Х.Гантулга: Нийслэлд дахин шинэчлэх шаардлагатай 340 барилга байна

2022 оны 03 сарын 28

Нийслэлийн хэмжээнд барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 01-нээс албан ёсоор эхэлнэ. Уг асуудалтай холбоотойгоор НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгаас тодруулга авлаа.


-Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны байдлаар хэдэн барилга, байгууламж шинээр баригдаж байгаа вэ?

-Энэ оны эхний гурван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 331 барилга угсралтын ажил явагдаж байгаа гэсэн дүн мэдээ гарсан. Уг тоон мэдээнд дурдагдсан барилгуудын ихэнх нь 2021 онд барилгын ажил нь эхэлсэн байгаа.

-Эдгээр барилга байгууламжаас хэдэн зөрчил илэрсэн бэ. Зөрчил илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хяналт шалгалтын хүрээнд 28 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зөрчил илэрсэн. Эдгээр аж ахуйн нэгжүүд дунд барилга угсралтын ажлын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тохиолдол ч илэрсэн. Үүн дээр МХЕГ-ын улсын байцаагч нар хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж, прокурорын байгууллагад албан даалгавар өгч, одоогийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоосон байна.

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хотод зургаагаас дээш давхар барилга нэмж барихгүй хэмээн мэдэгдсэн. Энэ ажлын хүрээнд танайд ямар чиглэл өгсөн бэ?

-Ерөнхийдөө тус ажил бүсчлэлийн дагуу явагдах учиртай. Тус шийдвэр хотын бүх хэсгүүдэд хэрэгжихгүй. Жишээлбэл, Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх төвийн бүсэд зургаагаас дээш давхар барилга нэмж барихыг хориглосон. Энэ талаар нийс­лэлийн Засаг даргаас бүх харьяа байгууллагууддаа, тэр дундаа МХЕГ болон Хотын стандарт орчны аюулгүй байдлын газарт үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд бид дээрх асуудал дээр хяналт шалгалттай уялдуулж ажиллаж байгаа.

-Улаанбаатар хотыг газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэдэг. Газар хөдлөлтийн 8-9 баллын чичирхийлэлд тэсвэртэй барилга барихад ямар стандартыг мөрддөг вэ?

-Улаанбаатар хотод дээд тал нь газар хөдлөлтийн есөн баллд тэсвэрлэхээр барилга барих горим бий. Газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг тухайн барилга барих, зураг төслийг хийхдээ тусгаж өгдөг. Тухайн байгууламж “Газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх үү” гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэн дээр судалдаг. Хот байгуулалт хөгжлийн газрын барилгын хяналт аюулгүй байдлын хэлтэс мэргэжлийн багаж төхөөрөмжөөр хэмжилт хийж үзүүлэлтүүдийг гаргадаг. Үүний үндсэн дээр тухайн барилгын зураг төсөлд нь тусгай зөвшөөрөл олгодог.

-Хотод байгаа барилгуудын хэд орчим нь газар хөдлөлтөд тэсвэртэй гэж үнэлэгдсэн бол?

-Улаанбаатар хот нийт 470 мянган га газар нутагтай. Үүнээс 27 мянга гаруй га талбай нь барилгажсан байдаг. Мөн хоттой ойрхон Хустай, Эмээлт, Гүнжийн ам зэрэг газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд байрладаг. Бид 2006-2021 оны байдлаар нийслэлийн хэмжээнд орон сууц, олон нийтийн зориулалттай 5422 барилгад шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ төлөвлөгдөөгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, цаашид дахин шинэчлэх шаардлагатай  340 барилга байгааг тогтоосон. Үүн дотор 1970 оноос өмнө ашиглалтад орсон, цаашид газар хөдлөлтөд тэсвэргүй болон ашиглалтын шаардлага хангахгүй 208 орон сууц байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 41, цэцэрлэгийн 30, таван эмнэлэг, 13 их сургуулийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон.

-Барилгын материалын чанарт тавигдах шаардлага гэж бий юу?

-Улсын хилээр импортын барилгын материал орж ирсэн цагаас эхлэн шат шатны байгууллагууд хяналт шалгалтыг нарийн хийдэг байх ёстой. Одоогийн байдлаар НМХГ-т Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэс, барилгын материалын чанарын байцаагч байхгүй. Харин МХЕГ-т хоёр улсын байцаагч бий. Тиймээс нийслэлийн хэмжээнд барилгын материалын чанарт хяналт шалгалт хийхэд учир дутагдалтай байна. Хил гааль дээр бид хяналт сайн тавих ёстой нь мэдээж хэрэг.

