвөн этгээдээс галын гэрэл цацарч хашхирах дуу гараад зүүнээс Ванпин, Жан И баруунаас Мажун, Мадай хоёр замаар байлдахаар ирэв. Циньлан үхэн байлдавч гарч чадахгүй бүхийд арын хойноос Сыма И, Шу улсын хүрээнд галын гэрэл тэнгэрт тулам босож хашхирах дуу тасрахгүйг сонсоод Вэй улсын цэрэг дийлсэн ба дийлэгдсэнийг мэдэхгүй. Гагц цэргийг хөөж гэрлийн зүг туслахаар ирэхэд гэнэт хашхирах дуу үүсэж хэнгэрэг дэлдэж буу тавьсанд тэнгэр газар түрхрээд зүүнээс Вэй Янь, баруунаас Зянвэй хоёр замаар байлдахаар гарсанд Вэй улсын цэрэг ихэд дарагдаад арвын дотроос найм есөн хувь хохироод дөрвөн зүг буруулав. Энэ цагт Циньлангийн нэг түмэн цэрэг цөм Шу улсын цэрэгт хаагдаад зэв харвах нь нүгэлт царцаа мэт тул Циньлан самуун зэвэнд үхэв. Сыма И дарагдсан цэргийг авч уул хүрээндээ хүртэл гурван жингийн эцэс болоод тэнгэр арилж тунгалаг болжээ. Кунмин уулын дээр харанга цохиж цэрэг хураан хүрээндээ эгэв. Мэдвээс хоёр жингийн үес үүл бүрхэж харанхуй болсон нь Кунмин Дүньзягийн аргыг хэрэглэсэн аж. Цэрэг хураасан хойно тэнгэр дахиж арилсан нь Кунмин Люзягийн увдисаар үүлийг шүүрдсэн ажгуу. Тэр тухай Кунмин ихэд дийлээд хүрээндээ эгсний хойно цацарт сууж Жэнвэнийг алуулаад дахин Вэйшүй голын өмнөд хөвөөг авах аргыг зөвлөөд өдөр бүр өдөөж байлдавч Вэй улсын цэрэг гарч байлдахгүй тул Кунмин бага тэргэнд суугаад Ци Шань уулын өмнө Вэйшүй голын зүүн барууныг тойрч үзсээр нэгэн уулын завд хүрээд үзвээс түүний байдал хулуугийн адил ургажээ. Дотор нь нэг мянга илүү хүн багтмуй. Хоёр уул бас нийлсэн нэг завд дөрөв таван зуун хүн зогсвоос болмуй. Хойд хоёр уул тойрон тэвэрч ургаад ганц нэг хүн морь явж болохоор аж. Кунмин нэгэн зэрэг тойрон үзээд дотроо баярлаж зам заах түшмэлээс “Энэ газрын нэр юу?” хэмээн асуусанд тэр түшмэл өчрүүн: “Нэрийг нь Шан Фангү зав бас өөрөөр Ху лугү зав хэмээн нэрлэмүй”. Кунмин даруй хүрээндээ эгээд бага жанжин Дүрүй, Хужүнг дуудаж чихэнд сэмээр арга сурган цэрэгт дагасан урчуудаас нэг мянган хүнийг дагуулж Ху Лүгү завын дотор орж “Модон үхэр”, “Цуврах морь” үйлдүүлж хэрэглэхэд бэлтгэ хэмээн тушаагаад бас Мадайг таван зуун цэрэг авч завын амыг сахиул хэмээгээд Кунмин Мадайд тушаан өгүүлрүүн: “Урчуудыг тавин гаргаж болохгүй бөгөөд гаднах хүнийг битгий оруулагтун! Би цаг ямагт биеэр одож байцаамуй. Сыма Иг барих арга гагц энэ удаад буй. Хэрхэвч задруулж эс болмуй” хэмээсэнд Мадай аргыг хүлээн авч одов. Дүрүй, Хужүн хоёул завын дотор урчуудыг захирч аргын ёсоор үйлдүүлэн Кунмин өдөр бүр өөрийн биеэр одож заан сургах бөлгөө.

Тэндээс гэнэт нэг өдөр Жанши түшмэл Ян И ирж өгүүлрүүн: “Эдүгээ амуу өвс бүрнээ Зяньгөд буй. Хүн ба үхэр мориор зөөх нь хялбар бус. Яаваас сайн?” хэмээсэнд Кунмин инээн өгүүлрүүн: “Би хэдийн бодож тогтоожээ. Урьд цуглуулсан хэрэгслийн юм жич Сычуаньгаас худалдаж авчирсан их модоор “Модон үхэр”, “Цуврах морь” үйлдсүгэй. “Модон үхэр”, “Цуврах морь” амуу өвс идэхгүй тул өдөр шөнийн хувьд тасрахгүй зөөж болмуй” хэмээсэнд олон цөм цочиж хэлрүүн: “Эртнээс нааш “Модон үхэр”, “Цуврах морины” үйлийг сонссонгүй. Чансанд ямар уран арга байж энэ сонин юмыг үйлдэхийг мэдэхгүй?”. Кунмин өгүүлрүүн: “Би хэдийн хүн гаргаж ёсоор хийлгэж амуй. Бас дуусаагүй. Би өнөө урьд “Модон үхэр”, “Цуврах морины” урт охор, уудам цухлын хэмжээг тодорхой бичиж та нарт үзүүлсүгэй!” хэмээсэнд олон жанжин нар ихэд баярлав. Кунмин даруй цаасанд бичээд олонд өгч үзүүлсэнд жанжин нар тойрон үзмүй. Олон жанжин нэгэн зэрэг үзээд цөс биширч өгүүлрүүн: Чансан үнэхээр богд хүн болой хэмээжээ.

Модон үхэр үйлдэх арга нь:

“Гэдэс дөрвөлжин, шилбэ муруй, нэг гэдэс дөрвөн хөл. Толгой нь хүзүүндээ ширгэж, хэл нь гэдсэндээ наалджээ. Арвин тээвээс явах нь удаан, гагцаар явбаас хэдэн арван газар, сүрэглэн явбаас гучин газар127. Муруй нь үхрийн толгой, хос нь үхрийн хөл, хөндлөн нь үхрийн хүзүү, эргэж байх нь үхрийн шилбэ, бүтээж байх нь үхрийн нуруу, дөрвөлжин нь үхрийн гэдэс, унжиж байх нь үхрийн хэл, муруйж байх нь үхрийн хавирга, сийлсэн нь үхрийн нүд, гозойж байх нь үхрийн эвэр. Нарийн нь үхрийн бугалга, татаж байх нь үхрийн худрага. Үхрийг хоёр аралд хүлж хүн зургаан тохой явбаас, үхэр дөрөв алхмуй. Хүн их ядрахгүй, үхэр бортого өвс идэхгүй”.

Цуврах морины үйлдэх арга нь:

“Хавирганы урт гурван тохой таван ямх128, өргөн гурван ямх, зузаан хоёр ямх хоёр фень129, зүүн баруун адил. Өмнөд тэнхлэгийн нүх нь утсыг дагуулан дөрвөн ямх хасмуй. Хөвч нь хоёр ямх. Өмнө хөлийн нүх нь утсыг дагуулан дөрвөн ямх таван хувь хасмуй. Урт нэг ямх таваө хувь, өргөн нэг ямх. Өмнө хөшүүргийн нүх нь өмнө хөлийн нүхнээс утсыг дагуулан хоёр ямх долоон хувь хасмуй. Нүхний урт хоёр ямх, өргөн нэг ямх. Хойд тэнхлэгийн нүх нь өмнө хөшүүргийн нүхнээс утсыг дагуулан нэг тохой таван ямх хасмуй. Их бага нь өмнөх лүгээ адил болой.

127 Уртын хэмжээ, ойролцоогоор гурван зуун жаран алд буюу таван зуун далан зургаан метр

128 Тохойн аравны нэгтэй тэнцэх уртын хэмжээ

129 Ямхыг арав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээ. Цаашид хувь гэнэ.

Хойд хөшүүргийн нүх нь хойд хөлийн утсыг дагуулан хоёр ямх хоёр хувь хасмуй. Хойд хөшүүргийн нүх нь утсыг дагуулан дөрвөн ямх. Таван хувь хасмуй. Өмнө хөшүүргийн урт нь нэг тохой найман ямх, өргөн хоёр ямх, зузаан нэг ямх таван хувь. Хойд хөшүүрэг нь нэгэн адил. Дөрвөлжин модон хайрцаг хоёр, зузаан найман хувь, урт хоёр тохой долоон ямх, өндөр нэг тохой зургаан ямх таван хувь, өргөн зургаан ямх. Хайрцаг бүрт хоёр дань130, гурван доу131. Дээд хөшүүргийн нүхнээс хавирга (ар) доороос долоон ямх хасмуй. Өмнө хойд нэгэн адил. Дээд хөшүүргийн нүхнээс доор хөшүүргийн нүхийг утсаар дагуулан нэг тохой гурван ямх хасмуй. Нүхний урт нэг ямх таван хувь, өргөн долоон хувь, найман нүх нь нэгэн адил. Өмнө хойд дөрвөн хөлний өргөн хоёр ямх, зузаан нэг ямх таван хувь. Байдал дүрс нь заан мэт, шийрний урт дөрвөн ямх. Хөвч нь дөрвөн ямх гурван хувь. Нүхний доторхи гурван хөлний урт нь хоёр тохой нэг ямх, өргөн нэг ямх таван хувь, зузаан нь нэг ямх дөрвон хувь”.

130 Жаран килограммтай тэнцэх эртний хүндийн хэмжүүрийн нэгж

131 Данийг арав хуваасантай тэнцэх хэмжээ

Хэдэн өдөр өнгөрсөн хойно “Модон үхэр”, “Цуврах морь” үйлдэж гаргаад үзвээс үнэхээр амьд мэт. Ууланд гарах, даваанаас буух нь асар яруу, олон цэрэг үзээд үл баярласан нь үгүй. Кунмин баруун этгээдийн жанжин Гаосянд нэг мянган цэрэг өгч модон үхэр цуврах мориор Зяньгөгөөс шууд Ци Шань уулын их хүрээнд хүртэл нааш цааш амуу өвс зөөж Шу улсын цэргийн хэрэгсэлд туслав. Хожмын хүний магтсан шүлгийн үг:

“Зяньгуаньгийн бэрх хэвцгээр цуврах морийг хөөж

Сегү завын муруй саруй замаар модон үхрийг хөлөглөжээ

Хожмын үед энэ аргыг хэрэглэсэн болбоос

Хол замаар хүргэн зөөхөд ямар бэрх буй”

Тэндээс Сыма И зовж суун бүхийд харуулын хүн хэлрүүн “Шу улсын цэрэг модон үхэр, цуврах мориор амуу өвс зөөж буй. Хүн зүдэхгүй бөгөөд морь, үхэр өвс эс идмүй”. Сыма И гэлмэж өгүүлрүүн: “Миний бэхлэн сахиж гарахгүй байгаа нь тэлгээрийн амуу өвс зөөж чадахгүй болгоод өөрөө үхэхийг хүлээх нь болой. Эдүгээ энэ аргыг үсгэвээс эрхгүй өнө удааны аргыг бодож түр эгэх санаагүй. Хэрхвээс сайн?” хэмээгээд яаран Жанху, Юэчэнь хоёулыг дуудан сургаж хэлрүүн: “Танай хоёул тус бүр таван зуун цэрэг аваачин Сегү завын бага замаар одож Шу улсын цэрэг, модон үхэр, цуврах мориор амуу зөөхийг хүлээж дураар дуусган өнгөрүүлсэн хойно нэгэн зэрэг хашхиран гарч олныг битгий булаагтун! Гагц гурав дөрвийг булаан авчир” хэмээсэнд хоёул захианы ёсоор тус бүр таван зуун цэрэг аваад Шу улсын цэрэг мэт хувцаслан бага замаар хулган гарч уулын завд бүгсэнд үнэхээр Гаосян цэрэг авч модон үхэр, цуврах морийг довтолгон ирмүй. Дэс дараагаар өнгөрөн гаргасан хойно хоёр этгээдээс хамтаар хэнгэрэг дэлдэн алж ирсэнд Шу улсын цэрэг хөдлөн завдсангүй. Хэд хэдийг гээж одсныг Жанху, Юэчэнь баярлан авч хүрээндээ эгэв. Сыма И үзээд үнэхээр орох эгэх нь амьдын адил тул баярлаж өгүүлрүүн: “Чи энэ аргыг хэрэглэж чадваас би харин хэрэглэж чадахгүй уу!” хэмээгээд даруй зуу илүү сайн урчуудыг цуглуулж нүдний өмнө эвдлээд, урчуудад түүний урт охор зузаан нимгэн уудам цухлын хэмжээгээр нэгэн адил модон үхэр, цуврах морь үйлдүүлсэнд хагас сар болсонгүй нэг мянга илүүг хийж гаргав. Кунмингийн хийсэн лүгээ нэгэн адил явж болмуй. Даруй Жэнь Юань жанжин Чэньвэйд нэг мянган цэрэг өгч модон үхэр, цуврах мориор Лунси газрын амуу өвсийг зөөж зогсохгүй тул Вэй улсын жанжин цэрэг эс баярласан нь үгүй бөлгөө.

Тэндээс Гаосян, Кунминд золгохоор ирж хэлрүүн “Вэй улсын цэрэг модон үхэр, цуврах морь тав зургааг булааж аваачив” хэмээсэнд Кунмин инээн өгүүлрүүн: “Би хараахан тэдний булааж аваачихыг хүсэх бөлгөө. Би нэг хэдийг алдавч удахгүй цэрэг төдий чинээ тусалбар олох болой”. Олон жанжин нар асууруун: “Чансан хэрхэн олж мэдэв?”. Кунмин өгүүлрүүн: “Сыма И модон үхэр, цуврах морийг үзсэнд эрхгүй миний дүрмээр нэгэн адил дуурайж хиймүй. Тэр цагт надад бас нэгэн арга буй” хэмээжээ. Хэдэн өдөр болсон хойно харуулын хүн хэлрүүн “Вэй улсын цэрэг мөнхүү модон үхэр, цуврах морь хийж чадаад Лунси газрын амуу өвсийг зөөмүй”. Кунмин баярлаж өгүүлрүүн: “Миний бодсоноос эс гарав” хэмээгээд даруй Ванпинг дуудаж сурган өгүүлрүүн: “Чи нэг мянган цэргийг Вэй улсын хүн мэт хувцаслуулаад шөнө сэмээр Бэй Юанийг хулган өнгөрөгтүн! Гагц амуу цагдах цэрэг хэмээн хэлж тэдгээрийн амуу зөөх цэрэгт хутган орж амуу хамгаалах цэргийг цөм алж сарниулаад модон үхэр, цуврах морийг авч шууд Бэй Юанийг өнгөрч ир! Тэр газар эрхгүй Вэй улсын цэрэг нэхэж ирмүй. Та нар модон үхэр, цуврах морины хэлийг мушгиж эгүүлэгтүн! Тийм болбоос цөм явж чадахгүй болох тул та гээж явтугай! Хойноос Вэй улсын цэрэг нэхэж ирээд удирдваас хөдлөхгүй дэмнэвээс ялахгүй болмуй. Жич бидний цэрэг хүрсэнд та эгж очоод дахин хэлийг мушгиж эгүүлээд урагш довтолговоос Вэй улсын цэрэг эрхгүй шимнус хэмээн сэжиглэмүй!” хэмээв.

Түүнээс Ванпин аргыг хүлээн авч одов. Кунмин бас Жан Иг дуудаж өгүүлрүүн: “Чи таван зуун цэрэг авч Людин, Люзягийн сахиус цэрэг болон чөтгөрийн толгой араатны биетэй таван өнгөөр нүүрийг будаж элдэв зүйлийн гайхамшигт байдалтай чимээд нэгэн гарт хатгамал хиур, нэгэн гарт эрдэнийн сэлэм бариулан сүүжинд хулуу зүүж дотор нь дарь хийгээд уулын хажууд бүгж байгтун! Модон үхэр, цуврах морь хүрч ирвэл гал тавьж хамтаар гараад үхэр морийг хөөн явтугай! Вэй улсын цэрэг үзвээс лав чөтгөр сахиус хэмээн сэжиглэж аймшиггүй эс нэхмүй”. Жан И аргыг хүлээн авч одов. Кунмин бас Вэй Янь, Зянвэйг дуудаж өгүүлрүүн: “Танай хоёул нэг түмэн цэрэг аваачин Бэй Юаньгийн газар модон үхэр цуврах морийг угтахаар одож байлдалцахыг халхлагтун!”. Бас Ляохуа, Жан Иг дуудаж өгүүлрүүн: “Танай хоёул таван мянган цэрэг аваачин Сыма Игийн ирэх замыг тасал, бас Мажун, Мадайг дуудаж өгүүлрүүн: Та хоёул хоёр мянган цэрэг авч Вэйшүй голын өмнө талд өдөөн байлдахаар од!” хэмээсэнд зургаан хүн захиаг хүлээн авч одов.

Тэндээс Вэй улсын жанжин Чэньвэй модон үхэр, цуврах моринд амуу будаа ачиж хараахан явж байтал гэнэт хүн ирж хэлрүүн “Өмнө амуу байцаах цэрэг буй”. Чэньвэй хүн илгээж үзүүлбээс үнэхээр Вэй улсын цэрэг тул сэтгэлийг сул тавьж одсоор хоёр цэрэг нэгэн газарт уулзав. Гэнэт хашхирах дуу гараад Шу улсын цэрэг уул анги дотроос байлдаан үүсгэж ихэд бархиран: “Шу улсын их жанжин Ванпин энд буй!” хэмээсэнд Вэй улсын цэрэг бэгтэрч хөдлен завдсангүй. Шу улсын цэрэгт их хагас нь алагдав. Чэньвэй дарагдсан цэргээ авч байлдсаар Ванпинд цавчигдсанд үлдсэн цэрэг цөм сарнижээ. Ванпин цэргээ хурааж модон үхэр, цуврах морийг дуусган авч эгэв. Вэй улсын дарагдсан цэрэг нисэх мэт Бэй Юаньгийн хүрээнд хэлэхээр одсонд Гуохуай цэргийн амуу булаагдсаныг сонсоод цэрэг авч яаран туслахаар ирэхэд Ванпин үхэр морины хэлийг мушгин эргүүлж цөмийг замд гээгээд байлдалхийлэн буруулж одов. Гуохуай ирээд: “Битгий нэхэгтүн! Урьд модон үхэр, цуврах морийг авч ир!” хэмээсэнд олон цэрэг очоод хөөвч хөдлөхгүй тул Гуохуай дотроо ихэд сэжиглэн аргагүй бүхийд гэнэт хэнгэрэг дэлдэн хашхирах дуу дөрвөн этгээдээс гараад хоёр замын цэрэг байлдахаар ирэв. Тэр нь Вэй Янь, Зянвэй болой. Ванпин дахин цэрэг эгүүлэн ирээд гурван замаар хавчин байлдсанд Гуохуай ихэд дарагдаж эгэв. Ванпин цэргийн ардаар үхэр морины хэлийг мушгиулан эргүүлэн хөөж явахад Гуохуай үзээд дахин цэрэг эгүүлэн нэхсүгэй хэмээвээс уулын хойноос утаа дэгдээд нэгэн багийн хувилгаан цэрэг гарч ирэв. Тус бүр нэгэн хар туг хиур, эрдэнийн илд бариад цөм өөр зүйлийн байдалтай модон үхэр, цуврах морийг хөөж аваачих нь салхи мэт. Гуохуай ихэд гайхаж өгүүлрүүн: “Энэ эрхгүй сахиус тусалсан ажгуу!” хэмээжээ. Олон цэрэг цөм сэжиглэн айж нэхсэнгүй бөлгөө. Тэндээс Сыма И Бэй Юаньгийн цэрэг дарагдсаныг сонсоод яаран биеэр цэрэг авч өмөглөхөөр ирээд сая замын дунд хүрэхэд буун дуу нэгэнтээ гараад бэрх цухал уулын дотроос хоёр салааны цэрэг хэнгэрэг дэлдэж хашхиран гарав. Тугийн дээр “Хань улсын жанжин Жан И, Ляохуа” хэмээн бичжээ. Сыма И үзээд ихэд цочсон бөгөөд Вэй улсын цэрэг бас айж тус тусдаа амь гарсугай хэмээн явав. Энэ чухамхүү: “Замын зуур сахиус жанжинд учирч амуугаа булаагдаад Бие нууц цэрэгт уулзаж амь бас түгшүүртэй болов” Эгнэгт Сыма И яахыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй! Угтахаар одож байлдалцахыг халхлагтун!”. Бас Ляохуа, Жан Иг дуудаж өгүүлрүүн: “Танай хоёул таван мянган цэрэг аваачин Сыма Игийн ирэх замыг тасал, бас Мажун, Мадайг дуудаж өгүүлрүүн: Та хоёул хоёр мянган цэрэг авч Вэйшүй голын өмнө талд өдөөн байлдахаар од!” хэмээсэнд зургаан хүн захиаг хүлээн авч одов. Тэндээс Вэй улсын жанжин Чэньвэй модон үхэр, цуврах моринд амуу будаа ачиж хараахан явж байтал гэнэт хүн ирж хэлрүүн “Өмнө амуу байцаах цэрэг буй”. Чэньвэй хүн илгээж үзүүлбээс үнэхээр Вэй улсын цэрэг тул сэтгэлийг сул тавьж одсоор хоёр цэрэг нэгэн газарт уулзав. Гэнэт хашхирах дуу гараад Шу улсын цэрэг уул анги дотроос байлдаан үүсгэж ихэд бархиран: “Шу улсын их жанжин Ванпин энд буй!” хэмээсэнд Вэй улсын цэрэг бэгтэрч хөдлен завдсангүй. Шу улсын цэрэгт их хагас нь алагдав. Чэньвэй дарагдсан цэргээ авч байлдсаар Ванпинд цавчигдсанд үлдсэн цэрэг цөм сарнижээ. Ванпин цэргээ хурааж модон үхэр, цуврах морийг дуусган авч эгэв. Вэй улсын дарагдсан цэрэг нисэх мэт Бэй Юаньгийн хүрээнд хэлэхээр одсонд Гуохуай цэргийн амуу булаагдсаныг сонсоод цэрэг авч яаран туслахаар ирэхэд Ванпин үхэр морины хэлийг мушгин эргүүлж цөмийг замд гээгээд байлдалхийлэн буруулж одов. Гуохуай ирээд: “Битгий нэхэгтүн! Урьд модон үхэр, цуврах морийг авч ир!” хэмээсэнд олон цэрэг очоод хөөвч хөдлөхгүй тул Гуохуай дотроо ихэд сэжиглэн аргагүй бүхийд гэнэт хэнгэрэг дэлдэн хашхирах дуу дөрвөн этгээдээс гараад хоёр замын цэрэг байлдахаар ирэв. Тэр нь Вэй Янь, Зянвэй болой. Ванпин дахин цэрэг эгүүлэн ирээд гурван замаар хавчин байлдсанд Гуохуай ихэд дарагдаж эгэв. Ванпин цэргийн ардаар үхэр морины хэлийг мушгиулан эргүүлэн хөөж явахад Гуохуай үзээд дахин цэрэг эгүүлэн нэхсүгэй хэмээвээс уулын хойноос утаа дэгдээд нэгэн багийн хувилгаан цэрэг гарч ирэв. Тус бүр нэгэн хар туг хиур, эрдэнийн илд бариад цөм өөр зүйлийн байдалтай модон үхэр, цуврах морийг хөөж аваачих нь салхи мэт. Гуохуай ихэд гайхаж өгүүлрүүн: “Энэ эрхгүй сахиус тусалсан ажгуу!” хэмээжээ. Олон цэрэг цөм сэжиглэн айж нэхсэнгүй бөлгөө.

Тэндээс Сыма И Бэй Юаньгийн цэрэг дарагдсаныг сонсоод яаран биеэр цэрэг авч өмөглөхөөр ирээд сая замын дунд хүрэхэд буун дуу нэгэнтээ гараад бэрх цухал уулын дотроос хоёр салааны цэрэг хэнгэрэг дэлдэж хашхиран гарав. Тугийн дээр “Хань улсын жанжин Жан И, Ляохуа” хэмээн бичжээ. Сыма И үзээд ихэд цочсон бөгөөд Вэй улсын цэрэг бас айж тус тусдаа амь гарсугай хэмээн явав. Энэ чухамхүү:

“Замын зуур сахиус жанжинд учирч амуугаа булаагдаад

Бие нууц цэрэгт уулзаж амь бас түгшүүртэй болов”

Эгнэгт Сыма И яахыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top