Өнөөдөр 2022.09.06. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 06 цаг 17 минутад мандлаа, 19 цаг 25 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Болгарт Нэгдлийн өдөр, Эсватинид Тусгаар тогтнолын өдөр, Чилид Үндэсний нэгдмэл байдлын өдөр.
Энэ өдөр Унгарын шатарчин Золтан Рибли, Оросын хөлбөмбөгч, дасгалжуулагч Александр Тарханов, Португалын Ерөнхий сайд асан Жозе Сократеш, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Идрис Эльба, Оросын гимнастикч, олимпын хүрэл медальт Анна Павлова, Америкийн дуучин Ашер Энжел зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1926 оны энэ өдөр МАХН-ын V их хурал хуралдав. 181 төлөөлөгч оролцсон уг хурлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлжээ.
1939 оны есдүгээр сарын 6-10-нд ЗХУ болон Япон улс хэлэлцээ хийж, хоёр тал тус тусын эзэлж байсан байрлалаа хадгалж, гал зогсоох дипломат тохиролцоонд хүрсэн байна. Ийнхүү Халх голд дөрвөн сар үргэлжилсэн дайн дуусгавар болсон юм.
1963 оны энэ өдөр БНХАУ-ын дарга Лю Шаоци БНХАУ-аас БНМАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Зян Цаньминыг томилжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1952 оны энэ өдөр Женевд Дэлхийн зохиогчийн эрхийн конвенцыг батлав.
1968 оны энэ өдөр Свазиленд тусгаар улс болж, хаанаар нь II Собхузаг өргөмжилжээ.
1976 оны энэ өдөр Зөвлөлтийн нисгэгч Виктор Беленко “Миг-25П” сөнөөгч онгоцоор зугтан Японд газардаж, тэндээсээ АНУ-аас улс төрийн орогнол хүсжээ.
1987 оны энэ өдөр Балтиморд анх удаагаа мэс заслын аргаар сиамын ихрүүдийг салгав.
1989 оны энэ өдөр Парист компьютерийн алдаанаас болж 41 мянган хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн мэдэгдлийн оронд аллага үйлдсэн, дээрэм хийсэн гэсэн захидал хүлээн авчээ.
2009 оны энэ өдөр Филиппиний ойролцоо “Суперферри 9” хөлгийн сүйрлээр 9 хүн амиа алджээ.
Өнөөдөр үс засуулвал Эрхтэн хурц болно.
Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.
Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )