ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Өнөөдөр 2022.10.24. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 07 цаг 24 минутад мандлаа, 17 цаг 48 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн мэдээлэл, хөгжлийн өдөр, мөн Халдварт саа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр, НҮБ-ын өдөр. ОХУ-д өнөөдөр Зэвсэгт хүчний тусгай хүчний өдөр бол Замбид Тусгаар тогтнолын өдөр аж.

Энэ өдөр Английн “The Rolling Stones” хамтлагийн бас-гитарчин Билл Ваймен, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Ф.Мюррей Абрахам, Кевин Клайн, Оросын жүжигчин Андрей Мартынов, бизнесмен Роман Абрамович, Английн хөлбөмбөгч Вэйн Руни, Америкийн уран гулгагч, олимпын аварга Чарли Вайт зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр Ардын Засгийн Газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулан Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг шинэчлэн байгуулжээ.

1989 оны энэ өдөр ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэргүүн Бөхөө БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Ю.Очиртой уулзав. Талууд БНМАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулын Газрыг дахин сэргээх болон холбогдох асуудлаар санал солилцжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1939 оны энэ өдөр ЗСБНХУ Герман руу үр тариа нийлүүлэх гэрээг үзэглэв.

1949 оны энэ өдөр Нью-Йоркт одоогийн НҮБ-ын байрны анхны чулууг тавьжээ.

1964 оны энэ өдөр Хойд Родези тусгаар тогтнолоо зарлаж, нэрээ Замби болгон өөрчлөв.

2000 оны энэ өдөр Берлины Египетийн музейгээс дэлхийд цорын ганц байх Клеопатрагийн гарын үсгийг илрүүлжээ.

Өнөөдөр үс засуулвал Сүлд тэнэж одно.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top