Монголбанкны 2022 оны ОНЦЛОХ 20 ажил

2023 оны 01 сарын 04

1. Эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэлээ

Монголын Улсын эдийн засаг 10 улирлын дараа цар тахлын өмнөх түвшинг давж, 2022 онд эдийн засгийн өсөлт 4 хувьд хүрэхээр хүлээгдэж байна. Цар тахал, геополитикийн эрсдэл, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, тодорхой бус байдлууд нь манай эдийн засгийн гадаад, дотоод орчинд шокуудыг бий болгосон хэдий ч Монголбанк эдийн засгийг тогтворжуулах бодлогыг тууштай хэрэгжүүллээ. Төв банк эдийн засагт үүссэн хүндрэлийг үнэлж, даван туулах хариу арга хэмжээний хувилбаруудыг тооцож, Мөнгөний бодлогын хорооны 4 удаагийн ээлжит, 1 удаагийн ээлжит бус хурлаар хэлэлцүүлж, бодлогын шийдвэрүүдийг тухай бүр авч ажиллалаа. Дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн салбаруудын өсөлт сэргэж байна.

2. Банкууд нээлттэй хувьцаат компани болж эхлэв

Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлж буй Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр, Банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд 2022 онд системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжиж, хувьцаат компанийн өмчлөлийн хэлбэрт шилжиж эхэллээ. Төв банкнаас шаардлагатай бэлтгэл ажлын хүрээнд IPO хийх дүрэм журмыг боловсруулах, хяналт тавих, зөвшөөрөл олгох үйл явцуудыг тодорхой болгов. 2022 оны 4 дүгээр улиралд Төрийн банк болон Голомт банк хувьцаагаа анхдагч зах зээл дээр амжилттай арилжиж, Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй ХК болсноор банкны салбарын шинэчлэл бодитоор хэрэгжиж эхэллээ.

 

  • Төрийн банк нийт хувьцааныхаа 5 хувийг буюу 37,475,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 590 төгрөгөөр нийтэд санал болгосноор нийт 22.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Үүний 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувийг олон нийтэд санал болгосон. Хувьцааны эрэлт өндөр байсантай холбоотойгоор Төрийн банк нийтэд гаргасан хувьцааны 15 хувь хүртэлх буюу 5,621,250 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргав. Ингэснээр анхдагч арилжааны захиалгын биелэлт 304.66 хувьтай буюу давж биелэв.
  • Голомт банкны хувьцааны анхдагч захын арилжаа 2022 оны 11 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд амжилттай явж өндөрлөлөө. Голомт банк нийт хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр нийтэд санал болгох замаар 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Захиалгын эрэлт өндөр байсан тул олон нийтэд санал болгож буй хувьцааны 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргаж, анхдагч арилжааны захиалгын биелэлт 148.0 хувьтай өндөрлөв.

3. “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг батлав

Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулах, тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилга гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүлэмжийн хийг бууруулах зорилтыг хангах буюу уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох, сөрөг нөлөөг бууруулахад эдийн засагт ихээхэн хэмжээний төрийн болон хувийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа билээ. Монголбанкнаас тогтвортой, ногоон санхүүжилтийг дэмжих, санхүүгийн салбарт үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тодорхойлох, тооцох, удирдах тухай ойлголтыг тодорхой болгох үүднээс 2019, 2022, 2023 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд тусгайлан заалт оруулан, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг боловсруулж, 2022 оны 3 дугаар сард Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хамтарсан тушаалаар батлуулав. Энэхүү замын зурагт 2030 он гэхэд банкны болон банкнаас бусад санхүүгийн байгууллагын олгосон нийт зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хэмжээг харгалзан 10 болон 5 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлснээс гадна төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх үндсэн 6 бүлэг, 24 дэд арга хэмжээг тодорхойллоо.

4. Төлбөрийн системийг шинэ шатанд гаргав

Төв банк Үндэсний төлбөрийн системийн тасралтгүй, найдвартай ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг удирдах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, оролцогчдын тэгш, тэнцвэртэй оролцоо, системийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зарчмыг баримтлан төлбөрийн системд тавих хяналтыг хэрэгжүүлж, төлбөрийн системийг сайжруулах замаар санхүүгийн салбарын дэд бүтцийн хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд чиглэсэн дараах ажлуудыг онцолж байна.

Үүнд:

  • Токен үйлчилгээний системийг нэвтрүүлж, хэрэглэгч картаа биет бусаар ашиглан төлбөр тооцоо гүйцэтгэх нөхцөлд картын мэдээлэл алдагдах, хуурамч залилангийн гүйлгээ гарах эрсдэлээс хамгаалагдлаа. Мөн төлбөрийн системийн нийт оролцогч дэд бүтэцдээ давхардсан хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй бөгөөд техник, программ хангамжийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардал хэмнэгдэхийн зэрэгцээ нэгдсэн системээр төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг бүрдүүлэв.
  • Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд төлбөр тооцооны системийн хувьд дэлхийн жишигт хүрч, олон улсын санхүүгийн системтэй нэг ойлголцолд хүрлээ. Үндэсний төлбөрийн экосистемийн үүрэг бол оролцогч талуудын санхүүгийн харилцааг найдвартай, тасралтгүй, нууцлалтай, уян хатан, нэг хэл дээр зохицуулахад оршдог. Банк санхүү, финтек, хөрөнгийн зах зээл, төрийн үйлчилгээ болон бизнесийн байгууллагууд зэрэг оролцогч талууд төлбөр тооцооны нэг экосистемтэй болсноор төлбөр тооцооны өртөг буурч, санхүүгийн салбарын бүтээмж өсөж байна.
  • Дотоодын ₮ картын хэрэглээг нэмэгдүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарцыг бий болгохын тулд Монголбанк болон БНСУ-ын КТ группийн охин компани болох “BC Card” компанийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр дотоодын ₮ картаар БНСУ-д, “ВС card” компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо харилцан гүйцэтгэх боломж бүрдэнэ.

5. Банкны салбарт активын чанарын үнэлгээг гүйцэтгэв

Банкны салбарын шинэчлэлийн хүрээнд системд нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа гарган компанийн хэлбэрээ өөрчлөхөөс өмнө Монголбанкны санаачилгаар банкуудын актив хөрөнгийн чанар, эрсдэлийн сан болон өөрийн хөрөнгийн хүрэлцээг тогтоох, гадаад, дотоодын оролцогч талуудыг бодит мэдээллээр хангах зорилгоор Активын чанарын хараат бус, хөндлөнгийн үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар үнэлүүллээ.

Банкны салбар нь санхүүгийн системийн 90 хувийг дангаар бүрдүүлдэг бол, системд нөлөө бүхий 5 банк банкны салбарын нийт активын 85 хувийг бүрдүүлж байна. Иймд энэ удаагийн активын чанарын үнэлгээ нь банк, санхүүгийн салбарт оношилгоо хийсэн явдал байв.

Энэ удаагийн активын чанарын үнэлгээнд системд нөлөө бүхий 5 банкны нийт зээлийн багцын 70 орчим хувийг хамруулж, тэдгээрт харгалзах 300 барьцаа хөрөнгийн үнэлгээнд баталгаажуулалт хийсэн бөгөөд үр дүнг банкуудын тайланд тусгуулах, хугацаатай үүрэг даалгавар өгөх, хэрэгжилтэд хяналт тавих болон Банкны тухай хууль тогтоомжид заасан бусад шаардлагатай  арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв.

6. ФАТФ-ын Зөвлөмжийн үнэлгээг ахиулж, үндэсний хөтөлбөр баталлаа

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-д мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт болох 40 Зөвлөмжийн техник хэрэгжилтийг жил бүр тайлагнах үүрэгтэй. Энэ хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтран Монгол Улсын 2022 оны Явцын тайланг Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт хүргүүлсэн. Уг тайланд Зөвлөмж 15-ын техник хэрэгжилтийн үнэлгээг ахиулах хүрээнд хийгдсэн ажлуудыг тайлагнасан бөгөөд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлснээс гадна виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэснээр холбогдох шалгууруудыг хангасан байна гэж үзсэн. Ингэснээр Зөвлөмж 15-ын “Хэсэгчлэн биелүүлсэн” үнэлгээг ахиулж, “Дийлэнхийг биелүүлсэн” үнэлгээтэй болголоо. Энэхүү ахиц дэвшил нь Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд үүний дүнд ФАТФ-ын нийт 40 Зөвлөмжийн 39 Зөвлөмж дийлэнхийг болон бүрэн биелүүлсэн үнэлгээтэй боллоо.

Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 265 дугаар тогтоолоор үндэсний хэмжээнд хэрэгжих “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөр нь 2022-2030 оны хооронд хэрэгжих бөгөөд 8 зорилго болон 48 зорилтыг агуулсан болно. “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгож, төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

7. Шатахууны нөөц бүрдүүлж, үнийн огцом өсөлтөөс сэргийлэв

“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”, “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд Монголбанкнаас газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх зорилгоор 2021-2022 онд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэв.

Үүнд:

  • Засгийн газрын 2021 оны 311 дүгээр тогтоолын  дагуу 707.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг репо арилжааны хүүгээр олгож шатахууны нөөцийг бүрдүүлэлтийг бүрэн дэмжиж ажиллав.
  • АИ-92 шатахууныг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах хөнгөлөлттэй нөхцөл бүхий хэлэлцээрийн нийт 282.8 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг банканд репо арилжааны хүүгээр олгож Монгол Улсын 4, 5, 6 дугаар сарын хэрэглээ болох 120 мянган тоннын нөөцийг бүрдүүлэв. Түүнчлэн тус хэлэлцээрийг 2022 он дуустал сунгасантай холбогдуулан Монголбанкнаас 2021, 2022 онд олгосон санхүүжилтийн үлдэгдэл эх үүсвэрийн эргэн төлөгдөх хугацааг 2023 оныг дуустал хугацаагаар сунгав.
  • Монголбанкнаас нефть, нефтийн бүтээгдэхүүн, хий болон цахилгаан эрчим хүчний импортын төлбөрт зориулж 132.8 сая ам.долларыг тусгай нөхцөл бүхий форвард хэлцлээр, 953.5 сая ам.долларыг спот арилжаагаар тус тус худалдаж, шатахууны нөөцийн тасралтгүй байдлыг дэмжиж ажиллав.

Үр дүнд нь Монгол Улсад өргөн хэрэглэж буй шатахууны нөөцийг бэхжүүлж, үнэ болон бусад өргөн хэрэглээний барааны үнийн хэлбэлзлийг харьцангуй бага түвшинд байлгахад нөлөөлөв.

8. Банкны салбарт их өгөгдлийн системийг нэвтрүүлж эхэллээ

Тоо мэдээллийн эрэлт хэрэгцээ, хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа дэлхийн чиг хандлагатай уялдуулан Монголбанк “Их өгөгдлийн систем”-ийн төслийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү систем нь банкны салбарыг нийтэд нь хамарсан цогц системийн шийдэл бөгөөд банкны салбарын 250 гаруй ажилтны ачаалал буурч, мэдээллээр түргэн шуурхай хангагдаж, шийдвэрийг оновчтой, түргэн хугацаанд гаргах, бодлого боловсруулалтад машин сургалт, хиймэл оюун ухаан зэрэг дүн шинжилгээний орчин үеийн шинэ арга хэрэгслийг нэвтрүүлэх боломжуудыг бий болгох юм.

Тухайлбал:

  • Төсөлд тоон гарын үсэг (PKI) ашиглан баталгаажуулалт хийгдэх шийдэлтэй.
  • Тоон мэдээллийн нэгтгэл, хадгалалт, тархаалтад Talend, Cloudera болон Tableau зэрэг их өгөгдлийн шийдлүүдийг ашиглаж байна.
  • Банкуудаас тоо мэдээллийг нэг өгөгдлийн загвар (data model)-аар авч чадсанаараа анхдагч болох, цаашид жишиг болох боломжтой учраас бусад төв банкууд, зөвлөх үйлчилгээний байгууллагууд энэ талаар бидэнтэй идэвхтэй хамтран ажиллаж байна.
  • Машин сургалт, хиймэл оюун ухаанд суурилсан аналитик дүн шинжилгээг өндөр давтамжтай, харилцан уялдаатай тоо мэдээлэлд үндэслэн хийснээр төв банкны хувьд хяналт шалгалтын технологи (SupTech)-ийг хөгжүүлэх, банкуудын хувьд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх цоо шинэ боломжууд бий болно.
  • Монголбанк их өгөгдлийн системтэй зэрэгцээд өгөгдлийн удирдлагын цоо шинэ тогтолцоонд шилжиж байна.

