ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 11 сарын 10

Өнөөдөр 2022.11.10. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 07 цаг 50 минутад мандлаа, 17 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 1 хэм, шөнөдөө -6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Индонезид Баатруудын өдөр, АНУ-д Тэнгисийн явган цэргийн корпусын өдөр.

Энэ өдөр Киргизийн Ерөнхийлөгч асан Аскар Акаев, Америкийн кино найруулагч Роланд Эммерих, жүжигчин, модель Ванесса Эйнжел, Маккензи Фой, Өмнөд Солонгосын дуучин Лео зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1919 оны энэ өдөр Монголын автономитыг устгах явдлыг улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан ч зөвшөөрөөгүй байна.

1971 оны энэ өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн 10 дугаар Их хурал хуралдаж, 802 төлөөлөгч оролцов.

Мөн БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид Кубад айлчилжээ. БНМАУ Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элссэн байна.

Түүнчлэн энэ өдөр БНМАУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг анх бий болгожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1951 оны энэ өдөр Франц, Их Британи, АНУ, Турк улсууд Ойрх Дорнодын аюулгүй байдлын хөтөлбөрийг зөвшилцжээ.

1961 оны энэ өдөр Сталинград хот Волгоград болжээ.

1983 оны энэ өдөр Компьютерын аюулгүй байдлын хурал дээр Фред Коэн анхны компьютерын вирусийг танилцуулжээ.

Өнөөдөр үс засуулвал Өнгө зүс доройтно.

Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Тэрсүүд өдөр.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top