“Эрдэнэсийн сан”-гийн эрэлд-III

2022 оны 12 сарын 08

-Хутагт, хувилгаадын хөөрөг хэний гараар орсон бэ-

Монгол  Улсын “Эрдэнэсийн сан” бүрэн бүтэн хадгалагдаж байгаа юу. Улсын алтан сан хөмрөгт авсан дүрслэх урлагийн сор бүтээлүүдээс хэчнээн нь алга болж, хэд нь хадгалагдаж байна вэ. Гандантэгчэнлин хийдээс Монголбанкинд тушаасан үнэт зүйлс хадгалагдаж байгаа юу, эсвэл. Эдгээр асуултын мөрөөр манай сонин цуврал сурвалжилгыг уншигчдадаа хүргэж ирсэн.

“Эрдэнэсийн сан”-гийн эрэлд-I

“Эрдэнэсийн сан”-гийн эрэлд-II

Үүний зэрэгцээ өв соёлын үнэт зүйл, монгол хүний оюун санаанаас урган гарч уран гараар нь  дамжин  урлагийн бүтээл болсон  дурсгалуудыг эрэн хайх, бүртгэлжүүлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах тухайд асуудал дэвшүүлсэн. Энэ сэдвээр  “Уран зургийн галерей аврал эрж байна”,  “Монгол Улс дүрслэх урлагийн эрмитажтай болох цаг болсон”, “Монголын соц-реализмын бүтээлүүд Катарын музейг чимж байна” зэрэг нийтлэлүүдийг хүргэсэн билээ.

Монголын нэрт зураач Б.Чогсом агсан “Уран зураг бол хаана ч үнэ нь буурдаггvй цорын ганц бараа” гэж хэлсэн байдаг. Үүнийг батлах мэт үе үеийн  нэрт зураачдын   олон алдартай бүтээл эрэн сурвалжлагдаж байна. Улсын Ерөнхийлөгч байсан хүний эхнэрийн дүү хүртэл уран зургийн хулгайд сэрдэгдэж, нэгжлэг хийхэд Уран зургийн галерейгаас алга болсон “Бугуйлч” хэмээх  зураг  гарч ирж шуугиулж байв. Бид энэ удаа уран зургийн дурсгалтай адил чимээгүй алга болсоор ирсэн  үнэт дурсгалын нэг нь  Монголын төрийн зүтгэлтнүүд,  хутагт, хувилгаад, удирдагчдын эдлэл хэрэглэл,  эр  дотроос хөөрөг юм биш үү гэсэн  сэдвийг хөндлөө.

Хөөрөг бол монголчуудын уламжлалт соёлын нэг хэлбэр болоод хэдэн мянган жилийг үдэж буй үнэт эдлэл. Орчин цагт томчуудын гоёл хийгээд нүнжгийг нь  илтгэдэг зүйл болж хувирсан. Гэвч өнөө хүртэл уг сурвалжийг нь хөөж, хэн ямар замаар авсныг дурдаад байдаггүй. Их төлөв хэчнээн саяар үнэ цохиж авсан тухай мэдээллүүд л байдаг. Сонин содон  түүхтэй, эсвэл түүхт хүний барьж байсан хөөргийг төрийн томчууд, хөрөнгө чинээ бүхий бизнесийнхэн барьж байгаа нь нууц биш юм.

Тухайлбал, 2000-гаад оны үед Монгол Улсаа НҮБ-ын гишүүнээр элсэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан, Халхын тамгатай 13 хутагтын нэг Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын хөөргийг “Эрэл”-ийн Эрдэнэбат нандигнан хадгалж байдаг гэх мэдээлэл чөлөөт хэвлэлийн хуудаснаа зураг хөрөгтэйгөө заларч, олон нийтийг шуугиулж байв. Тус хөөрөгний үүх түүхийн талаар 1990 оны сүүлчээр Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц Америкт Нью-Жерси мужид байдаг Дилав хутагтын хийдэд очиж мөргөсөн юм. Дилав хутагтын үнэнч шавь, үйл хэргийг залгамжилж яваа Жамбалдорж ламтан Чойжамц ламтанг хүлээн авч, Дилав хутагтын хоёр хөөргийг түүний багш Очирдарь ламын барьж байсан даалингийн хамт өгөөд  “Энэ хоёр хөөрөг даалинтайгаа бүтэн нэг жарны дараа эх нутаг Монголдоо эргэн очих цаг нь болсон байжээ" гээд дайж явуулжээ. Ингэхдээ энэ хоёр хөөрөг, даалин Монголд л байх ёстой, хилийн дээс давах учиргүйг сануулсан байна.

Энэ тухай дам сонссон баячууд Д.Чойжамц хамбыг нутагтаа ирэхэд алдартай хутагтын хөөргийг өөрийн болгохоор үнэ хаялцаж байсан гэж ярьдаг. Хөөргийг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат эзэмших болжээ” хэмээн мэдээлж байв. Уг нь музейд байх түүхийн ховор  дурсгал атал Гандантэгчэнлин хийдийн хамба лам нь  мөнгөтэй бизнесмэнд зарсан юм уу, ямар нэгэн зүйлээр арилжсан уу, ямартай ч өгчихсөн гэж ойлгогдоно. Ийм байдлаар түүх, соёлын үнэт зүйл, ховор дурсгалууд мөнгөтэй бизнесийнхэн, эрх мэдэл бүхий сайд, дарга нарын гараар орсон юм биш гэсэн хардлага бас дагалдана.

Дээр дурдсан Дилав хутагтын хөөргийг Д.Чойжамц хамба “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад зарсан уу, бэлэглэсэн үү. Зарсан бол тэр мөнгө юунд зарцуулагдсан бэ. Бэлэглэсэн бол бэлэглэх эрх түүнд бий юу. Бэлэглэлийн гэрээ хийсэн бол “...Энэ хоёр хөөрөг, даалин Монголд л байх ёстой, хилийн дээс давах учиргүйг сануулсан” гэх Дилав хутагтын үнэнч шавь, үйл хэргийг залгамжилж яваа Жамбалдорж ламтаны захиасыг тусгасан уу гэдэг тодорхойгүй байна.

Хөөрөгний мөрөөр эрсэн сурсан мэдээлэл, баримт сэлтийг хөөж үзвэл одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 оны аравдугаар сарын 20-нд болсон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2205 дугаартай магадлал Шүүхийн цахим санд оржээ. Энэ магадлалд нэхэмжлэгч, маргалдагч хоёр талын асуудал  дурдагдсан нь анхаарал татав. Үүнээс зөвхөн хөөрөгний тухай дурдагдсан хэсгийг сийрүүлье.

Үүнд нэхэмжлэгч талд Д.Ч хамба гэсэн нэр дурдагдсанаас үзэхэд Гандантэгчэнлин хийд болоод хамба нь Д.Чойжамц гуай бололтой. Нэхэмжлэгчээс “...Дилав хутагт гуай Монголоос гарахдаа Ч хамбад итгээд миний энэ хөөргийг Монголдоо өгөөрэй гээд явуулсан. ...Дилав хутагтын хөөрөг Эрдэнэбатад байна. Тус хөөргийг бусдад 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гурван сая төгрөгөөр худалдаж мөнгийг нь Өмнөговь аймгийн Маанийн хийдийн шинэ дуганы бүтээн байгуулалтад зориулан шилжүүлсэн. Дээрх хөөрөг нь хамба ламд хамааралгүй...” гэж шүүхэд мэдүүлсэн бололтой.