9. “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх” хөтөлбөрийг өргөтгөв

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд дараах ажлуудыг гүйцэтгэв.

  • Санхүүгийн мэдлэг олгох төсөл боловсруулна. УИХ-аас баталсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн баримт бичгийн тогтоолд: “Санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төслийг боловсруулж, хэрэгжүүлэх”-ээр тусгуулав.
  • Аж ахуйн эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа. ЕСБХБ-тай хамтран ЕХ-ны дэмжлэгтэйгээр БЖДҮҮЭ-ийн Дунд хугацааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпорац, МҮХАҮТ болон Монголын банкны холбоо хамтран хэрэгжүүлж, нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутагт сургалт зохион байгуулж, 300 гаруй аж ахуйн эрхлэгчийг хамруулав.
  • Олон нийтийн аянуудыг амжилттай зохион байгууллаа. Хүүхэд, залуучууд, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022”, “Дэлхийн хуримтлалын өдөр-2022”, санхүүгийн болон цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, “Ятгах тусам нягтал”, “Unsend-Бүү” шилжүүл аянуудыг амжилттай хэрэгжүүлж, цахим орчинд давхардсан тоогоор  6 сая, хамтрагч байгууллагуудын хамт 2300 орчим иргэн, хүүхэд залууст мэдээ мэдээллийг хүргэж ажиллалаа.
  • Олон талт сургалт, лекцийг зохион байгууллаа. Оны турш 2660 гаруй иргэнд санхүүгийн суурь мэдлэг олгох хувь хүний санхүү, зээл, хадгаламж, финтек, хөрөнгө оруулалт гэх мэт сэдвийн хүрээнд сургалт, лекцийг амжилттай зохион байгуулж ажилав. Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи, Шпаркассэ банкны сантай хамтран 9 банкны 7 элсэлтийг зохион байгуулж нийт 147 ажилтныг онол практик хосолсон 11 модуль сургалтад хамруулан сургав.
  • Цахим хуудас, олон нийтийн хэрэгслээр дамжуулан санхүүгийн мэдлэг олгох ажлын хүртээмжийг нэмэгдүүллээ. Санхүүгийн мэдлэг олгох  албан ёсны www.sankhuugiinbolovsrol.mn  цахим хуудсыг олон нийтэд түгээн ажиллаж байна. “Санхүүгийн боловсрол” фэйсбүүк хуудсыг тогтмол мэдээ, мэдээллээр ханган 15 000 гаруй дагагчтай боллоо. Санхүүгийн боловсрол гэж юу вэ? цуврал подкастыг сард нэг удаа, “Таны санхүүгийн мэдлэгт” live broadcast-ыг долоо хоног бүр зочин оролцогчийн хамт оролцон олон нийтэд түгээж ажиллалаа.

10. Зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалав

Цар тахал, геополитикийн шокууд нь дэлхийн эдийн засагт эрсдэл учруулж, хөгжиж буй орнуудын зээлжих зэрэглэл унаж байгаа боловч Монгол Улсын зээлжих зэрэглэл хэвээр хадгалагдлаа. Тухайлбал, Фитч агентлаг 2022 оны 5 дугаар сард, С энд Пи агентлаг 7 дугаар сард, Мүүдиз агентлаг 11 дүгээр сард тус тус Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалав. Монголбанкнаас зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудыг эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, хэрэгжүүлж буй бодлогын талаар бодит мэдээллээр ханган ажиллалаа.

