Өнөөдөр 2022.10.28. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 07 цаг 30 минутад мандлаа, 17 цаг 42 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Чех болон Словакд Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаар тогтносон өдөр тохиож байгаа бол Украинд Нацистын Германы дарлалаас чөлөөлсөн өдөр юм.
Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч Гарринча, Майкрософт компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс, Ираны зургаа дахь Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, YouTube-ыг үндэслэгч Жавед Карим, Чехийн хөлбөмбөгч Милан Барош зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлууд:
2013 оны энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д айлчлав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийжээ.
2016 оны энэ өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлж, ногоон байгууламж, тоглоомын талбайг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:
1726 оны энэ өдөр Ирландын нэрт зохиолч Жонатан Свифтийн “Гулливерын аялал” ном хэвлэгджээ.
1918 оны энэ өдөр Чехословак улс Австри-Унгараас тусгаар тогтнов.
1944 оны энэ өдөр Украиныг Гитлерийн булаан эзлэгчдээс чөлөөлжээ.
2007 оны энэ өдөр Аргентины Ерөнхийлөгчөөр Кристина Фернандез ди Киршнер сонгогдож, тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй болжээ.
Өнөөдөр үс засуулвал Эд мал баялаг төгөлдөр болно.
Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Балжинням, Дашням давхацсан өдөр.
Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )