Намрын чуулганаар бие даасан 18 хууль баталжээ

Т.Хөвсгөл | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы баасан гарагийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ. 

Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс үдээс өмнө авсан завсарлагын хугацаа дууссан тул тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төслийн олон зүйл, заалтууд хүний эрхийг зөрчсөн, дордуулах магадлалтай байна гэдэг дээр АН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн гэдгийг тодотгоод төслийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг явуулсны дараа үргэлжлүүлэн завсарлага авах санал гаргана гэж мэдэгдсэн юм. 

Улмаар АН-ын бүлэгт өгсөн нэг цагийн завсарлага дууссаны дараа бүлгийн дарга нь дээрх хуулийн төслийг дэмжих боломжгүй гэв. Гэсэн хэдий ч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг “Хүнийг заналхийлэх, амиа хорлох, бие махбодод нь гэмтэл учруулахыг уриалсан, сурталчилсан" гэж, мөн төслийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан” гэж өөрчлөн найруулах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн байна. Олонхын саналаар тус хуулийг баталсны дараа УИХ-ын дарга хуулийн хэрэгжилтийн явцад хүний эрхийн зөрчил гарах эсэхэд Хүний эрхийн Үндэсний комисс онцгой анхаарч ажиллах, хуулийн хэрэгжилтийг хангах, хяналтын зөвлөлийг сонгон шалгаруулах асуудлаар УИХ дахь АН, МАН-ын бүлгийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулах, цаашлаад иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүний эрхийн зөрчил гарвал хуулийн холбогдох заалтуудыг хянан үзээд гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, ажиллах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн юм.

Үүний дараа 2022 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн.

Тэрбээр "Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эдийн засгийн чиглэл, Нийгмийн бодлогын чиглэл, Засаглал-улс төрийн реформын чиглэлээр гурван багц хууль, Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад чиглэсэн нэг цогц арга хэмжээ, нийт 10 чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх шаардлага УИХ-д тавигдаж байгаа. Эдийн засгийн реформын чиглэлээр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо анхаарч, ойрын хугацаанд эдийн засгийг тогтворжуулах багц хууль, эдийн засгийг либералчлах, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих багц хуулиуд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ.

“Бүхнийг экспортод” уриан дор богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, валютын орох урсгалыг дор хаяж нэг тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөрийг УИХ-аас батлан хэрэгжүүлж, эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэхүү цогц арга хэмжээ нь Үнийн өсөлтийг тогтворжуулах, Экспортыг нэмэгдүүлэх Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, Хөрөнгө оруулалт татахад чиглэх ёстой. Удаад нь нийгмийн бодлогын багц хуулиудыг хэлэлцэнэ. Саяхан өргөн мэдүүлсэн нийгмийн даатгал, халамжийн багц хуулиудыг ард иргэдээрээ хэлэлцүүлж, бүгд тойрогтоо ажиллаж үгийг нь сонсох хэрэгтэй. Боловсролын багц хууль удаан хүлээгдэж байна. Нийтийн эрүүл мэндийн гээд нь нийгмийн бодлогын гурван багц хуулийг хэлэлцэх юм. Гуравдугаарт, улс төр, засаглалыг сайжруулах эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлагдсан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжиж байна. Нээлттэй сонсгол гурав, дөрвөн жилийн дараа буюу одоо л жигдэрч эхэлж байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, заавал амилуулах шаардлагатай 17 хууль өргөн баригдаагүй. Энэ хүрээнд улс төр-засаглалын чиглэлээр Улс төрийн намын тухай, Авлигатай тэмцэх багц хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай багц, цогц хуулиуд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах багц, цогц хуулиуд хүлээгдэж байна.

Эдгээр хууль Монгол Улсын Үндсэн хуульд оруулснаас хойш дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж эхлэх ёстой. Ард түмний өмнө нэн тулгамдсан асуудал нь Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл байна. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад цахим шилжилт хийх, дэд бүтцийг сайжруулах, шинэ хот байгуулах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хэрэгтэй" гэдгийг тодотголоо.

Өнгөрсөн жилийн намрын ээлжит чуулган 32 удаа хуралдан, 180 асуудал хэлэлцсэн бол байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо найман удаа, Хянан шалгах түр хороо есөн удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцжээ.

Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталж, Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ.

Эмийн чанар, хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороод байгуулагдаж, нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгуулж, КОВИД-19, хүнсний хангамж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн гурван Түр хороо ажилласан байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top