Малчин эцэг, эхийн бичиг үсгийн боловсролын талаар санал солилцов

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин эцэг эхчүүдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх замаар хүүхдийнхээ сурч, хөгжих болон сайн сайхан байдлыг дэмжих чадавхыг сайжруулах нь” төслийн хүрээнд Өвөрхангай, Ховд аймгийн Насан туршийн боловсролын төвийн багш нарын туршлага солилцох уулзалт Ховд хотод есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг төсөл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сум, Ховд аймгийн Дарви, Булган гэсэн зорилтот дөрвөн суманд хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр сумдын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 60 эцэг, эх хамрагдаж байна.

Энэхүү уулзалтаар Өвөрхангай аймагт өмнө нь хэрэгжсэн “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн малчин эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь” төслийн хүрээнд гарсан сайн туршлага, бэрхшээл, суралцсан зүйлс болон тайлантай танилцаж, “Бичиг үсгийн чадвар ахиулах, боловсрол нөхөн олгох сургалт”-ын агуулга, бичиг үсгийн боловсролын түвшин тогтоох судалгааны /FLAT/ аргачлалд суралцсанаас гадна цаашид төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаагаа хэлэлцэж, төлөвлөв. Уулзалтад Өвөрхангай, Ховд аймгийн Насан туршийн боловсролын төв, нэгж, төслийн багын хамтарсан 20 хүн оролцлоо.

Ховд аймгийн Булган сумын Насан туршийн боловсролын төвийн захирал Д.Баатарсүрэн энэ үеэр “Бидний хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал бол алслагдсан хөдөө байгаа малчин өрхүүдийн хүний хөгжлийн асуудал юм. Манай сумын хувьд алслагдсан гэдгээрээ онцлогтой. Та бүхний туршлага, мэдээллийг сонсоод нэг зүйлийг төлөвлөж ажилдаа хэрэгжүүлэхээр бичиж сууна. Манай сум олон төрлийн ногоо тариалдаг, тэр дундаа олон төрлийн жимсний мод тариалдаг, жимсний модны өлгий нутаг. Тиймээс нутаг орныхоо онцлогт тулгуурлан сумаас сонгогдсон зорилтот өрхүүддээ тус бүр 20, 20-н жимсний мод тарьж өгч, ногоо, жимсний хүлэмжтэй болгож, түүнийгээ арчлах тордоход дэмжлэг үзүүлэн цаашлаад аж ахуй эрхлэх гарцыг нээж өгнө гэж ажилдаа тусгалаа. Ингэснээр зорилтот эцэг, эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амин дэмээр баялаг жимс, ногоо тогтмол хэрэглэж, аж ахуй эрхлэж, жимс ногоогоо зарж борлуулан ашиг олох зэрэг олон талын ач тустай. Бидний зүгээс энэхүү төслийн үр дүнг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бичиг үсгийн боловсрол багатай, өрхийн орлого багатай гэр бүлд насан туршийнх нь амьдралын баталгааг олгох явдал гэж үзэж байгаа” хэмээн онцлон хэлэв. 

Мөн Өвөрхангай аймгийн НТБТ-ын захирал Б.Норовсүрэн “Бидний зорьж хийж байгаа энэ ажил үндэсний түвшний сайн туршлага болж цаашид түгээн дэлгэрч, аймаг бүрт хийгдэх ёстой ажлын нэг гэж бид үзэж байгаа. Хүний хөгжил тэр дундаа бичиг үсгийн боловсролын асуудал бол үндэсний хэмжээнд анхаарах ёстой асуудал болоод байна. Тиймээс энэхүү төслийг хэрэгжүүлнэ гэдэг хүнээс маш их сэтгэл шаарддаг ажил учраас гол хэрэгжүүлэгч болох НТБ нэгжийн багш нар маань сайн ажиллах ёстой” гэж дурдлаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top