Ц.Дорждэрэм: Хайр дутсан хүүхэд хуруугаа хөхөж, хумсаа мэрэх нь элбэг

2022 оны 04 сарын 18

Хүүхдийн сэтгэл зүйн асуудалд эцэг эхчүүд харилцаа, хүмүүжил болон нийгмийн хандлага чухал нөлөө үзүүлдэг. Сэтгэл зүйн асуудалтай байгаа хүүхдэд зуршилт эмгэг үйл илэрдэг байна. Энэ байдал нь ямар шалтгаантай хийгээд аав, ээжүүд нь анхаарахгүй улмаар даамжруулах нь ямар хор нөлөөтэй талаар сэтгэл судлаач Ц.Дорждэрэмтэй ярилцлаа. Тэрбээр АНУ-ийн Wake Forest University сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгсөж, Герман улсад хүүхдийн сэтгэл судлалаар ажиллаж байсан туршлагатай юм.



-Хүүхдийн сэтгэл зүй ямар үе шаттай байдаг вэ. Эцэг эхчүүд нас насны онцлогт нь тохируулж харилцах хэрэгтэй шүү дээ?

-Эрдэмтэд хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг нас наснаас нь хамаарч үндсэн таван үе шатад хуваасан байдаг. Нярайн үе, бага нас, зугаацаж наадах нас, сургуулийн нас, шилжилтийн үе гэж авч үздэг. Хүүхэд эхээс төрсөн цагаас эхлээд гэр бүлийнх нь хайр халамж, орчин тойрноо мэдрэх гээд бүхий л ертөнцтэй танилцах үе шаттай. Нялх үеэс нь хүүхдийг тэвэрч, түүн рүү инээж, бүүвэйлж, түүнтэй ярилцах нь хамгийн чухал.

Нярай хүүхдийн бас нэг чухал зүйл бол итгэл бөгөөд энэ нь  нялх хүүхдийн хөгжлийн үндсэн хэрэгцээ гэж ойлгож болно. Ээж нь хүүхдэдээ хэдий чинээ хайр энэрлийг мэдрүүлнэ төдий чинээ өөрийгөө хайрлах, аюулгүй амар тайван, таатай орчинд байгаагаа мэдэрч итгэл төрдөг. Хүүхэд ээжийнхээ халуун дулаан тайван уур амьсгал, хайрлан энхрийлж, өхөөрдсөн дуу авиа, хэл яриагаар аюулгүй амар тайвныг мэдрэх ба өөрийгөө үнэ цэнтэй хүн хэмээх мэдрэмж тухайн хүүхдэд суудаг байна.

Ээж нь хүүхдээ нялх байхад нь урт удаан хугацаагаар орхин явбал хүүхдэд энэ нь үлэмж хүндээр тусч, өөрийгөө ээжийнхээ харилцаагаар төлөөлүүлэн мэдрэх  барилдлагын үйл явц алдагдан өөрийнхөө тухай төсөөллийг алддаг. Үүнийг нарсистик хэв шинж гэдэг. Нялх насандаа  итгэл найдварын буюу хайр энхрийлэл, халуун дулаан тогтвортой харилцааны  хэрэгцээ нь хангагдаагүй хүн өөрийн тухай төсөөллөө олж чаддаггүй.

Үүнийг “Би саатал” буюу өөрийгөө алдсан,  өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хүн гэдэг. Үүний үр дагавар нь насанд хүрсэн хойноо бусдын анхаарлыг татах, өөрийгөө бусдаас дээгүүр тавих, хэт төгс төгөлдөрт тэмүүлэх, бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ер бусын онцгой хүний дүрд тоглох, хий мөрөөдөх, эсвэл хэн нэгэнд хэт их хайр халамж үзүүлэх, төдий чинээ бусдаас хайр халамж хүсэх гэх мэт зан үйлээр илэрдэг. Тэгэхээр хүүхдийг бүр нялх багаас нь хайраар дутаахгүй өсгөх шаардлагатай. Энэ нь  бие хүн болон төлөвшихөд нөлөөлөх бусад шинж чанаруудыг эзэмшихэд үндэс суурь нь болж өгдөг. Үл хайхарсан, айсан, хайрлуулаагүй, гадуурхагдсан мэдрэмж авч өссөн хүүхэд өөртөө болон бусад хүнд итгэх итгэлгүй болдог.  Энэ нь нийгмийн харилцаанд орох үед олон саад бэрхшээл үүсгэдэг сөрөг талтай.

-Хүүхэд хуруугаа хөхөх, хумсаа мэрэх зэрэг эмгэг зуршилтай болчихсон байдаг. Энэ нь хайр дутагдсанаас болж үүссэн гэж үзэж болох уу?

-Хүүхэд ураг байх үе болон дөнгөж төрсөн цагаасаа л танин мэдэхүй, сэтгэл зүйн хувьд дээрх таван үе шатыг туулдаг бөгөөд тухайн насандаа юу мэдэрч, ойлгосноороо эрүүл сэтгэл зүйтэй, бие хүн болох эсэх нь шалтгаалдаг.  Сэтгэцийн эмгэг, өөрчлөлтүүдийн ихэнх нь хүүхэд насанд үүсдэг. Хүүхдэд ораль буюу хөхөх хэрэгцээ гэж бий.

Ораль шат гэдэг нь хүүхэд төрсөн үеэс эхлэн 18 сар хүртэлх үеийг хамарна. Хүүхдийн ертөнцтэй харьцах зөн билэгт таашаал авах цорын ганц суваг нь ээж байдаг. 

Хүүхэд хоол тэжээлээ эхийн хөхөөр болон угжаар авдаг шүү дээ. Хөхөх хэрэгцээ нь хүүхдэд тун тааламжтай, тайван, итгэлтэй байх мэдрэмжийг  төрүүлдэг. Ийм учраас уруул хэл болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдийнхээ хамтаар амны хөндий нь бүхэлдээ хүүхдийн идэвхи, сонирхлын гол төв болж байдаг.

Багадаа хөхөх хэрэгцээ нь хэвийн хангагдаагүй байдал нь өөрийгөө ээжээсээ ялгаж салгаж ойлгож мэдрэх хөгжлийн явцад саатал бий болж, цаашид эхийн хайрыг хүсэгч, ямар ч үнээр хамаагүй таашаал авах, орчиндоо дасан зохицох байдал нь итгэмтгий, идэвхгүй, хашир суугаагүй, хэт хамааралтай байдлаар илэрдэг. Хөхөх хэрэгцээ нь хангагдаагүй буюу хатуухан хэлэхэд хайр дутагдсан хүүхэд таны хэлсэнчлэн хумсаа мэрэх, хуруугаа хөхөх зэрэг эмгэг  үйлийн зуршилтай болчихдог.

-Эцэг эхчүүд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ ямар ур чадвар, мэдрэмжүүдийг нь хөгжүүлэх, юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Хүүхэд хөхөө санаж уйлахад нь гэнэт огцом дуугаар аашилж зандрах, гар хүрэх зэрэгт хүүхдийн сэтгэл зүйд цочрол өгч өөрийгөө гологдмол, шоовдорлогдсон мэт мэдрэмжийг үүрд үлдээж мэдэх юм. Тиймээс хүүхдээ тэвэрч тайтгаруулах, энхрийлэх эрхлүүлэх хэрэгтэй. Ялангуяа мөөмнөөсөө гараагүй байхад нь дүүтэй болсон жаалуудад энэ эмгэг зуршил илрэх хандлагатай. Өөрийгөө гологдсон мэдрэмж авч байна шүү дээ. Энэ  мэдрэмж нь стресс болж өөрийгөө хазах, өөрийгөө шимэх, хана мөргөх, хамар чих рүүгээ юм чихэх, өндөр зүйл дээр гарч доошоогоо харах зэрэг эмгэг үйл хийж эхэлдэг.

Өндөр зүйл дээр гарч доошоогоо харах гэдэг чинь амиа хорлох үйлдэлтэй төстэй сэдэл гэсэн үг л дээ. Үүнийгээ хүүхэд мэддэггүй.  Цэцэрлэгт хүүхэд хаздаг жаалууд байдаг шүү дээ. Энэ нь эргэн тойрныхондоо ч хортой үйлдэл мөн. Ийм эмгэг үйл анзаарсан бол аль болох мартуулах, гадуур хамт зугаалах, хамт тоглох, дуртай зүйлийг нь хийлгэх зэргээр арга хэмжээ авч болдог. Хүүхэд гэдэг юмыг амархан мартдаг шүү дээ.

Хүүхдээ дуртай цагт нь  хөхүүлж, идэж уух, шээж баах, тоглож наадах  зэргээр нь хангаж өгөхгүй, хориглох нь  сэтгэл зүйн хөгжлийн хувьд тахир дутуу хүн мэт болгодог. Өөрөөр хэлбэл эдгээр эрх нь зөрчигдөж, хязгаарлагдмал байдалд өссөн хүүхэд бусдын үгнээс гардаггүй, ичимтгий, эргэлзэж тээнэгэлзсэн, сул дорой зан төлөвтэй болдог.  Тиймээс энэ насанд хүүхдээ өөрийнх нь дураар чөлөөтэй байлгаж, хорьж цагдахгүйгээр өсгөх нь биеэ даасан, шийдвэр гаргах чадвартай, өөрийн гэсэн бодолтой, бусдын эрхшээлд ордоггүй болж төлөвшихөд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа гурваас таван насанд  идэвх санаачилга,  захирагдсан байдал хэрхэн төлөвших суурь тавигддаг.  Эхийн сүүгээр бойжоогүй, эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, халамж муу, хэрүүл маргаан, айдас түгшилттэй орчинд амьдрах зэрэг нь хүүхдийн өөртөө итгэлгүй байдал, хүний итгэл даах чадваргүй, хүнд итгэхгүй байх хандлагыг бий болгоход нөлөөлдөг гэж үздэг.