Мөн холбогдох материалын шинжилгээг хийдэг лабораторийн төхөөрөмжүүдийг байрлуулах хэрэгтэй байгаа. Өмнө нь хил дээр МХЕГ-ын баг шалгалт хийж байсан. Тус бүрэлдэхүүнд Хилийн мэргэжлийн хяналтын алба болон байцаагч нар ажилладаг. Гүний гаалийн газарт Улаанбаатар хотод орж ирснийх нь дараа ч хянадаг байсан. Энэ хяналт алдагдсанаас болоод барилгын материалын чанарт тавих хяналт суларч байгаа тал бий. Тухайн аж ахуйн нэгжүүд  мөн барилгын материалыг хилээр оруулж ирэхээсээ өмнө сайн судлах хэрэгтэй байна. Хүний биед сөрөг нөлөөтэй, галын аюулыг тэсвэрлэх чадвартай эсэх асуудлыг судлах ёстой. Мөн хилээр оруулж ирж байгаа бараа материалд Стандарт хэмжил зүйн газар тохирлын гэрчилгээ олгодог.

-Сүүлд хоёр ч удаа баригдаж байсан барилга шатлаа. Галын хяналт шалгалтын дүн мэдээ гарсан уу?

-Тухайн гал гарсан барилгын үндсэн хийц болох бетон, төмөр хийц галаас үүссэн ха­луун хэмд уярч, зөөлөрсөн бай­­сан. Тиймээс цаашид ту­хайн барилгын төмөр хийц хэвийн түвшинд байж чадахгүй болсныг тогтоосон. Мөн бид тухайн барилгын захиалагчид нь дахин нарийн шинжилгээ хийж, тооцоо судалгаа гаргасны дараа ашиглах боломжгүй гэсэн дүг­нэлт гарвал үйл ажиллагаагаа зог­соох ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн.

-Сүүлийн үед цахилгаан шатны аюулгүй байдал алдагдсан, эвдрэл гэмтэл ихэссэн талаарх мэдээлэл цацагдах боллоо. Тухайн барилгыг Улсын комисс хүлээж авсан гэх боловч эвдэрхий, чанарын шаардлага хангахгүй цахилгаан шаттай байна шүү дээ. Энэ тал дээр хяналт, шалгалтын ажлыг хэр хийдэг вэ. Хэчнээн зөрчил байгааг хэлэх боломжтой юу?

-Үүн дээр ихэвчлэн ашиг­лалттай холбоотой зөрчил гарч байна. Түүнээс биш зүгээр бай­сан цахилгаан шат гэнэт эвдэрчихнэ гэж байхгүй. Тухайн орон сууцын барилгын цахилгаан шаттай холбоотой ашиглалтыг СӨХ хариуцах ёстой. Өдөр тутмын үйл ажиллагаандаа цахил­гаан шатны аюулгүй бай­дал, ашиглалтыг хянаж улмаар мэргэжлийн хянах байгууллагын цахилгаан шат хариуцсан эрх бүхий компанитай гэрээ хийж засвар үйлчилгээг хийж, зарим нэг технологийг шинэчлэх ёстой байдаг. Энэхүү үүргээ СӨХ-нууд дутуу гүйцэтгэж байгаагаас үүдэж алдаа дутагдал гарч байна.

-Ашиглалтад ороод хэдхэн сар болсон барилгуудын хана, таазанд цууралт үүсэх боллоо гэсэн шүүмжлэл их байна. Энэ асуудал юунаас болж үүсээд байна вэ?

-Барилгын цууралтын хувьд үндсэн хийц буюу бүтээц дээр үүсэх тохиолдол байхгүй. Ихэвч­лэн хялгасан цууралт үүсч байна. Энэ нь цэвэр шавардлагын ажилтай холбоотой юм. Барилга барихад шавардлагын технологи алдагдах, хүйтэн үед хийх, орц нормыг буруу тохируулах зэргээс үүдэн ийм алдаа гардаг. Барилгын үндсэн бетон, блок, төмөр хийцэд эвдрэл гэмтэл гарсан асуудал маш ховор байдаг. Харин хуучин барилгуудын хувьд ашиглалтын хугацаа дууссан гэдэг утгаар ан цав гардаг. Мөн барилга байгууламжийн материал агаар нэвтрүүлж бас гадагшлуулна. Дотор нь байрлах хүмүүсийн хөл хөдөлгөөн гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөгөөр элэгдэж мууддаг. Тэр асуудлаас болж эвдрэл гэмтэл, зөрчил гарах асуудал бий.

-Шинээр баригдаж буй барилгад явцын шалгалт хийдэг үү. Эсвэл баригдаж дууссаных нь дараа Улсын комисс хүлээн авахтай зэрэгцэн хянадаг уу. Энэ тал дээр хэрхэн ажилладаг вэ?

-Энэхүү асуудалд барилгын салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, тухайн барилгыг захиалсан компани, хувь иргэн, туслан гүйцэтгэгч компаниудыг мэргэшүүлэх мөрдөх хууль журмаа сайн мэддэг болгох тал дээр ажиллах хэрэгтэй. Эдгээр хүмүүс өөрсдийн үйлдэхүй болон эс үйлдэхүйгээс болон хууль дүрмээ сайн мэдэхгүйн улмаас зөрчил гаргах тохиолдол бий. Барилгын тухай хуульд зааснаар тухайн барилга байгууламжийг захиалан бариулж буй иргэн, хуулийн этгээд өдөр бүр хяналт тавих үүрэгтэй. Мөн барилгын гүйцэтгэлийг хийж буй компани өдөр тутамдаа техникийн, хөдөлмөрийн болон орчны аюулгүй байдлын хяналт хийх ёстой юм. Хүмүүс бодохдоо тухайн компани зөвшөөрөл аваад ямар ч үүрэг гүйцэтгэхгүйгээр барилга барьчихлаа л гэсэн байр суурьтай байдаг. МХЕГ өдөр шөнөгүй алхам бүрийг нь хянах ёстой мэт ойлголттой байх нь бий.

Харин тухайн барилгыг захиалсан байгууллага, хувь хүн барилга барих талаар ойлголтгүй бол хуульд заасанчлан мэргэжлийн зөвлөх компанид хандах хэрэгтэй. Үүнээс гадна тухайн барилгын зураг төслийг гаргасан байгууллага инженерээ төлөөлүүлэн өдөр тутмын үйл явцыг хянаж, гаргасан зургийн дагуу болж буй эсэхийг шалгах ёстой байдаг. Харин хангагч байгууллагууд буюу нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар гэх газрууд дараагийн шатны хяналтыг хийдэг. Хамгийн сүүлд хөндлөнгийн ажиглалтыг Мэргэжлийн хяналтын байгуул­лага хийдэг.

Засгийн газраас гаргасан цар тахалтай холбоотой журмын дагуу бид аж ахуйн нэгжүүдийг жил бүр хянах бус аль болохоор өөрсдийнх нь дотоод хяналтыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж зөвлөмж хүргэж байгаа. Тухайн барилга баригдаж ид баригдаж байгаа үед МХЕГ төлөвлөгөөнд тусгагдсан хугацааны дагуу хяналт шал­галтыг хийдэг. Харин сүүлийн үед төлөвлөгөөт шалгалтын тоо буурч зарим тохиолдолд зог­сонги байдалд орсон учир иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хяналт хийж байгаа юм. Мөн зарим тохиолдолд өөрсдөө төлөвлөгөөт хяналт, шалгалтын аж­лыг урьдчилан сэргийлэх зорил­гоор зохион байгуулж байна.

-Иргэдийн гомдлыг хэр их хүлээж авдаг вэ. Хэдий хэр хэм­жээний гомдол ирснээс хам­гийн түгээмэл шинжтэй нь ямар асуудлын талаар байдаг бол?

-Бид иргэдийн гомдлыг тусгай утсаараа 24 цаг хүлээн авдаг. Ирсэн гомдлыг бүртгэн, хүлээн авч тухайн чиглэлийг хариуцсан улсын байцаагч нар газар дээр нь очиж шийдвэрлэдэг. Мөн өргөдөл гомдол бүрд заавал хариуг нь эргүүлэн өгдөг.  Манай байгууллагад жилдээ 12-15 мянга орчим өргөдөл, гомдол илэрхийлсэн дуудлага ирдэг. Энэ бол нэлээд өндөр тоо гэж үзэж байгаа. Дээрх гомдлын 50-60 хувь нь дэд бүтцийн хэлтэст ирдэг.

Түүн дотор барилга байгууламжтай холбоотой өргөдөл гомдол 40-50 хувийг эзэлж байна. Улаанбаатар хот тэлж, барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр энэ талаарх өргөдөл, гомдол ихсэх хандлага бий. Бидний сүүлийн 4-5 жилд хэрэгжүүлсэн туршлагаар зөрчилтэй хэмээн гомдол ирүүлсэн газарт очоод торгож шийтгэхээс аль болох зайлсхийсэн арга хэрэглэж байгаа. Ингэхдээ хугацаатай үүрэг өгөх, сануулга өгөх арга хэмжээ түлхүү авдаг. Харин заасан хугацаанд тухайн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байвал хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр арга байдаггүй.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top