"Шэньжөү 15" сансрын багийнхан ямар сорилтыг туулах вэ?

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Сансрын станцад 183 хоног ажилласан Хятадын "Шэньжөү 14" сансрын хөлгийн гурван нисгэгч 12 дугаар сарын тавны өдөр эх дэлхийдээ буцаж ирсэн билээ.

Харин тэднийг сансраас дөрөө мултлахын өмнөхөн ажлын халаагаа авахаар "Шэньжөү 15" сансрын хөлгийн багийнхан сансарт хөөрсөн. Нисгэгчид нь Фэй Жүньлүн, Дэн Чинмин, Жан Лү гэх нэртэй гурван эрэгтэй юм. "Шэнжөү 15" багийнхан сансрын станцын барилга байгуулалтын сүүлчийн хэсэг ажлыг хийж дуусгах даалгавартай аж. Тэгвэл тэд сансарт хэрхэн ажиллаж, ямар ямар сорилтыг туулах бол? 

"Би сансрын нисгэгч болсон цагаасаа л сансарт зорчихыг мөрөөддөг байсан. Би бүхээгийнхээ хаалгыг хаахдаа “Тэр л үзэсгэлэнт гэр орондоо дахин очно доо” гэж сэтгэлдээ сэмхэн даатгасан. 

Энэ удаагийн нисгэгчдийн ахлагч Фэй Жүньлүн 2005 оны 10 дугаар сард Шэньжөү-6 сансрын хөлгийн нисгэгчээр ажилласан. Түүнээс 17 жилийн дараа тэрээр дахин сансарт ниссэн нь энэ юм. Тэрээр тухайн үед сансарт долоо хоног хүрэхгүй хугацаанд ажиллаж байсан бол өдгөө зургаан сарын ажлын томилолт авчээ. Фэй Жүньлүний хувьд энэхүү хоёр удаагийн үүрэгт ажил тодорхой ялгаатай байх нь дамжиггүй. 

"Ажлын эрчим илүү чангарсан, үүрэг даалгавар ч хүнд байгаа. Ажиллах цаг урт болсон учраас эрүүл мэндийн шаардлагыг ч хангах ёстой. Хоёрт, сансрын станцын талбай, орон зай хүрээгээ тэлсэн. Өмнөх ажлын багийнхантай харьцуулахад бид хэдийн ажил станцын бүх хэсгийг хамрах болно. Жишээлэхэд, байшингийнхаа 1,2,3-р давхрыг барьж дуусгасан гээд бодъё л доо. Харин бидний хувьд энэ байшингийнхаа дотоод засварыг хийж тохижуулна. Мөн цахилгаан, усны холболтыг ч шийднэ. Хамгийн сүүлд бүх ажлаа хүлээлгэн өгч, ашиглахад бэлэн болгоно доо". 

Дэлхийгээс 400 километрийн зайд орших "Тяньгүн" сансрын станц нь "Т" хэлбэртэй, Тяньхэ үндсэн бүхээг, Вэньтянь болон Мэнтянь туршилтын бүхээг гэх гурван хэсгээс бүрдэж байна. 

“Шэньжөү 15” сансрын хөлгийн багт уламжлал ёсоор хоёр хуучин нисгэгч, нэг шинэ нисгэгч ажиллаж байгаа юм. Багийнхаа ажлын чадварт Фэй Жүньлүн итгэл дүүрэн байлаа. 

"Бид нарын хувьд сансарт ажиллах сургалт дасгалыг олон жил хийж, онол практикийн үндсэн сууриа сайн тавьсан гэж бодож байна. Сэтгэлзүйн хувьд ч маш сайн бэлтгэл хангасан. Багийнхан маань тайван, хүлээцтэй, ажлын туршлага сайн гэх зэрэг олон давуу талтай. Түүгээр ч барахгүй манай багт насны хувьд харьцангуй залуу хүн ч байгаа. Залуу хүн тархи сэргэг учраас үндсэн мэргэжил гэлтгүй олон талын мэдээллийг илүү түргэн авч чаддаг. Бид залуусынхаа тусламжтайгаар шинэ зүйлд дахин суралцаж, бие биедээ дэм болж ажиллах болно".

 Тус багийн нисгэгч Дэн Чинмин ч мөн хуучин нисгэгч, тэрээр Хятад улсад бэлтгэгдсэн анхны сансрын нисгэгчдийн нэг юм. Тэдний хэсэг бүлэг нь нэгэнт тэтгэвэртээ гарсан бөгөөд өдөө ажлын байрандаа байгаа есөн нисгэгчээс сансарт нисээгүй цорын ганц нь Дэн Чинмин байсан аж. Олон жил бэлтгэл нисгэгчээр ажилласан тэрээр сансарт нисэх 20 гаруй жилийн мөрөөдлөө йнхүү биелүүлж анхны нислэгээ хийжээ.

"Мөрөөдлийнхөө төлөө 25 жил зүтгэнэ гэдэг үнэхээр хялбар байгаагүй. Намайг ядарсан уу гэж асуувал би тийм ээ л гэж хариулна. Бодол сэтгэл ч хэлбэлзэлтэй байсан. Мөрөөдлийнхөө замд би түр амарч болно, тэгэхдээ орхиогүй. 57 нас хүртлээ зүтгэсээр байгаа минь үүний илрэл. 25 жилийн турш нэг л зорилгынхоо төлөө би тууштай байж чадсан. Энэ багийнхныгаа хэрхэн дүгнэх вэ гэсэн асуултад Дэн Чинмин ингэж хариуллаа.  

"Манай багийнхан амьдрал дээр бие биедээ санаа тавьж, ажил дээрээ бие биенээ дэмждэг. Технологийн талаар илэн далангүй ярилцаж, нүүр улайлцах үе ч гардаг.  Маш хариуцлагатай бөгөөд ажил хэрэгч баг гэж боддог. Фэй Жүньлүн ямар ч зүйлд маш нухацтай, хатуу шаардлагатай ханддаг. Зөвхөн ажил мэргэжлийн тухайд ч биш,  амьдралд ч гэсэн бидний том ах шиг санагддаг. Харин Жан Лү бол амьдралын арын албаных. Тэр маань амьдралын нарийн ширийн зүйлийг маш сайн зохицуулдаг. Нас залуу, эрч хүчтэй, шургуу хөдөлмөрч, урам зоригтой ажилладаг". 

 "Шэнжөү 15"-ын нисгэгчдийн багийнхан тойрог зам дахь сансрын станцад ажиллах хугацаандаа бүхээгийн дотоод засварыг хийхээс гадна олон удаа бүхээгээс гарч гаднах төхөөрөмжийг угсрах, техникийн туршилт хийх зэрэг төрөл бүрийн ажлыг гардан хийх болно. Энэ нь Хятад улсын хувьд нисгэгчтэй сансрын хөлгийн 10 дахь удаагийн нислэг юм. Тэгвэл энэ удаагийн ажлын томилолтын дагуу нисгэгчид ямар сорилт бэрхшээлтэй тулгарах бол? Тэд анагаах ухааны салбарыг багтаасан олон зуун туршилт хийх тухай тус багийн хамгийн залуу гишүүн Жан Лүгээс тодруулсан юм. 

"Мниий тооцоолсноор 20 гаруй туршилтын кабинет байгаа бөгөөд 100 гаруй туршилтыг хийх болно. Манай “Шэньжөүг 15” багийнханд Мэнтянь бүхээгт ажиллах үүрэг нэмэгдсэн. Мөн тус бүхээгийн ачааны гарцаас гарч ажиллах тул бүх туршилтын тоо нэмэгдээд 200-г давж болзошгүй. Түүгээр ч зогсохгүй анагаах ухааны туршилт ч багтсан байгаа. Тодруулж хэлэхэд, энэ удаагийн эмнэлзүйн туршилтууд өмнөхөөсөө өөр байх бөгөөд шинэ эсийн туршилт, ясны сийрэгжилтийн талаарх зарим туршилт ч багтаж байна".

Сансрын нисгэгчдийн бүхээгээс гарах ажиллагаа нь Хятад улсын сансрын станцын технологийн баталгаажуулалт болон бүтээн байгуулалтын үе шатан дахь маш чухал алхам юм. Тоо томшгүй олон удаа сургалтанд хамрагдсан ч бүхээгээс гарах ажиллагаа сорилтоор дүүрэн байна гэж Жан Лү танилцууллаа. 

"Бүхээгийн гаднах хамгийн урт зай нь бараг 150 метр байгаа. Хамгийн сүүлд буюу  "Шэнжөү 14" багийнхан бүхээгийн гадна 15 метр зайд ажилласан. Бүхээгийн гадна ажиллах нь асга хаданд авирахтай адил юм. Эхний хэдэн метрт маш хурдан, харин цааш явах тусам биеийн ачаалал ихсэж, ажиллахад их хэцүү болдог. Ямартай ч энэ нь задгай сансарт, хөл нь агаарт дүүжлэгдэж байгаа төдийгүй хүрээлэн буй орчин нь тас харанхуй, гэрлийн тусалт түргэн өөчлөгддөг учраас дулааны хэмжээ тогтворгүй. Тиймээс бүхээгний гаднах үйл ажиллагаа сэтгэл зүйн болон бие махбодийн хувьд харьцангуй өндөр ачаалал сорилт болдог".

Эх сурвалж: mongol.cri.cn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top