Өнөөдөр 2022.10.20. Билгийн тооллын 25. Монгол эх оронд маань нар 07 цаг 18 минутад мандлаа, 17 цаг 56 минутад жаргана.
Улаанбаатар хотод цастай. Өдөртөө 6 хэм, шөнөдөө 1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн статистикийн өдөр. Чехид өнөөдөр Мод тарих өдөр бол Кенид Баатруудын, Гуатемалад Хувьсгалын, Вьетнамд Эмэгтэйчүүдийн өдөр.
Энэ өдөр Австрийн зохиолч, Нобелийн шагналт Эльфрида Елинек, Италийн дуучин Анжела Брамбати, Америкийн рэппер Snoop Dogg, жүжигчин Кэти Фезерстон, Австралийн дуучин Данни Миноуг , Израилийн жүжигчин Алона Таль, Хятадын ширээний теннисчин Ма Лун, Өмнөд Африкийн супер модель Кэндис Свейнпол, Оросын жүжигчин, фотомодель, 2015 оны дэлхийн дэд мисс София Никитчук зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1945 оны энэ өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явагджээ. Санал хураалтад 483291 хүн хамрагдсанаас эсрэг санал гаргасан хүн нэг ч байсангүй.
1968 оны энэ өдөр Монголын тамирчид анх удаа олимпоос медаль хүртжээ. Мексикийн Мехико хотноо болсон зуны XIX олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд 52 кг-ын жинд барилдсан Ч.Дамдиншарав хүрэл медалийн эзэн болсон юм.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1958 оны энэ өдөр Тайландад төрийн эргэлт болов.
1963 оны энэ өдөр Францад газар доор цөмийн туршилт болжээ.
1965 оны энэ өдөр Индонезид коммунистуудыг хоморголон баривчлав.
1992 оны энэ өдөр «Як-112» онгоцны анхны нислэг болжээ.
1993 оны энэ өдөр Лондоны амьтны хүрээлэнд Жеймс Бонд, Индиана Жонсын тухай кинонд гарч од болсон Белинда аалз үхжээ.
Мөн энэ өдөр Нидерландын Засгийн газар марихуан, гашишийг гадны жуулчдад худалдаалахыг хориглох шийдвэр гаргажээ. Нидерландын иргэдэд уг журам үйлчлэхгүй.
Өнөөдөр үс засуулвал Нүд бүрэлзэн улцайна.
Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Хяруу унах улирал 14 цаг 8 минутад эхэлнэ.
Хол газар явах бол баруун урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )