Гурван улсын үлгэр | 70 ДУГААР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ - 70 ДУГААР БҮЛЭГ

БААТАР ЖАНФЭЙ УХААНААР ВАКОУ АЙ ХАВЦЛЫГ АВСАН ХӨГШИН ХУАНЖУН АРГААР ТЯНЬДАН ШАНЬУУЛЫГ БУЛААСАН

Өгүүлэх нь: Жанхө гурван түмэн цэрэг авч цөм ууланд түшиж гурван хүрээ байгуулжээ. Нэгийг нь Дан Цюйжай, нөгөөг нь мөн Тоужай, бас нэгийг нь Дан Шижай хэмээн нэрийдэж тэр өдөр Жанхө гурван хүрээний дотроос тус бүр нэг хагасыг хуваан авч Басиг байлдахаар очоод нэг хагасыг үлдээж хүрээг сахиулав. Хэдийн харуулын хүн Басид яаран ирж: “Жанхө цэрэг авч ирэв” хэмээн хэлсний хойно Жанфэй даруй Лэйтунг авчирч зөвлөхөд Лэйтун өгүүлрүүн: “Ланжунгийн газар муу, уул бэрх тул цэрэг бүгж болмуй. Жанжин цэрэг авч байлд! Би нууц цэрэг гаргаж тусалбаас Жанхөг барьж болмуй?” хэмээхэд Жанфэй таван мянган шилсэн цэргийг Лэйтунд өгч илгээгээд, өөрийн бие нэг түмэн цэргийг аван одоход Ланжунгаас гучин газрын эцэст Жанхөгийн цэрэг лүгээ учраад, хоёр этгээдийн цэрэг жагсаасан хойно, Жанфэй гарч “Гагц Жанхө лүгээ байлдсугай!” хэмээхэд Жанхө жад барьж морио ташуурдан гараад зууралдан байлдаж хорин удаа илүү болоход Жанхөгийн хойд цэрэг гэнэт ихэд самуурав. Үзвээс уулын хойнох Шу улсын туг хиурыг үзээд тийнхүү самуурсан ажгуу. Үүнд Жанхө байлдах санаагүй болоод, даруй морь буцуулан эгэхэд Жанфэй хойдоос даран алж атал, Лэйтун бас өмнөөс гарч ирээд, хоёр этгээдээс хавчин байлдсан тулд Жанхө ихэд дарагдав. Жанфэй, Лэйтун шөнө дөлөөр хөөж нэхсээр Данцюй Шань ууланд хүрвээс Жанхө хэвээр цэргээ хуваан гурван хүрээг сахиж мод чулуу өнхрүүлэн гарч байлдахгүй. Жанфэй эгээд Данцюй Шань уулнаас арван газрын эцэст хүрээ буув. Жич өдөр цэрэг авч байлдахаар ирвээс, Жанхө уулын дээрээс хэнгэрэг дэлдэж, бишгүүр үлээн архи уугаад уулнаас буухгүй. Жанфэй цэргийн хүнээр ихэд хараалгаваас Жанхө гарахгүй тул Жанфэй аргагүй хүрээндээ эгэв. Жич өдөр Лэйтун бас уулнаас бууж байлдахаар ирсэнд Жанхө бас гарахгүйд Лэйтун цэргийг хөөж уулан дээр гаргаваас уулын дээрээс чулуу мод өнхрүүлэн ирэхэд Лэйтун яаран эгтэл Данши, Мөнтоу хоёр хүрээний цэрэг цөм гарч байлдсанд Лэйтун дарагдаж эгэв. Жич өдөр Жанфэй бас өдөөн байлдахаар ирвээс Жанхө бас гарч ирэхгүй. Жанфэй цэргийн хүнийг илгээж зуун зүйлээр хараалгаваас Жанхө уулын дээрээс хариу хараалгажээ. Жанфэй яаж ч бодоод арга олдохгүй тул харилцан эсэргүүцэж тавин өдөр илүү болов. Уулын өмнө их хүрээ байгуулаад өдөр бүр гагц архи ууж согтсон хойно уулын өмнө сууж ичээн хараамуй.

Түүнээс Сюаньдө хүн зарж цэргийг хуримлахаар илгээсэнд, Жанфэйгийн архи уухыг үзээд хойш эгж Сюаньдөд хэлсэнд Сюаньдө ихэд цочиж яаран ирж Кунмингаас асуув. Кунмин инээж өгүүлрүүн: “Харин ийм буюу. Цэргийн хэрэгцээнд сайн архи үгүй байсан буй за! Чөндүд сайн архи үлэмж тул тавин малуу28 архийг гурван тэргэнд хуваан тээж цэрэгт хүргээд, Жан жанжин дуулгатугай!”. Сюаньдө өгүүлрүүн: “Миний дүү угаас архи ууж, хэргийг саатуулах атал цэргийн багш юунд харин түүнд архи хүргэмүй?”. Кунмин инээн өгүүлрүүн: “Эзэн гүн Идө лүгээ хичнээн он хамт ах дүү болж яваад харин түүний хүнийг олж мэдсэнгүй аж! Идө язгуураас хатуу бөлгөө. Гэвч урьд нь Сычуанийг хураахуйн цагт Янь Янийг журмаар тавьсан нь баатар хүний явдал бөлгөө. Өдгөө Жанхө лүгээ эсэргүүцэн тавин өдөр илүү болоод согтсон хойноо уулын өмнө сууж, хараах нь хажууд хүнгүй мэт. Энэ нь архинд шунасан бус харин Жанхөг дарах арга болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Хэдий тийм боловч өнгөрүүлж эс болохын тул Вэй Янийг илгээж туслуулсугай!” хэмээсэн хойно Кунмин Вэй Яньгаар цэргийн өмнө архи хүргүүлэхэд тэрэг бүрт шар туг хатгаад дээр нь том үсгээр “цэрэг хэрэглэх сайн архи” хэмээн бичүүлэв. Вэй Янь архийг хүрээнд хүргэж ирээд Жанфэй лүгээ золгож “Эзэн гүнгийн шагнаж илгээсэн архи” хэмээн хэлсэнд Жанфэй ёслон хүлээж аваад Вэй Янь, Лэйтунд захиж “Тус бүр нэжгээд салааны цэргийг авч зүүн баруун этгээдэд бүгэгтүн! Гагц цэргийн дотор улаан туг босгохыг үзвээс цугаар гарч байлд!” хэмээгээд архийг цацрын өмнө жагсаан тавиад цэргийн хүнээр туг бариулан хэнгэрэг дэлдүүлж уув.

28 Архины жижгэвтэр сав

Үүнийг тагнуулч уулын дээр гарч хэлсэн хойно Жанхө өөрийн бие уулын оройд ирж үзвээс Жанфэй цацарт сууж архи ууж, хоёр бага цэргийн хүнийг бөх барилдуулан наадмуй. Жанхө өгүүлрүүн: “Жанфэй намайг даанч доромжилмуй” хэмээгээд, даруй зарлаж “Энэ шөнө уулнаас бууж Жанфэйгийн хүрээг дарсугай!” хэмээж, Мөнтоу, Данши хоёр хүрээний цэргийг цөм гарч зүүн баруун этгээдэд харилцан өмөглөтүгэй хэмээв. Тэр шөнө Жанхө сарны гэрэл будангуйд цэрэг авч уулын хажуугаар бууж, шууд хүрээнд хүрч анхаарваас Жанфэй зулыг ихэд гэгээн болгож цацрын дотор ямагт архи ууж буй. Жанхө өндөр дуугаар нэгэнтээ бархираад урьд хүрээнд байлдахаар орсонд уулын дээрээс бас хэнгэрэг дэлдэж хашхиралдан тусалмуй. Шууд дунд цэрэгт алан орж үзвээс Жанфэй чив цэх сууж хөдлөхгүй, Жанхө морио ташуурдан өмнө хүрч, нэгэнтээ жадалж унагаасанд харин нэгэн өвсөн хүн байжээ. Яаран морийг буцааж эгэхэд, цацрын хойноос буун дуу гарч нэгэн жанжин урагшлан ирээд хөндөлдөв. Нүдийг гархи мэт дүгрэглэж дуу нь аянга мэт. үзвээс Жанфэй ажгуу. Жад өргөн Жанхө лүгээ байлдахаар ирээд хоёул галын гэрэлд дөч тавин удаа байлдах зуур Жанхө гагцхүү хоёр хүрээний цэрэг өмгөөлөхөөр ирэхийг эрээлцэн хүлээв. Хэн санав, хоёр хүрээний өмгөөлөх цэргийг нэгэнтээ Вэй Янь, Лэйтун нар алж эгүүлээд дийлсэн хүчиндээ даруй хоёр хүрээг булаав. Жанхө өмгөөлөх цэрэг ирэхгүйг үзээд аргагүй бүхийд, гэнэт уулын дээр гал манджээ. Ингэснээр Жанфэйгийн хойд цэрэг хүрээг булаан авав. Жанхө гурван хүрээг цөм алдсан тул аргагүй Ва Коугуань боомтын зүг буруулав. Жанфэй ихэд дийлээд даруй Чөндүд сэтгүүл довтолгосонд Сюаньдө ихэд баярлаж Идөгийн архи уусан нь Жанхөг гэнэдүүлэн уулнаас буулгах аргыг сая мэдэв.

Тэндээс Жанхө эгж Ва Коугуань боомтыг сахиад гурван түмэн цэрэг нэгэнтээ хоёр түм хохирсон тул хүн зарж Цаохунгаас туслах цэрэг гуйхаар илгээв. Цаохун хилэгнэж өгүүлрүүн: “Чи миний үгийг авахгүй, мушгиж цэрэг авч ороод цухал хавцал амыг цөм алдаж бас туслахыг гуйхаар ирмүй үү?” хэмээгээд цэрэг өгсөнгүй бөгөөд бас Жанхөг “Гарч байлд!” хэмээн хүн зарж шаардав. Жанхө дотроо түгшиж арга мохон цэргийг хувааж боомтын өмнө уулын завд бүгүүлж сурган өгүүлрүүн: “Би хууран буруулсанд Жанфэй эрхгүй нэхэж ирмүй. Та нар даруй эгэх замыг тасла!” хэмээв. Тэр өдөр Жанхөгийн цэрэг урагш давшин атал төв хэмээн Лэйтун лүгээ учирч байлдаад хэдэн удаа болсонгүй Жанхө буруулжээ. Лэйтун нэхэж ирсэнд хоёр этгээдийн бүгсэн цэрэг цугаар гарааад эгэх замыг тасалсан хойно Жанхө даруй эргэж Лэйтуныг жадалж мориноос унагаав. Буруулсан цэрэг эгэн ирж, Жанфэйд хэлсний хойно Жанфэй өөрийн биеэр ирж Жанхө лүгээ байлдахад тэр бас л хууран буруулав. Жанфэй нэхсэнгүй тул Жанхө бас хойш эгж байлдаад хэдэн удаа болсон хойно бас буруулан явав. Жанфэй аргыг ухаад цэрэг хураан хүрээндээ эгээд Вэй Янь лугаа зөвлөж өгүүлрүүн: “Жанхө цэрэг бүгэх арга үүсгэж, Лэйтуныг алаад, өдгөө бас намайг гэнэдүүлэхээр ирмүй. Юунд аястахгүй аж?”. Вэй Янь асууруун: “Яамуй?”. Жанфэй өгүүлрүүн: “Би маргааш өдөр нэгэн салааны цэрэг авч урьд одсугай! Чи шилсэн цэрэг авч хойноос ир. Түүний бүгсэн цэрэг гарч ирсэн хойно, чи цэрэг хувааж байлдаад арав илүү тэргэнд цөм өвс тээжбага замыг таглаж гал тавигтун! Би тэр хүчинд Жанхөг барьж Лэйтунд өс авч өгсүгэй!”. Вэй Янь аргыг хүлээж авав.

Жич өдөр Жанфэй цэрэг авч урагш орсонд Жанхөгийн цэрэг бас хүрч ирээд харилцан байлдаж арван удаа болсон хойно Жанхө бас хууран буруулав. Жанфэй явган морьт цэргийг аван нэхэхээр ирэхэд Жанхө байлдалхийлэн буруулсаар Жанфэйг удирдаж уулын завын амыг өнгөрөн гармагц Жанхө хойдох цэргийг өмнө болгож хүрээ байгуулаад Жанфэй лүгээ бас байлдаж хоёр этгээдийн бүгсэн цэрэг гарсанд Жанфэйг хаасугай!” хэмээн санав. Санамсаргүй бүгсэн цэргийг Вэй Яньгийн шилсэн цэрэг цөм уулын завд хөөн оруулаад, өвс тээсэн тэргийг аваачиж хоёр замыг хаагаад гал тавьсанд уулын заваагийн өвс мод цөм ноцоод, утаанд цэрэг зам төөрөн гарч чадахгүй болов. Жанфэй цэрэг дагуулан дайран ороход Жанхө ихэд дарагдаад үхэн байлдаж нэгэн зам гаргаад Ва Коугуань боомтод буруулан одож, сарнисан цэргийг хураан батлан сахиж гарахгүй болов.

Түүнээс Жанфэй, Вэй Янь лугаа нэгэн дараагаар хэдэн өдөр боомтыг байлдавч олохгүй тул Жанфэй тусгүйг мэдээд цэргийг хорин газар эгүүлж, Вэй Янь лутаа хамт арваад морьтонг авч биеэр хоёр хажууд очиж бага замыг эрэн үзвээс гэнэт хэдэн эр эм хүн бүр нэжгээд боодлыг үүрээд уулын замд ороонго зэлийг татаж, олсны модыг түшиж явах ажээ. Жанфэй морины дээрээс ташуураар зааж Вэй Яньд өгүүлрүүн: “Бид Ва Коугуанийг олох нь гагцхүү энэ хэдэн иргэний биед буй!” хэмээгээд цэргийг дуудан сургаж өгүүлрүүн: “Та нар цочоон айлгалгүй тэр хэдэн иргэнийг сайхнаар дуудан авчир!” гэхэд цэргийн хүн яаран одож морины өмнө авчирсан хойно, Жанфэй сайн үгээр тохууруулж тэдгээрийн хаанаас ирснийг асууваас иргэн өчрүүн: “Бид цөм Ханьжун газрын иргэд болой. Өдгөө тосгондоо эгж одсугай хэмээхэд их цэрэг эсэргүүцээд, Ланжунгын их зам хаагдсан тул, өнөө Цансигийн замыг дагаж Зытун Шань уулаар дайран Хуй Зиньчуанийг өнгөрөөд Ханьжунд орж, гэртээ харимуй”. Жанфэй өгүүлрүүн: “Энэ замаар Ва Коугуань боомтод одвоос хол ойр ямар аж?”. Иргэн хэлрүүн: “Зытун Шань уулын бага зам нь мөнхүү Ва Коугуань боомтын ар болой”. Жанфэй ихэд баярлаж эдгээр иргэдийг хүрээндээ аваачаад архи будаагаар дайлж, Вэй Янийг цэрэг авч Ва Коугуань боомтыг байлдахаар од! Би гавшгайлан Зы Туншаньгаар дайрч очоод боомтын хойдыг байлдсугай!” хэмээгээд иргэнээр зам заалган, таван зуун гавшгай цэргийг авч бага замаар одов.