Хариуцагч тал болох З.С нь “Монголын нэр алдартай хутагт хүний хөөргийг Д.Ч хамба бэл бэнчин харж бизнесмэн хүнд бэлэглэж өвлүүлсэнд хувь хүнийхээ хувьд одоо хүртэл харамсаж явдаг. Эрэл ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн хэд хэдэн удаагийн ярилцлагадаа... Дилав хутагтын хөөргийг Д.Ч хамбыг Монгол Улсын соёлын өвд тооцуулах ёстой хосгүй үнэт эдлэлийг бэлэг сэлт, арилжааны хэлбэрт оруулан захиран зарцуулсныг илтгэж байна гэж үзэж өөрийн байр суурийг илэрхийлсэн билээ” гэжээ.

Мөн шүүх хуралдааны шатанд Дилав хутагтын барьж байсан хөөргийг Тэргүүн Их хамба Д.Ч зургаан өрөө байраар сольж ашигласан гэх, Мөн Тэргүүн хамба Д.Ч өөрийгөө Хан Номун хаанаар өргөмжилсөн гэж ярилцлага өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх гурван шаардлагыг дэмжиж байна” гэхчлэн шүүх шийдвэрээ гаргажээ.

Үүнд “...Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б нь “Дилав хутагтын барьж байсан хөөргийг АНУ-д амьдарч байсан лам Жамбалдорж Тэргүүн Их хамба Д.Ч-д шашны үйл хэрэгт зориулаарай гэж өгснийг “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатад зургаан өрөө байраар сольсон, тэр байрандаа амьдарч Дилав хутагтын хөөргийг амин хувьдаа ашигласан” гэх болон ............. шаардлагаас татгалзсан хэмжээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна” гэсэн байгаа юм. Хамгийн эхэнд “...Хөөрөг хамбад хамаагүй” гэсэн нь ийм байдлаар шийдэгдсэн, эсвэл одоо ч шүүхийн шатанд байх магадлалтай юм.

Энэ мэдээллийн мөрөөр бид АТГ, ЦЕГ-ын холбогдох албанаас тодруулахаар хэдэн өдрийн өмнө хандсан. АТГ-ын зүгээс Нийслэлийн прокуророос зөвшөөрөл авч байж мэдээлэх журамтай гээд мэдээлэл  өгөөгүй. ЦЕГ тодруулаад хариу өгнө гэсэн боловч одоог хүртэл хариу өгсөнгүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалд нэр дурдагдсан талууд хэн болохыг тодруулж, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах, тэдний байр суурийг  уншигчдадаа хүргэх үүднээс хоёр талын дугаарыг олж утсаар хандсан юм. Нэг нь “Утсаар ярилцлага өгөхгүй, ажлын үнэмлэхээ үзүүлж албан ёсоор ханд” гэсэн бол нөгөө нь утсаа аваагүй. “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын 9911... дугаар холбогдох боломжгүй байв. Иймд мэдээллийн мөрөөр эргэн сурвалжилж талуудын байр суурийг ярилцлага, тодруулгаар хүргэх болно.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.165) 2022 оны 12 сарын 08

энэ асуудлыг заавал тодруулж шийдүүлээрэй. манай нэртэй гэгдэх Чойжамц хамба ч хулгайч. өөдгүй новш, етөнцөд р хүүхэдч байхгүй гон бие гозон олгой атлаа далдуур заваарч явдаг нэгэн

1  |  0
Бар(59.153.113.83) 2022 оны 12 сарын 08

Уулаасаа л Чойжамц хамба гэгч Монголын шарын шашины үнэт эдлэлийг гадаад, дотоодгүй зарж баяжсан нөхөр. Түүнийгээ амьддаа илрэх вий гэж насаараа хамбын суудлаас зууралдаж буй этгээд. Далай лам хамгийн сүүлд айлчилахдаа хүртэл энэ булайг нь мэддэг учираас адис өгөөгүй. Хойд насандаа тамд унахаа хамгийн сайн мэддэгч мөнгөндөө нүдээ сохолсон шашиныг бузарлагчдын нэгдээ.

1  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 12 сарын 08

Elbegdorjiin gert baugaa

1  |  0
Top