11. Валютын нөөц 3.2 тэрбум ам.долларыг давж гарав

Монголбанкнаас гадаад валютын нөөцийг тогтвортой түвшинд хадгалах зорилгоор нөөцийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, үнэт металл тушаалтыг нэмэгдүүлэх, банкуудыг олон улсын зах зээлээс гадаад валютын эх үүсвэр татах илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүллээ. Хэдийгээр гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан төлбөрийн тэнцлийн алдагдал гүнзгийрч, валютын нөөц дээр дарамт нэмэгдсэнээр гадаад валютын улсын нөөц 2022 оны 8 дугаар сарын байдлаар 2.7 тэрбум ам.долларт хүрч буураад байв. Төв банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь валютын нөөцийг зохистой түвшинд хадгалахад хувь нэмрээ оруулснаар 2022 оны эцсийн байдлаар гадаад валютын улсын нөөцийг 3.2 тэрбум ам.долларт хүрсэн нь валютын төлбөртэй барааны импортын 4 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.

12. 22.9 тонн үнэт металл худалдан авав

Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх онтой харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Худалдан авсан үнэт металлыг мөнгөжүүлж, гадаад валютын улсын нөөцийг 840 сая ам.доллароор зузаатгав. Төв банк үнэт металл худалдан авах хэмжээг нэмэгдүүлж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжид урьдчилгаа санхүүжилтийг олгож ажиллалаа.

Түүнчлэн Монголбанкны Эрдэнэсийн сангаас тэмдэглэлт ой, онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан нийт 7 төрлийн дурсгалын зоос гаргав. Соёлын яамтай хамтран ажиллах гэрээг байгуулж, түүх соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн дээжээс түүвэрлэн Чингис хаан музейд түр хугацаагаар байршуулж, олон нийтэд толилууллаа.

13. Зээлийн мэдээллийн үйлчилгээг шинэ шатанд гаргахад анхаарав

Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг 2 хуулийн этгээдэд олгосноор зээлийн оноо /credit scoring/ буюу зээлжих зэрэглэл тогтоох, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, улмаар зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Ингэснээр Монголбанкны зээлийн мэдээллийн сан болон төрийн эрх бүхий байгууллагын мэдээллийн сан хооронд мэдээлэл солилцох боломжийг бий  болгох,  ашиглалтыг нэмэгдүүлэх  зорилгоор Үндэсний дата төв УТҮГ-тай хамтран  ХУР  мэдээлэл  солилцооны системээр дамжуулан зээлдэгч өөрийн зээлийн мэдээллийг e-mongolia  цахим  порталаар авч зээл, төлбөрийн байдлаа хянах, санхүүгээ удирдан зохицуулах, хүндрэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүллээ.

14. Ипотекийн зээлийг хөтөлбөрийг үргэлжлүүлэв

Ипотекийн зээлийн журамд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан хөтөлбөр цаашид тасралтгүй хэрэгжихэд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулсан бөгөөд 2022 онд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 712 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олгож, 8.4 мянган өрхөд ипотекийн зээл олгоод байна.

Хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа. Үүнд:

  1. Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх,
  2. Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг, орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  3. Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт олгогдох ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 18 хүртэл хувийг Зээлийн батлан даалтын сан батлан даах тогтолцоог нэвтрүүллээ. Ингэснээр ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр орон нутагт 12 хувь болж буурах боломж бүрдэв.

Цаашид хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор олон улсын тэргүүн туршлага, зах зээлийн зарчимд суурилсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр судалж, санал боловсруулах ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамны төлөөллийг оролцуулан ажиллаж байна. Энэ хүрээнд сан бүрдүүлэх байдлаар тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ажил эрхэлж байгаа хүмүүсийг нийгмийн даатгалтай санхүүжилтийг уялдуулах зэрэг олон улсын сайн туршлагыг судлан нэвтрүүлэхээр судалж байна. Мөн дунд болон урт хугацаандаа иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн хөтөлбөрүүдийг зах зээлийн зарчмаар санхүүжих хэлбэрт шилжүүлэх нь үр ашигтай юм. Ингэхдээ макро эдийн засгийн оновчтой бодлого явуулах замаар зах зээлийн хүүг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлснээр ипотекийн хөтөлбөр болон энэ төрлийн хөтөлбөрүүдийг төрөөс дэмжих, татаас, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ шаардлага багасна. Иймд тогтвортой санхүүжилтийн тогтолцоог Монголбанкнаас холбогдох байгууллагууд хамтран бүрдүүлж, хөтөлбөрийг Засгийн газарт 2023 онд багтаан шат дараатай шилжүүлэхээр Төрөөс 2023 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд тусган, УИХ-аар батлуулаад байна.