Тэндээс Жанхө туслах цэрэг хүрч ирэхгүйд үймрэн бүхийд хүн ирж хэлрүүн: “Вэй Янь боомтын дор байлдахаар ирэв” хэмээмүй. Жанхө хуяглан өмсөөд “Уулнаас бууж байлдсугай!” хэмээтэл гэнэт хүн ирж мэдүүлрүүн: “Боомтын хойд талд дөрөв таван газар цөм гал гарчээ. Хаанаас ирсэн цэргийг мэдэхгүй” хэмээхэд Жанхө өөрөө цэрэг авч угтаж гарваас туг дэлгэгдсэн газраас Жанфэй гарч ирэх нь үзэгдэв. Жанхө гэлмэж яаран бага замаар дутааваас морь явж болохгүй бөгөөд хойноос Жанфэй нэхэх нь туйлын шахамдуу тул Жанхө морийг гээж замаас гаран ууланд авирч буруулсанд сая оргон гарав.

Хойно дагах ньгагц арваад хүний төдийхөн тул явгалсаар Наньзюньд хүрээд Цаохун лугаа золговоос тэр Жанхөгийн дэргэд гагц арваад хүн үлдсэнийг үзээд ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Би чамайг битгий од хэмээвээс чи харин бичиг бичээд оджээ. Энэ өдөр их цэргийг цөм дуусгаад чи өөрөө үхэлгүй бас ирж яамуй. Үтэр чирч гарган ал!” хэмээсэн хойно, явган цэргийн Сыма түшмэл Гуохуай хориглон: “Олон цэргийг олоход хялбар. Нэгэн жанжныг эрэхэд бэрх, Жанхөд хэдий ял буй гэвч тэр Вэйвангийн их хайртай хүн тул албаас үл зохимуй. Дахин таван мянган цэрэг өгч шууд Зя Мөнгуань боомтыг авахаар илгээж, түүний газар газрын цэргийг хөдөлгөвөөс Ханьжун аяндаа амар түвшин болмуй. Хэрэв гавьяа бүтэхгүй болбоос хоёр ялыг хамт хийсүгэй!” хэмээсэнд Цаохун үгийг дагаж бас таван мянган цэрэг өгч, Жанхөгөөр Зя Мөнгуань боомтыг авахаар илгээхэд тэр тушаалыг хүлээн одов.

Тэндээс Зя Мөнгуань боомтыг сахисан жанжин Мөнда, Хуозюнь нар Жанхөгийн цэрэг ирснийг сонсоод Хуозюнь “Батлан сахьсугай!” хэмээвээс Мөнда “Эрхгүй угтан байлдсугай!” хэмээн цэрэг авч гараад Жанхө лүгээ байлдан ихэд дарагдаж эгсэнд Хуозюнь даруй бичиг хийж яаралтай Чөндү рүү хүргүүлэв. Сюаньдө сонсоод Кунминийг авчирч зөвлөхөд Кунмин олон жанжныг танхимд цуглуулж асууруун: “Өдгөө Зя Мөнгуань боомт ихэд шахам буй тул эрхгүй Ланжунгаас Жан Идөг авчруулбаас сая Жанхөг эгүүлж чадмуй”. Фажөн өгүүлрүүн: “Өдгөө Идө Вакоу Гуаньд цэрэг бууж Ланжуныг сахьжээ. Тэр мөнхүү чухал газар тул хойш авчирч эс болмуй. Цацрын доорхи олон жанжин нарын дотроос нэг хүнийг сонгож, Жанхөг эвдлэхээр илгээсүгэй!”. Кунмин инээж өгүүлрүүн: “Жанхө болбоос Вэй улсын нэрт жанжин, энгийн хүний гүйцэх нь бус. Идөгөөс бусад нь болбоос дийлэхгүй!” хэмээтэл гэнэт нэгэн хүн өндөр дуугаар бархиран гарч өгүүлрүүн: “Цэргийн багш юунд манай олныг ийм хөнгөн үзмүй? Надад хэдий эрдэмгүй боловч Жанхөгийн тэргүүнийг огтлон авчраад тугийн дор өргөхийг хүсмүй”. Олон үзвээс хөгшин жанжин Хуанжун болой. Кунмин өгүүлрүүн: “Ханьшөн29 хэдий баатар хэмээвч өтөлсөн тул Жанхөд тэнцэх нь бус”. Хуанжун сонсоод цагаан үс сөрж босоод өгүүлрүүн: “Би хэдий хөгширсөн боловч хоёр мөрөнд хатуу нумыг татаж ялмуй. Бүх биед мянган жингийн хүч буй тул хэрхин Жанхө мэтийн бэртэгчин эрийг гүйцэхгүй аж”. Кунмин өгүүлрүүн: “Жанжин далан нас шахжээ. Юунд хөгшингүй хэмээмүй?”. Хуанжун мацалхийлэн их алхмаар танхимаас алхаж буугаад, тавиурт хатгасан их дам илдийгавч эргүүлэн хөдөлгөх нь нисэх адил, туурганд өлгөсөнхатуунумыг нэгэн дараагаар хоёрыг татаж хугалав. Кунмин хэлрүүн: “Жанжин одвоос хэнийг дэд жанжин болгомуй?”. Хуанжун өгүүлрүүн: “Хөгшин жанжин Янь Янь над лугаа очвоос болмуй. Хэрэв алдаа осол гарваас урьд би өөрийн энэ цагаан үст тэргүүнийг өргөсүгэй!”. Сюаньдө ихэд баярлан даруй Хуанжун, Янь Янийг зарж Жанхөтэй байлдуулахаар илгээв. Жао Юнь хориглож: “Өдгөө Жанхө биеэр Зя Мөнгуань боомтыг халдахаар ирсэнийг цэргийн багш битгий бага хүүхдийн наадам болгогтун! Хэрвээ Зя Мөнгуанийг алдваас Ижоу түгшүүртэй болмуй. Юунд хоёр хөгшнөөр энэ мэт их дайсныг халхлуулах буй за?”. Кунмин өгүүлрүүн: “Чи энэ хоёр хүнийг хөгшрөөд хэрэг бүтээн чадахгүй хэмээмүй үү? Миний санахад Ханьжунгийн газрыг чухам энэ хоёр хүний гараар олмуй”. Жао Юнь нар цөм инээлдэн эгэв.

29 Хуанжунгийн өргөсөн нэр

Тэндээс Хуанжун, Янь Янь хоёул Зя Мөнгуань боомтод хүрсэн хойно Мөнда, Хуозюнь хоёр ч бас дотроо инээж: “Кунмингийн улируулан хэрэглэх нь баахан ташаарав. Энэ мэт чухал газарт юунд хоёр хөгшнийг илгээмүй?” хэмээв. Хуанжун, Янь Яньгийн зүг өгүүлрүүн: “Олон хүний байдлыг үзвээс бид хоёрыг хөгшрөв хэмээн элэглэнэм бөлгөө. Өдгөө их гавьяа байгуулан олныг бишрүүлсүгэй!”. Янь Янь өгүүлрүүн: “Жанжны захиа зарлигийг сонсохыг хүсмүй” хэмээгээд хоёул зөвлөн тогтож Хуанжун цэргийг авч боомтоос гараад Жанхө лүгээ эсэргүүлэн жагсаасан хойно Жанхө гарч ирээд Хуанжуныг үзэж инээн өгүүлрүүн: “Чи ийм их насанд хүрээд ичгүүрэхийг мэдэхгүй харин байлдахаар ирсэн буюу?” хэмээсэнд Хуанжун хилэгнэж өгүүлрүүн: “Бага хөвгүүн чи намайг хөгшрөв хэмээн доромжилмуй уу? Миний гартаа барьсан эрдэнийн дам илд хөгшрөөгүй!” хэмээгээд морио давхиулан Жанхө лүгээ байлдаж, хорин удаа болсонд гэнэт арын хойно хашхирах дуу гарав. Үзвээс Янь Янь бага замаар Жанхөгийн цэргийн хойд талаас орж ирээд хоёр этгээд хавчин байлдсанд Жанхө ихэд дарагдаж буруулав. Шөнө дөлөөр нэхэхэд Жанхө цэргийг ная ерэн газар эгүүлсэн тул Хуанжун, Янь Янь хоёр цэргээ хурааж хүрээндээ эгээд тус бүр цэрэг гарсангүй. Цаохун, Жанхөгийн дарагдсаныг сонсоод “Давхар ял хийсүгэй!” хэмээхэд Гуохуай өгүүлрүүн: “Жанхө шахамдагдваас эрхгүй Шу улсыг дагамуй. Өдгөө жанжин цэрэг илгээж туслаад сахиваас өөр сэтгэл үүсэхгүй болой” хэмээсэнд Цаохун үгийг дагаж Ся Хоудүньгийн ач Сяхоу Шан жич дагасан жанжин Ханьсюаньгийн дүү Ханьхао хоёулд таван мянган цэрэг өгч туслан байлдахаар илгээсэнд хоёр жанжин даруйхан мордоод Жанхөгийн хүрээнд хүрч хэргийн учрыг асууваас Жанхө өгүүлрүүн: “Хөгшин жанжин Хуанжун ихэд эрэмгий баатрын дээр бас Янь Янь туслан байлдах тул хөнгөлөн басамжилж болохгүй” хэмээсэнд Ханьхао өгүүлрүүн: “Би Чаншад байхдаа хөгшин хулгайгийн хичнээн аймшигтайг мэдмүй. Тэр Вэй Янь лугаа хотыг өргөөд миний ахыг алсан тул өдгөө нэгэнтээ уулзваас эрхгүй хариуг авсугай!” хэмээгээд даруй Сяхоу Шан лугаа хамт шинэ ирсэн цэргийг аваад хүрээнээс гарч одов. Хуанжун язгуураас өдөр бүр сурвалжлуулж асан тул нэгэнтээ зам мөрийг мэджээ. Янь Янь өгүүлрүүн: “Үүнээс очвоос нэгэн уул буй. Нэрийг нь Тяньдан Шаньхэмээмүй. Уулын дунд Цаоцаогийн амуу өвс цуглуулсан газар болой. Хэрвээ тэр орныг олоод түүний амуу өвсийг тасалваас Ханьжун газрыг олж болмуй”. Хуанжун өгүүлрүүн: “Жанжин таны үг чухам миний санаанд нийцжээ. Над лугаа ийм тийм болбоос зохимуй!” хэмээхэд Янь Янь аргыг хүлээн нэг салааны цэрэг авч одов.

Тэндээс Хуанжун, Сяхоу Шан, Ханьхаогийн цэрэг ирснийг сонсоод даруй цэрэг авч хүрээнээс гарсанд Ханьхао жагсаалын өмнө гарч Хуанжунг “Журамгүй хөгшин хулгай!” хэмээн морио ташуурдан, жад өргөн орвоос Сяхоу Шан бас гарч хавчин байлдав. Хуанжун хоёр жанжин лугаа хүчлэн байлдаж арван удаа илүү болоод буруулан дутаажээ. Хоёр жанжин хойноос нь хорин газар илүү нэхэж Хуанжунгийн хүрээг булаан авсанд Хуанжун бас нэгэн хөнгөвтөр хүрээг байгуулав. Жич өдөр Сяхоу Шан, Ханьхао нар нэхсээр ирсэнд Хуанжун жагсаалаас гараад хэдэн удаа байлдсан хойно бас буруулав. Хоёр жанжин бас хорин газар илүү нэхэж Хуанжунгийн хүрээг эзлэн Жанхөг дуудаж “Хойд хүрээг сахь!” хэмээхэд Жанхө өмнө хүрээнд ирж хориглон өгүүлрүүн: “Хуанжун нэгэн дараагаар хоёр өдөр буруулсан нь түүнд эрхгүй хуурах арга буй” хэмээвээс Сяхоу Шан, Жанхөг зандарч өгүүлрүүн: “Чиний цөс энэ мэт бага тул удаа дараа дарагдсанд мэдэж болмуй. Өдгөө битгий дахин олон өгүүл! Манай хоёулын гавьяа байгуулахыг үзэгтүн!” хэмээхэд Жанхө ичингүйрч эгэв.

Жич өдөр бас хоёр жанжин байлдахаар ирсэнд Хуанжун бас хорин газар буруулав. Хоёр жанжин дагалцаж нэхэв. Жич өдөр хоёр жанжин цэрэг авч гарахад Хуанжун салхины аяыг үзэж буруулаад нэгэн дараагаар хэдэн зэрэг дарагдаж шууд боомтод орсонд хоёр жанжин боомтын ойр хүрээ буужээ. Хуанжун боомтыг бэхлэн сахиж гарч ирэхгүй бүхийд Мөнда сэмээр бичиг хийж Сюаньдөд мэдүүлэн илгээсэн нь: “Хуанжун нэгэн дараагаар хэдэн удаа дарагдаад өдгөө боомтод буруулан оров” хэмээсэнд Сюаньдө яаран Кунмингаас хэрхихийг асууваас Кунмин өгүүлрүүн: “Энэ хөгшин жанжны цэргийг өдөөх арга болой” гэхэд Жао Юнь нар бас итгэхгүй тул Сюаньдө, Люфэнг зарж Хуанжунд туслуулахаар илгээв. Хуанжун Люфэн лүгээ учраад асууруун: “Бага жанжин туслахаар ирсэн нь ямар санаа болой?”. Люфэн өгүүлрүүн: “Эцэг маань жанжин таны хэд хэдэн удаа дарагдсаныг сонсоод тийнхүү намайг туслуулахаар илгээв” хэмээжээ. Хуанжун инээж өгүүлрүүн: “Энэ хөгшин миний дайсныг өдөөх арга болой. Чи энэ шөнө хэрхихийг үзэгтүн! Нэгэнтээ байлдваас олон хүрээг дуусган эгүүлж түүний амуу өвсийг булаан авах болно. Энэ нь хүрээг зээлэн өгч түүнд цэргийн хэрэгслийг хураан тавиулах нь болой. Энэ шөнө Хуозюнийг үлдээж боомтыг сахиулсугай! Мөнда жанжин надад амуу өвсийг зөөж олзны морийг хураан авахад тусалсугай! Харин залуу жанжин чи миний дайсныг эвдлэхийг үз!” хэмээв.

Тэр шөнийн дэд жинд Хуанжун таван мянган цэрэг аваад хаалгыг нээж гарав. Үзвээс Сяхоу Шан, Ханьхао хоёр жанжин Хуанжуныг хэдэн өдөр болтол боомтоос гарч ирэхгүй тул цөм залхууран удаалиг болсонд Хуанжун хүрээг эвдэн шууд орсон тул хүн хуяг өмсөн, моринд эмээл тохож завдсангүй. Хоёр жанжин тус бүр оргон яваад цэрэг морь харилцан гишгэлцэж үхсэнийг нь тоолбоос барахгүй. Гэгээртэл залгаагаар гурван хүрээг цөм булаан авч хүрээний дотор үлдсэн цэргийн зэвсэг эмээлт морийг Мөнда дуусган хурааж боомтод зөөн оруулав. Хуанжун цэрэг морийг шавдуулан “Хойноос дагалцан нэхсүгэй!” гэхүл Люфэн өгүүлрүүн: “Цэрэг цөм цөхжээ. Түр амруулбаас зохимуй”. Хуанжун өгүүлрүүн: “Барсын үүрт орохгүй болбоос бамбарыг нь хэрхин баримуй?” хэмээж морио ташуурдан урагшлахад цэргийн ард цөм шаламгайлан орсон тул Жанхөгийн цэрэг гэдрэг өөрийн дарагдсан цэрэгт түрэгдэж зогсон чадахгүй хойш явахдаа байгуулсан хүрээг цөм гээцгээжээ. Шууд Ханьшүй усны хөвөөнд хүрч Жанхө Сяхоу Шан, Ханьхаог эрж олоод зөвдөж өгүүлрүүн: “Энэ Тяньдан Шаньуул хэмээгч амуу өвс хураасан газар бөгөөд Ми Цаншань ууланд нийлжээ. Тэр бас ч амуу өвс цуглуулсан газар тул Ханьжун газрын цэргийн амийг тэжээх үндэс болой. Хэрэв энэ газарт осол алдагдал гарваас Ханьжун үгүй болмуй”. Сяхоу Шан өгүүлрүүн: “Мицан Шань уулыг миний авга эцэг Ся Хоу Юань цэрэг хуваан сахиж ахуу бөгөөд тэр газар дин Зюньшань ууланд залгалдах тул зовох газаргүй болой. Тяньдан Шань уулыг миний ах Ся Хоудө сахиж буй. Бид эрэхээр одож тэр уулыг бэхлэн сахисугай!” хэмээсэн хойно Жанхө хоёр жанжин лугаа шөнө дөлөөр Тяньдан Шаньууланд одож, Ся Хоудө лүгээ золгоод урьдын үйлийг хэлбээс Ся Хоудө өгүүлрүүн: “Миний энд арван түмэн цэрэг буй тул чи авч яваад дахин уг хүрээг буцаан авагтун!” хэмээв. Жанхө өгүүлрүүн: “Гагц батлан сахихаас бус дэмий хөнгөнөөр хөдөлбөөс болохгүй” хэмээтэл гэнэт сонсвоос уулын өмнө харанга хэнгэргийн дуу ихэд түрчигнэн хүн ирж хэлрүүн: “Хуанжунгийн цэрэг хүрч ирэв” хэмээмүй, Ся Хоудө өгүүлрүүн: “Хөгшин хулгай цэргийн аргыг мэдэхгүй гагц баатартаа итгэжээ”. Жанхө өгүүлрүүн: “Хуанжунд бодлого буй. Баатрын төдийхөн бус”. Ся Хоудө өгүүлрүүн: “Сычуаньгийн цэрэг хол газраас ирээд цөм ядарч зүдсэний дээр дайсны хязгаарт гүн орж ирсэн нь бодлогогүйн учир болой”. Жанхө өгүүлрүүн: “Гэвч хөнгөлөн байлдаж үл болмуй. Түр батлан сахихад хүрэхгүй” хэмээсэнд Ханьхао хэлрүүн: “Дуртайяа гурван мянган шилсэн цэрэг зээлэн гарч байлдваас үл дийлэх нь үгүй” хэмээсэнд Ся Хоудө, Ханьхаод цэрэг салган өгч уулнаас буулгав. Хуанжун цэрэг жагсааж угтахаар ирэхэд Люфэн хориглож: “Нар шингэх шахав. Цэрэг бас хол газраас ирээд цөм цөхсөн тул түр баахан амруулсугай!”. Хуанжун инээн өгүүлрүүн: “Тийм бус. Энэ тэнгэрээс хүртээсэн их гавьяа тул авахгүй болбоос тэнгэрээс сөрсөн болой” хэмээгээд даруй хэнгэрэг дэлдэж хашхиран орсон хойно, Ханьхао цэрэг авч угтан байлдахад, Хуанжун дам илд өргөж ганц нэгэн удаа халз тулалдахын төдийд Ханьхаог цавчин мориноос унагаав.

Шу улсын цэрэг ихэд хашхиралдан уул өөд алж ирэхэд Жанхө, Сяхоу Шан нар яаран цэрэг авч угтахад, гэнэт уулын хойтод хашхирах дуу ихэд сонсогдож галын гэрэл тэнгэрт тулаад тэнгэрийн дор тэр аяараа ув улаан болжээ. Ся Хоудө цэрэг авч галыг сөнөөхөөр ирвээс төвхийтэл хөгшин жанжин Янь Янь лугаа учирсанд Янь Янь дам илдийг өргөмөгц Ся Хоудөг цавчин мориноос унагаав. Хуанжун урьдаас Янь Янийг зарж уулын заваад бүгүүлж байсан ажгуу. Хуанжунгийн цэрэг хүрч ирмэгц гал тавьж овоолсон өвсийг ноцоосонд галын нөлд уулын зав цөм гэрэлтжээ. Янь Янь Ся Хоудөг алаад уулын хойдоос байлдахаар ирсэнд Жанхө, Сяхоу Шан нар өмнө хойдыг хамгаалан чадахгүй болоод аргагүй, Тяньдан Шаньуулыг гээж, Дин Зюньшань уулын зүг Сяхоу Юанийг эрэхээр одов. Хуанжун, Янь Янь хоёр Тянь даншанийг олоод Чөндүд сэтгүүл довтолгов. Сюаньдө сонсоод ихэд баярлаж олон жанжныг цуглуулан “Баярласугай!” хэмээхэд Фажөн өгүүлрүүн: “Урьд өдөр Цаоцао Жанлүг дагуулан Ханьжунг тогтоогоод энэ дийлсэн хүчинд Ба, Шуг авсангүй. Харин Сяхоу Юань Жанхө хоёр жанжныг үлдээн сахиулаад өөрөө их цэргийг авч хойш эгсэн нь энэ тухайг алдсан болой. Өдгөө Жанхө шинэ дарагдаж Тяньдан Шаньуулыг алдсан тул эзэн гүн хэрвээ энэ цагт тохиолдуулан их цэргийг авч биеэр одож байлдваас Ханьжунгийн газар тогтмуй. Ханьжунг нэгэнтээ тогтоосон хойно цэргийг боловсруулан амуу өвсийг ихэд цуглуулаад, түүний чөлөөг үзэж давшваас хулгайг эвдлэх буюу эсвээс сахиж болох бус уу? Энэ нь тэнгэрийн өгсөн цаг тул алдваас болохгүй болой” хэмээв.

