Өнөөдөр 2022.09.08. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 06 цаг 20 минутад мандлаа, 19 цаг 20 минутад жаргана.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 29 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн физик эмчилгээний өдөр, мөн Олон улсын бичиг үсгийн өдөр. Пакистан, Мальтад Ялалтын өдөр бол Хойд Македонд Тусгаар тогтнолын, Орост Бородиногийн тулааны өдөр юм.
Энэ өдөр Германы жүжигчин Томас Кречманн, Америкийн жүжигчин Дэвид Аркетт, Их Британийн жүжигчин, Эммигийн шагналт Мартин Фримен, Унгарын шатарчин Петер Леко, Америкийн дуучин Пинк, Португалийн хөлбөмбөгч Жоау Моутинью зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1914 оны энэ өдөр Хиагт хотод Хятад, Орос, Монгол гурван улсын хэлэлцээ эхэлжээ. Хэлэлцээ есөн сарын турш үргэлжилсэн байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1945 оны энэ өдөр Америкийн цэргүүд Солонгосын хойгийн өмнөд хэсэгт нэвтрэв.
1952 оны энэ өдөр Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр” туужийн анхны хэвлэлт гарчээ.
1991 оны энэ өдөр Македон улс тусгаар тогтнов.
2000 оны энэ өдөр Албани Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.
Өнөөдөр үс засуулвал Жаргал ирнэ.
Эл өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Лус тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Цагаан шүүдэр буух улирал 00 цаг 56 минутад эхэлнэ.
Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )