Төсөв сангийн бодлогоос уялдаа шаардсан  МӨНГӨНИЙ БОДЛОГО батлагдлаа

2022 оны 11 сарын 11

Улсын Их Хурал ирэх 2023 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогыг баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Сануулахад, өнгөрсөн есдүгээр сарын 27-нд Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барьсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар мөнгөний бодлогын төслийг буцааж, дахин танилцуулах үүрэг өгсөн талаараа өөрийн сошиал хуудсаараа мэдэгдэж байв. Тэрбээр "Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, зарим тооцоо судалгааг дахин нягталсны үндсэн дээр  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг дахин боловсруулж, зохих бэлтгэл ажлыг хангаад УИХ-ын намрын чуулган эхлэхээс өмнө танилцуулах үүрэг чиглэлийг Монгол банкны удирдлагуудад өгч буцаалаа" гэж байсан юм.

Тэгвэл өчигдөр /2022.11.10/ УИХ ирэх оны мөнгөний бодлогыг эцэслэн хэлэлцэж, албажуулан баталлаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд ирэх онд инфляц нэг оронтой тоонд хүрч буурна гэж төсөөлөөд буй.

Дашрамд тодотгоход, эдийн засагт үүсээд буй сөрөг нөхцөл байдлыг бууруулахын тулд гал унтраах байдлаар аргацаан хандах биш төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог сайтар хангасан шийдвэрүүд гаргах нь чухал байгааг олон улсын байгууллагууд, эдийн засагчид, судлаачдын зүгээс эрх баригчдад сануулсаар байгаа. Тухайлбал, ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсэг өнгөрсөн сард манай улсад ажиллаад гаргасан дүгнэлтдээ "УИХ, Засгийн газрын бодлого,  шийдвэр мөнгөний бодлоготой уялдахгүй бол цаашид Төв банканд бодлогоо нэмж хатууруулахаас өөр орон зай байхгүй болно. Хатуу бодлогын нөлөөлөл жирийн иргэдэд сөргөөр нөлөөлж, өр зээлээ ч төлж чадахгүй болох эрсдэлтэй” гэж тодотгосон юм.  

Валютын ханшийн чангарал болон нөөцийн бууралт,  үнийн өсөлтийн эрчим дорвитой буурахгүй байгаа зэрэг эдийн засагт үүсээд буй асуудлууд гадаад хүчин зүйлээр өдөөгдөж буй боловч манай дотоод эдийн засаг өөрөө бүтцийн хувьд эрүүл бус буюу уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортоос голлон хамаардаг, хэрэглээ нь импортод голлон суурилдаг нь үндсэн асуудал юм. Тэгэхээр гадаад талын эрсдэлүүд болон импортоос хэт хараат байдал нь Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдлыг өсгөсөөр өнөөдрийг хүрсэн. Угтаа ийм нөхцөлд Төв банк хуулиар хүлээсэн үүрэг болох үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах үндсэн зорилтоо хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

Одоогийн  үүсээд буй нөхцөл байдалд дорвитой хариу үзүүлэх гол хэрэгсэл нь яах ч аргагүй бодлогын хүүг чангаруулах алхам гэж  Төв банкны зүгээс мэдэгдэж байгаа юм. Нөгөө талаас мөнгөний бодлогыг хэт чангаруулж, мөнгөний урсгалыг барих нь буруу, бодлогын хүүг бууруулах юм уу, нэмэхгүй байх нь зөв  гэх байр суурийг илэрхийлэх эдийн засагчид ч бий.

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Бодлогын хүүг бууруулна гэдэг нь зээлийн өсөлтийг дэмжинэ гэсэн үг. Өнөөгийнх шиг өндөр инфляцтай, валютын ханшийн дарамттай байгаа үед зээлийг дэмжих нь тохиромжгүй. Зээлийн өсөлт их байх тусмаа хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдэнэ. Гэтэл хөрөнгө оруулалтын зардлууд нь 40-70 хувийн импортын орцтой байдаг. Импортын зардал өсөх нь төлбөрийн тэнцлийг муутгах, төгрөгийн ханшийг нэмж сулруулах томоохон шалтгаан болно. Нөгөөтэйгүүр зээлийн өсөлт нь хэрэглээг дэмжинэ. Хэрэглээ их байна гэдэг дотоодын зах зээл дээр буй эрэлтийг дэмжсэнээр дахиад инфляцад нөлөөлөх үр дагавар орж ирнэ. Хэрэв инфляц өндөр хэвээр удаан үргэлжилбэл бодит орлогууд тэр хэмжээгээр идэгдэж, худалдан авах чадвар буурч зах зээлийн идэвхжил ч унана. Түүнчлэн валютын ханш ч хурдан сулраад байвал импортын орц илүү үнэтэй болоод, бүтээн байгуулалтын зардлууд анх төлөвлөснөөс давж, хөрөнгө оруулалтууд царцах, хойшилно гэсэн үг юм. Аль аль нь эдийн засгийн өсөлтөд сөрөг, бодлогын сонголт биш юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Мөн тэрбээр валютын ханшийн хэлбэлзлийн төлөвийн талаар хэлэхдээ “Төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал хэр сайжрахаас шууд хамаарна. Одоогийн бодлогын тохиргоонууд нүүрсний экспортыг хэр амжилттай нэмэгдүүлэх вэ, импортын өсөлтийг хэр сааруулах вэ гэдэг хоёр гол асуулт бий. Ерөнхий том зургаараа дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдүүдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдах боловч ерөнхий тренд буухаар байна. Тэгэхээр харьцангуй өндөр түвшинд байгаа энэ боломжийг ашиглаж, хэр бодит, биет хэмжээгээрээ гаргаж чадахаас экспортын орлого хамаарна. Дээрээс нь бодлогын тохиргоонууд импортод нөлөөлж байж үр дүн гарах учиртай” гэж байна.

Түүнчлэн Монголбанкны зүгээс 2023 оны мөнгөний бодлогын төслийг боловсруулахдаа  “Олон улсын харилцааны төвөгтэй байдал сунжирч, цар тахлын сөрөг үр дагавар үргэлжилж байгаа энэ үед эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх, үнэ ханшийн тогтвортой байдлыг хангахад төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдаатай бодлого юу юунаас чухал” гэдийг онцолсон.

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн хавар байр сууриа илэрхийлэхдээ Олон улсын түвшинд үүсээд буй цаг үеийн нөхцөл байдал, түүний Монгол Улсад үзүүлэх нөлөөллийг тооцон төсөв, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах нь зайлшгүй. Түүнчлэн нөөцөө хэмнэх, хамгаалах бодлогын арга хэмжээнүүд, арга хэрэгслүүдийг ашиглана” гэж байсан юм. Харин бодитой хэрэгжиж буй, хэрэгжихээр хүлээгдэж буй арга хэмжээ, шийдвэрүүдийг, ирэх оны төсвийн тооцооллыг аваад үзэхээр төсөв сангийн бодлогын тэлэлт хадгалагдсан хэвээр байгаа юм.

Монголбанкнаас мөнгөний бодлогын төсөлтэй холбогдуулан мэдээлэхдээ “Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь цар тахлын сөрөг нөлөө бүрэн илааршаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямрал нүүрлэж, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй цаг үед боловсруулагдлаа. Иймд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүллээ.

Эдийн засгийн өсөлт: ААН, хэрэглэгчид цар тахлын нөхцөл байдалд дасан зохицон бизнесийн үйл ажиллагаа тогтворжих хандлагатай болж, эдийн засгийн ихэнх салбарт өсөлт ажиглагдаж байна. Ирэх онд эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн түвшинд хүрч, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, уул уурхайн бус салбар тогтворжино. Ийнхүү экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өсөх хэдий ч гадаад орчны нөхцөл байдал төсөөллийн тодорхой бус байдлын гол эх сурвалж байгааг энд онцлох нь зүйтэй.

Инфляц: Эдийн засгийн идэвхжил, өрхийн хэрэглээ тогтворжих хэдий ч нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө алгуур буурч инфляцыг бууруулах чиглэлд хөтлөхөөр байна. Ийнхүү ирэх оны эцэст инфляц нэг оронтой тоонд хүрч, инфляцын зорилтын дээд интервалд дөхөх хүлээлттэй бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Зээлийн өсөлт: Өнгөрсөн оноос эрчимжиж эхэлсэн банкны системийн зээлийн өсөлт сүүлийн саруудад саарч эхэллээ. Цар тахлын нөхцөл байдал, геополитикийн эрсдэл, системийн ач холбогдол бүхий банкуудын IPO-той холбоотойгоор зээлийн нийлүүлэлт, нөхцөл, шалгуур хэрхэн өөрчлөгдөх болон төлбөрийн тэнцлийн төлөвөөс банкны системийн эх үүсвэр, зээлийн өсөлт болон мөнгөний нийлүүлэлт шууд хамаарч байна.

Төлбөрийн тэнцэл: Сүүлийн улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч экспортын бодит орлого төдийлөн сэргээж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлээд байна. Цаашид экспортын биет хэмжээний өсөлт, ялангуяа нүүрсний экспорт эрчимжиж буйтай холбоотойгоор засагдах хүлээлттэй. Нөгөө талаас ханшийн өөрчлөлт, гадаад үнийн өсөлт импортын өсөлтийн хурдыг хязгаарлахаар байна. Гэвч төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын тохиргоог зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд энэ дотоод, гадаад тэнцвэрийг богино хугацаанд хангах бололцоог бүрдүүлнэ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарав. Энэ хүрээнд тээвэр, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар л экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой юм. Мөн гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна. Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихээр зорьж байна. Эдгээр асуудлуудад дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй. Түүнчлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг зорилт болгож байна.

Макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцыг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа гэсэн  юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(192.82.70.188) 2022 оны 11 сарын 11

ЭНЭ ХУДЛАА ЯРЬДАГ ХҮМҮҮСИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ...

0  |  0
Top