Түүнээс Сюаньдө, Кунмин хоёр энэ шүүмжлэлийг цөм сайшааж даруй цааз зарлан Жао Юнь, Жанфэйг гавшгай болгож Сюаньдө Кунмин лүгээ арван түмэн цэргийг аваад “Өдөр сонгож Ханьжунийг дайлахаар мордмуй!” хэмээн газар газарт бичиг тархаан ухуулж “Чангалан сахь!” хэмээв. Тэр цаг болбоос амгалан байгуулагчийн хорин гуравдугаар оны намрын тэргүүн сарын сайн өдөр, Сюаньдөгийн их цэрэг Зя Мөнгуань боомтоос гарч хүрээ буугаад Хуанжун, Янь Янь нарыг хүрээнд дуудан ирүүлээд хоёр жанжныг ихэд шагнасан хойно Сюаньдө өгүүлрүүн: “Хүмүүс цөм жанжныг хөгширөв хэмээн хэлэлцмүй. Гагц цэргийн багш чиний чадлыг мэдэх тул өдгөө үнэхээр их гавьяа байгуулав. Өдгөө Ханьжунгийн Дин Зюньшань уул болбоос Наньзюнь хошууны хайгуул бөгөөд амуу өвсийг цуглуулсан газар болох тул хэрвээ Дин Зюньшань уулыг олбоос Яньпиньгийн нэгэн замд зовох явдалгүй болмуй. Жанжин чи бас Дин Зюньшань уулыг авахаар очих зүрх буй уу?” гэхэд Хуанжун гэхэлзэн гарч ирээд “Даруй цэрэг авч урьдаар одсугай!” хэмээхэд Кунмин яаран зогсоож өгүүлрүүн: “Хөгшин жанжин хэдий баатар идэрхэг боловч Сяхоу Юанийг Жанхө лүгээ адилтгаж үл болмуй. Сяхоу Юань арга бодлогод гүн нэвтрээд цэрэг хэрэглэхэд маш боловсронгуй тул Цаоцао түүнд итгэж Силян газарт хайгуул болгожээ. Урьд нь Чан Аньд цэрэг бууж Ма Мөнцигөөр халхлуулсан бөгөөд өдгөө бас Ханьжунд цэрэг буулгав. Цаоцао бусад хүнээр сахиулахгүй гагц Сяхоу Юаньд найдсан нь Сяхоу Юаньд жанжны эрдэм чадал бүхийн тулд болой. Өдгөө жанжин хэдий Жанхөг дийлсэн боловч Сяхоу Юанийг дийлж чадах нь бус. Би нэгэн хүнийг санаж олоод Зинжоу мужид илгээн түр Гуань жанжныг төлөөчлүүлэн авчирсанд сая эсэргүүцэж болмуй”. Хуанжун өгүүлрүүн: “Эртний Ляньпо30 наян насанд хүрсэн боловч басхүү нэгэн суулга амуу, арван жин мах идэх тул мужийн эзэн түүний баатарт эмээн аймшиггүй Жоу улсын зах хязгаарыг халдсан нь үгүй атал Хуанжун бас далан насанд хүрээгүйг юун өгүүлнэм? Цэргийн багш намайг хөгшин хэмээвээс би туслах жанжин хэрэглэхгүй гагц миний харъяат гурван мянган цэргийг аван одож Сяхоу Юанийг зогсоогоор алаад, тэргүүнийг тугийн дор өргөсүгэй!” хэмээхэд Кунмин ямагт “Болохгүй!” хэмээвээс Хуанжун нэгэн амиар “Одсугай!” хэмээмүй. Кунмин өгүүлрүүн: “Жанжин эрхгүй одсугай хэмээвээс би нэгэн хүнийг Зяньзюнь түшмэл болгон хамт явуулбаас ямар буй?” хэмээжээ. Энэ чухамхүү:

“Жанжныг зарахад эрхгүй өрнүүлэх арга хэрэглэх хэрэгтэй

Залуу нас нь гэдрэг хөгширсөн хүнд хүрэхгүй”

Эгнэгт тэр хүн хэн болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top