15. Уул уурхайн бус экспортын санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд төвлөрөв

Монголбанк уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хүртээмжтэй санхүүгийн тогтолцоог бүрдүүлж, гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд, арилжааны банкууд, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд тусгасны зэрэгцээ цар тахлын үед репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлээд байна. Экспортын чиг баримжаатай, өндөр бүтээмжтэй, төрөлжсөн эдийн засгийг бий болгох нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн нэн чухал зорилт юм. Өнгөрсөн оны байдлаар нийт экспортын барааны 92 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайн бус экспортын нийт экспортод эзлэх хувь хэмжээ даруй 6 дахин буурчээ. Монголбанк уул уурхайн бус экспортод чиглэсэн санхүүгийн хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах боломжийг эрэлхийлж “Экспортлогч үндэстэн-шинэ сэргэлтийн бодлого” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулав. Чуулганаас гарсан үр дүн, экспортлогчдын санал зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, түүнийг шийдвэрлэх, дэмжих ажлуудыг холбогдох байгууллагууд хийж эхлээд байна.

16. Санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүллээ

Монголбанкнаас санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн дараах ажлуудыг онцолж байна.

Үүнд:

  • “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн төсөл. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах төсөл”-ийн хүрээнд зохицуулагч байгууллагын хянан шалгагч, ажилтнуудад Канад улсын Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах агентлаг, Бүгд Найрамдах Португали Улсын Төв банк санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар 2 удаагийн цахим сургалт, Монголбанк, СЗХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөл Бүгд Найрамдах Солонгос Улсад айлчлан Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох байгууллагуудын удирдлага, баг хамт олонтой уулзалт хийж санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр туршлага солилцлоо. Мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоож, зохицуулагч байгууллага болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тусгайлсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх агуулгаар “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн төслийг эцэслэн боловсруулан хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрдлийг ханган 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-1/990 дүгээр албан бичгээр хууль санаачлагч болох Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилж дээрх төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
  • Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Эрдэнэсийн санг эрхлэн гүйцэтгэж байгаа нэрлэсэн өмчлөгчийн хувьд өөрт итгэмжилсэн хөрөнгийг санхүүгийн тайландаа тусгаснаар Монголбанкны санхүүгийн тайланд эерэг үр дүнг үзүүлнэ. Мөн Эрдэнэсийн сан дахь түүх, соёлын өвийн эд зүйлийг нэмэгдүүлэх, арвижуулах зорилгоор тэдгээрийн холбогдох бүртгэл, мэдээлэлтэй танилцах, санал гаргах бүрэн эрх тус хуулиар олгогдсон. Ингэснээр хүн, хуулийн этгээд, бусад байгууллага, Засгийн газраас эрдэнэс эзэмших, түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн бүртгэл, мэдээллийг гаргаж өгөх болон Монголбанкны хүсэлтээр Засгийн газар түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг Эрдэнэсийн санд шилжүүлж эрдэнэсийн санг баяжуулах нөхцөлийг бүрдүүлэв. Үүний зэрэгцээ түүх соёлоо хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх үүднээс эрдэнэсийн сангийн талаар мэдээлэх, хэвлэн нийтлэх, эрдэнэсийн сангийн үзэсгэлэн зохион байгуулах эрх зүйн боломж нээгдэв.
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төсөл. Засгийн газраас өргөн мэдүүлсэн барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэн, мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа дахь санхүүгийн хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль”-ийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит нэгдсэн чуулганы хуралдаанаар баталсан бөгөөд Монголбанкнаас тус хуулийн төсөлд өндөр ач холбогдол өгч хууль санаачлагч болон хууль тогтоогчтой нягт хамтран ажиллалаа.

17. Гадаад өрийн төлбөрийг амжилттай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэв

Монголбанк нь Төв банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэдэг. Энэ хүрээнд олон улсын зах зээлд гаргасан бондуудын 2022 оны эргэн төлөлтөд зориулан шаардлагатай гадаад валютыг тухай бүр нийлүүлж ажиллалаа. Тухайлбал, “Монголын ипотекийн корпорац” ХХК-ийн бондын төлбөрт 103 сая ам.доллар, Засгийн газрын Чингис бондын 1 тэрбум ам.долларын бондын төлбөрт 136 сая ам.доллар, Засгийн газрын 2023 онд эргэн төлөгдөх “Гэрэгэ” бондын үндсэн төлбөрийн 16 сая ам.долларыг амжилттай төллөө.

18. Гадаад хамтын ажиллагаагаа бэхжүүллээ

Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж байна. 2022 оны ОУВС-гийн хаврын болон жилийн уулзалт, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны 55 дахь удаагийн Жилийн уулзалтад Монгол Улсыг төлөөлж Монголбанк, Сангийн яам оролцлоо. Тус уулзалтаар улс орнуудын бодлого боловсруулагчид цуглаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлуудын талаар хэлэлцүүлгүүд өрнүүлдэг уламжлалтай билээ.

Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн сорилтын үед дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийг олгосон. Түүнчлэн 2022 онд дотоодын банкууд олон улсын санхүүгийн байгууллагуудаас нийт 430.5 сая ам.долларын  валютын эх үүсвэр татаж, Монголбанктай урт хугацаат своп хэлцэл байгуулжээ. Хөгжиж буй орнуудын хөрөнгийн орох урсгал татарч буй өнөөгийн нөхцөлд дээрх санхүүжилтүүд нь Монгол Улсын төлбөрийн тэнцлийн дарамтыг зөөлрүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлж байна. Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт хөгжлийн банктай уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог бүрдүүлэх чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Түүнчлэн Монголбанк БНСУ-ын “Kamco” корпорацтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хоёр байгууллага чанаргүй активыг үр ашигтайгаар бууруулах чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцох, хүний нөөцийг бэхжүүлэх, актив удирдлагын компанийн маркетинг, үйл ажиллагааны стратегийг хөгжүүлэх, актив удирдлагын компани байгуулахтай холбоотой эдийн засаг, хууль эрх зүйн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм.

19. Олон улсын цуврал хурлуудыг зохион байгууллаа

Монголбанкнаас Монгол Улсын хөрш, хөгжлийн түнш орнуудтай эдийн засгийн харилцаа, хөгжлийн замнал, ирээдүйн хамтын ажиллагаанд анхаарах асуудлаа тодорхойлох, өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэх үүднээс олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг Монгол Улсын Засгийн газар, Элчин сайдын яамд болон холбогдох ААН-үүдтэй хамтран зохион байгууллаа. 2022 онд “Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд”, “Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв”, “Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулаад байна. Түүнчлэн, “Монгол Улс, ОХУ-ын банк хоорондын дугуй ширээний тавдугаар уулзалт”-ыг амжилттай зохион байгуулав.

20. Төв банкны үндсэн бүртгэлийн системийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэв

Төв банкны суурь бүртгэлийн системийг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, суурилуулан нэвтрүүлэх ажил дээр төвлөрч ажиллалаа. Ингэснээр олон улсын төв банкууд (жишээ нь, Швед, Армен, Индонез, Этиоп, Энэтхэг)-д хэрэгжиж буй “Intellect Quantum Central Banking” шийдлийг нэвтрүүлэх юм. Энэ систем нь суурь бүртгэлийн ерөнхий дэвтэр, банкны үйлчилгээ, төрийн үйлчилгээ, мөнгөний бодлого,  зээл болон барьцаа хөрөнгийн удирдлага, валютын ханшийн удирдлага, гадаад худалдаа, Интернэт банкны үйлчилгээ, нөөцийн удирдлага, төсвийн удирдлага зэрэг хоорондоо нягт уялдаа бүхий байгууллагын удирдлагын модулиудыг агуулдаг. Тиймээс төв банкны цогц бөгөөд хүчирхэг систем, шийдэл юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.210) 2023 оны 01 сарын 04

Төгрөгийнхөө ханшийг сулруулаад монголчуудыг бүгдийг ядуурууллаа. Төгрөгийн ханш одоо ч суларсаар л бна. Монгол банк гэж бх шаардлага алга даа. Валютын хашин дээр тоглож монгол банкныхан бүгд баяжлаа. Бүгдийг барьж хорь шалга

0  |  0
Top