Хүүхдийн үндсэн хэрэгцээ нь тоглоом тоглох бөгөөд тоглоомоор дамжуулан ертөнцийг таньж мэддэг.  Тоглоом тоглож байхдаа хэр идэвхтэй эсвэл идэвхгүй  байдлаар хандаж байгаагаас шалтгаалан санаачлагч байх уу эсвэл захирагдсан хүн болох эсэх нь шалтгаалдаг. Захирагдсан зан төлөв нь өөрийгөө дорд үзэх, голох, өөрийгөө буруутай гэж мэдрэх, хүлцэнгүй байх зэрэг бие хүний сөрөг шинж чанарууд үүсэх суурь болдог.

Харин сургуулийн нас буюу зургаагаас 12 насанд хүүхэд өмнө тавигдсан санаачлагч эсвэл захирагдсан зан төлөвтэй болох эсэх нь үргэлжлэн хөгжиж байдаг.  Идэвх санаачлагатай байх нь хөдөлмөрч зан чанараар илэрч, ажил хийх дур сонирхол, хүсэл эрмэлзэл өндөртэй, тууштай, цөхрөлтгүй оролдлого хийдэг эерэг чанарууд үүсч төлөвшихөд нөлөөлдөг. Шилшилтийн нас буюу хямралын насанд хүүхэд нас дуусаж, бие даасан том хүний амьдралд хөл тавихтай холбоотой гүнзгий хямрал үүснэ.

Ер нь эцэг, эхчүүдийн хувьд хамгийн хэцүү үе нь энэ хямралын үе юм. Энэ асуудлыг тусад нь авч үзэж ярих нь тохиромжтой байх.

-Бас хүүхэд орондоо шээх, бие засъя гэдгээ илэрхийлэхгүй байх зэрэг нь сэтгэл зүйн асуудалтай холбоотой юу?

-Хүүхэд орондоо шээх эмгэг нь янз бүрийн шалтгаантай байдаг. Тухайлбал, өв тэгш бус хүмүүжил буюу хойд аав, хойд ээж, хамаатны ах, эгч гэх мэт төрсөн эцэг, эхээс бусад хүний гар дээр өсөж, хүмүүжих нь хүүхдийг дотогшоо, түгжигдмэл, ганцаардмал, гутранги үзэлтэй болгодог. Мөн хэрүүл маргаантай, хүчирхийлэлтэй, архины хамааралтай гэр бүлийн орчинд өсөж хүмүүжих нь хүүхдийг айдас түгшилттэй болгож хар бага насны таагүй дурсамжийг бий болгодог.

Энэ нь хүүхэд орондоо шээх, баах эмгэгтэй болоход,  нөлөөлөх нэг  хүчин зүйл болдог. Хүүхдийг орондоо шээхэд нь буруутгаж, шийтгэвэл ямар үр дагаварт хүрч болох вэ гэхээр хүүхдийг улам дотогшоо, нуугдмал, өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ дотроо нуух хандлагатай болгодог ба сэтгэл хөдлөл мэдрэмжээ ил  гаргасан үедээ уурлаж бухимдах, хахир хатуу, ширүүн зан гаргах байдлаар илэрхийлэх нь их байдаг. Улмаар том болоод худлаа ярих, хулгай хийх, гадуур дэмий тэнэх гэх мэт төрх үйлийн эмгэгт хүргэж болдог. Хэрэв таны хүүхэд гурваас дээш насанд орондоо болон өмдөндөө шээж, бааж байвал эмгэг гэж үзэх учир эмчид хандах хэрэгтэй.

-Саяхан үсээ идэх эмгэг зуршилтай хүүхдэд мэс засал хийхэд 1.5 кг үс гарсан шүү дээ. Энэ нь мөн л ораль хэрэгцээ дутагдсан гэж ойлгож болох уу эсвэл...

-Зуршилт эмгэг үүсэх гол шалтгаан нь хүүхэд сэтгэл түгшилт, гутрал, айдас зэрэг сэтгэлийн сөрөг мэдрэмж үүсэхээр түүнээс зайлсхийж, өөрийгөө тайвшруулах байдлаар хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, үсээ зулгаах, үсээ идэх шинжээр илэрдэг.  Энгийн үгээр хэлвэл бага насны хүүхэд нийгмийн болон гадаад хүчин зүйлээс шалтгаалж стресст өртөхөөрөө үүнийгээ өөрт таагүй байгаагаа  том хүн шиг шууд хэлж мэдэхгүй учир биеийн үйлдлийн шинж тэмдгээр илэрхийлж гаргаж байгаа хэлбэр. Үүнийг  эцэг эхчүүд анхаарахгүй орхиж болохгүй.

Эцэг, эхийн хайр халамж дутагдах эсвэл буруу хүмүүжил олгох, хэт хатуу гараар хүмүүжүүлэх зэрэг нь стресс үүсгэдэг. Мөн өөрийн эрхгүй ийм үйлдэл хийгээд байгаа хүүхдийг буруутгаж, шийтгэж болохгүй. Эцэг, эхчүүдийн гол анхаарах зүйл нь ямар үед хүүхэд нь зуршилт эмгэгийг хийх байгааг нь ажиглаад түүнийг нь олж тогтоох хэрэгтэй. Стресс үүсгээд байгаа энэ үед нь яаж стрессээ даван туулж, түгшүүрээ зөв тайлах вэ гэдэг зөв арга замыг суулгах ёстой. Хүүхдийн хийх дуртай зүйлийг нь хийх. Зураг зурах дуртай бол зуруулж, хөгжим сонсгож, хүүхэдтэйгээ тоглож, гадуур алхах гэдэг ч юм уу таагүй үед түүнийгээ даван туулах  өөр арга замуудад сургах хэрэгтэй гэдгийг дахин хэлье.

-Бага наснаасаа сэтгэл зүйн бухимдалтай өсчихсөн хүүхэд ирээдүйд ямар хор хохиролтой хүн болох вэ?

-Хүүхдийн наснаас үл хамааран гэрийн тэжээмэл амьтан үхэж, хайртай хүн нь нас барах,  эцэг эх нь салж, хэн нэгэн бэртэж гэмтэх, айлд үрчлэгдэх, шинэ орчинд шилжих, тахир дутуу болох зэрэг нь хүүхдийн сэтгэл зүйд гэмтэл учруулдаг. Мөн хүүхэд хэн нэгнээс сайн үлгэр дуурайл аваагүй бол бие хүний тодорхойгүй байдал төлөвшдөг.  Тодорхойгүй байдалд орсон хүүхэд нийгэм, сэтгэл зүйн дараагийн хөгжлийн үе шатуудад шилжихэд саад тотгортой учирдаг. Мөн сэтгэцийн гажуудал үүсэх, сэтгэл зүйн хөгжлийн өмнөх шат руу ухрах зэрэг сөрөг талтай.

Хүүхдийн хүмүүжил, зан чанар, сэтгэл зүйн хувьд эрүүл байх, эсвэл асуудалтай байх гол эх үүсвэр нь эцэг эх юм. Аав ээж нь хүүхдэдээ би чамтай хамт, би чиний талд шүү гэдгээ үргэлж харуулах нь маш чухал. Хүүхдээ сонсож ойлгох хэрэгтэй. Хүүхдийнхээ хэрэгцээг зөв тодорхойлж, зөвхөн эдлэл, хэрэглэл, хоол хүнсээр хангах бус сэтгэл зүйн хувьд хэн болж төлөвшихөд анхаарах хэрэгтэй юм. Стресст өртсөн хүүхдүүд ямар нэгэн шалтгаанаар худлаа ярих нь бий. Мөн хар дарж зүүдлэх, хурдан ядрах, цээж, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах, амьсгал давчдах зэрэг шинж ч илэрч  болдог.

Зарим хүүхдүүдийн зан авир нь бусдыг үл тоомсорлож, сурлагадаа муудах, хичээлээ таслах ч тохиолдол илэрнэ. Том болоод архи тамхи хэрэглэх, мансууруулах бодист донтох, өөрийгөө гэмтээх, цаашлаад амиа хорлох сэдэл төрөх зэрэг сөрөг үр дагавартай. Насанд хүрэхдээ бие сэтгэлд үүсэж тогтсон хөөрлөө ямар нэгэн юманд донтох, архи тамхинд татагдах, бусдыг болон өөрийгөө хүчирхийлэн шийтгэх  шалтгаан  болж болзошгүй юм. Тиймээс хүүхдийг багаас нь эвлэгхэн, зөөлхөн хүмүүжүүлж, өөртөө итгэлтэй, хайраар дутаахгүй өсгөх нь хамгийн чухал.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
итгэлмэнд(202.126.88.202) 2022 оны 04 сарын 20

Баярлалаа

0  |  0
Hongorzul Genden(66.181.184.241) 2022 оны 04 сарын 19

Bayarlalaa

0  |  0
Top