Өнөөдөр 2022.11.01. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 07 цаг 36 минутад мандлаа, 17 цаг 35 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -1 хэм, шөнөдөө -11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын цагаан хоолтны өдөр. АНУ-д Шүдний сойзны өдөр бол Самоад Мод тарих үндэсний өдөр, Бутанд Эзэн хааны мэндэлсэн өдөр юм.
Энэ өдөр Чехийн биатлонч Габриэла Коукалова, Их Британийн жүжигчин, дуучин Наталия Тена, Америкийн “Hustler” сэтгүүлийн ерөнхий редактор Ларри Флинт, Өмнөд Солонгосын Twice хамтлагийн дуучин Ю Чонён, Японы бейсболч Масахиро Танака зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1915 оны энэ өдөр Монголын сонин бичиг Нийслэл хүрээнд гарч эхэлжээ.
1926 оны энэ өдөр БНМАУ-ын III их хурал хуралдав. 81 төлөөлөгч оролцсон тус их хурлаар нутгийн засаг захиргааны аппаратад жинхэнэ ядуу, дунд идэвхтэй ардыг өргөн оролцуулах, орон нутагт түр цэрэг байгуулж, нийт идэрчүүдийг цэргийн эрдэмд сургах, өртөөдийн зарим хэсгийг татан буулгах, албан татварыг өсгөж, хураах зэрэг шийдвэрүүдийг батлан гаргажээ.
1983 оны энэ өдөр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулжээ.
Мөн Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид БНСРУ-д албан ёсны айлчлал хийжээ. БНСРУ-ын Ерөнхийлөгч Н.Чаушескутай уулзаж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
Мөн Уулын Алтайн Барнаул хотод Зөвлөлт-Монголын болон Монгол-Зөвлөлтийн найрамдлын байгууллагын ажилтнуудын анхдугаар уулзалт болжээ.
1986 оны энэ өдөр БНХАУ, БНАСАУ, БНМАУ, ЗХУ-ын төмөр замын төлөөлөгчид 1987-1989 оны олон улсын галт тэрэгний хэлэлцээрт нийслэл Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1604 оны энэ өдөр Уильям Шекспирийн “Отелло” жүжиг анх удаа Лондон хотын Уайтхолл ордонд тавигдсан байна.
1896 оны энэ өдөр “National Geographic” сэтгүүлд анх удаагаа эмэгтэй хүний нүцгэн цээжний зураг тавигджээ.
1897 оны энэ өдөр Турины их сургуулийн оюутнууд хөлбөмбөгийн “Ювентус” багийг үүсгэн байгуулжээ.
1952 оны энэ өдөр АНУ анх удаагаа устөрөгчийн бөмбөг туршив.
1993 оны энэ өдөр Европын Холбоо үүсгэн байгуулагджээ.
1998 оны энэ өдөр Европын Хүний эрхийн шүүх ажлаа эхэлсэн байна.
Өнөөдөр үс засуулвал Нас уртасна.
Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )