ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Өнөөдөр 2022.12.07. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 08 цаг 27 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -17 хэм, шөнөдөө -26 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын иргэний нисэхийн өдөр. ОХУ-д өнөөдөр Нисэхийн инженерийн албаны өдөр болон Эрмитажийн өдөр юм.

Энэ өдөр Америкийн сагсан бөмбөгч, олимпын аварга Ларри Жо Бёрд, Мальтийн Ерөнхийлөгч Мари-Луиз Колейро Прека, Оросын дуучин, “Звери” хамтлагийн ахлагч Роман Билык буюу Рома Зверь, Америкийн жүжигчин Женнифер Карпентер, Аарон Чарльз Картер, Английн хөлбөмбөгч Жон Терри, жүжигчин Николас Холт, Чехийн хоккейч Милан Михалек, Японы уран гулгагч, олимпын хоёр удаагийн аварга Юзүрү Ханю зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1915 оны энэ өдөр түшмэл Цэдэвсүрэн, лам Чагдавжав тэргүүтэй Нийслэл хүрээний 18 худалдаачид хувь хөрөнгө нийлүүлж, “Монголын харилцан туслалцах хоршоо”-г байгуулжээ.

2011 оны энэ өдөр дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц найм дахь удаагаа Монголд айлчилжээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн оюутан, залуучуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц уншсан байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1732 оны энэ өдөр Лондонд Ковент-Гарден хатан хааны театр нээгджээ.

1934 оны энэ өдөр ОХУ-ын Киров, Омск, Оренбург муж болон Красноярскийн хязгаар үүсгэн байгуулагдсан байна.

1941 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайнаар Япон улс Сувдан эрэг рүү дайрч, АНУ дайнд оржээ.

1944 оны энэ өдөр Чикагод Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцыг баталж, гарын үсэг зурсан байна.

1972 оны энэ өдөр “Аполлон” хөтөлбөрийн хүрээнд саран дээр хамгийн сүүлд газардсан “Аполлон 17” сансрын хөлгийг хөөргөв.

1975 оны энэ өдөр Индонез Зүүн Тиморыг эзлэн түрэмгийлжээ.

1982 оны энэ өдөр АНУ-ын Техаст цаазын ялыг анх удаагаа тарилганы тусламжтайгаар гүйцэтгэжээ.

Өнөөдөр үс засуулвал Өлзийтэй сайн.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Их цасан буух улирал 12 цаг 53 минутад эхэлнэ.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top